МАН-ын дарга У.Хүрэлсүх: Би мөрийн хөтөлбөрөө шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулсан

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос өнөөдөр авлаа. 

 

У.Хүрэлсүх : “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарынхаа сонгуулийн ажилд өндөр амжилт, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье. Энэ сонгуулийг монголчууд төдийгүй дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс энэхүү сонгуулийг маргаан, будилаангүй, ил тод, шударга, нээлттэй явуулахыг уриалж байна. Мөн цар тахлын хүнд хэцүү цагт аль болох зардал хэмнэж, бага өртгөөр явуулах хэрэгтэй. Үүнийг бусад намаас нэр дэвшигч нар ч уриалсан. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн. Тиймээс хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарна. Нэн ялангуяа хараат бус хууль хяналт, шүүхийн тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарч ажиллана. Хүн биш хууль засагладаг төр улстай болох ёстой. Хоёрдугаарт, хүний эрх эрхчөлөө, ардчилсан тогтолцоо, эрхзүйт төрөө бэхжүүлэхэд анхаарна. Монголчуудын үнэт зүйл, ололт амжилтын нэг бол парламентын засаглал. Хүний эрх эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн зах зээлийн эдийн засагтай нийгмийг хамгаалах, боловсронгуй болгохын төлөө ажиллах болно МАН-ын эсхүл АН-ын Монгол гэж байхгүй. Бид нэг л эх оронтой. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс нь эв нэгдэл. Тиймээс эв нэгдлийг сахих нь Ерөнхийлөгчийн тэргүүний ажил юм. Гуравдугаарт, байгалийн баялагтаа Монгол хүн эзэн байх ёстой. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын нэг бол хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газар, орд баялгаа төрдөө авах ажлыг хийсэн. Байгалийн баялаг бол хэн нэгний бүтээсэн зүйл биш бурханы хишиг тул Монголын иргэн бүр ижил тэнцүү хүртээх ёстой. Тиймээс Баялгийн сан байгуулж, бүтээн байгуулалтын ажил хийх, иргэддээ ногдол ашгийг нь хүртээхийн төлөө ажиллах ёстой гэж үзэж байна. Дараагийн асуудал бол мэдээж гадаад харилцаа. Монгол Улсын Ардын хувьсгалын 100 жил, НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байгаа. Тиймээс НҮБ болон олон улсын тавцанд Монгол Улсын байр суурь, нэр хүндийг улам баталгаажуулахын төлөө ажиллана. Эцэст нь хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг бий болгох ёстой. Үүнд 4-12 жилийн хугацаа шаардлагатай гэж бодож байна. Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийг баталсан. Ирэх 30 жилийн хөгжлийн зураг юм. Тиймээс хүчирхэг Монгол Улсыг байгуулахын тулд Засгийн газар, УИХ-тай хамтран эдийн засгийг сэргээх, цар тахлыг хохирол багатай даван туулахын тулд бүхий л талаар дэмжих болно. Би мөрийн хөтөлбөрөө шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулсан. Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсны хувьд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг маш сайн мэдэрч байгаа. Дотоод болон гадаад асуудлаа ч сайн мэднэ. Тиймээс энэ мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050”, Үндсэн хуульд нийсэн” гэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх