Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас энэ сарын 17-ны өдөр ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам”-ын дагуу хяналт хийх арга зүйн чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтнүүд болон орон нутгийн ЭМД-ын хэлтсийн 60 гаруй мэргэжилтнүүд хамрагджээ.
Өнгөрсөн оны 8-р сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн олон чухал хууль, тогтоомжийг баталж хэрэгжүүлж эхэлсэн.
Тухайлбал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа стратегийн худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Энэ хүрээнд ЭМДЕГ-ын тусламж, үйлчилгээний хяналтын бүтэц, үйл ажиллагаа, арга хэрэгслийг тодорхойлон үе шаттай тогтолцоог нэвтрүүлэх шаардлага тулгарч Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журмыг боловсруулан ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор баталсан юм.
ЭМДЕГ-аас шинээр батлан, хэрэгжүүлж байгаа эдгээр журам, тогтоолуудын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагч, мэргэжилтнүүдэд төрөл бүрийн сургалт, мэдээллийн ажлыг тогтмол явуулж чадавхжуулахад анхааран ажиллаж байна.
Эх сурвалж: ЭМДЕГ
|