Баянголчууд сургууль, цэцэрлэгийн хашаагаа ногоон болгосон дүүрэг болно

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл цэвэр  эко орчинг бүрдүүлэхэд айл өрх, иргэн бүр мод тарьж, ногоон орчинг бүрдүүлэх нь чухал болоод буй. Тэгвэл Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Жишиг ногоон дүүрэг” уриан дор дүүргийнхээ бүх сургууль цэцэрлэгийн хашаанд мод тарьж, зүлэгжүүлэх орчны газрыг тохижуулах захирамжийг гаргасан юм. Энэхүү захирамжийн хүрээнд өнөөдөр “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн хашаанд мод тарих, зүлэгжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг дарга, дүүргийн удирдлагуудаас гадна, сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

19 СУРГУУЛЬ, 36 ЦЭЦЭРЛЭГИЙН ХАШААГ ҮЕ ШАТТАЙГААР НОГООН БОЛГОХ ТӨЛӨВЛӨЛТ БЭЛЭН БОЛСОН

Арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Мод тарина, арчилна, ургуулна гэдэг амархан ажил биш гэдгийг одоо бүгд мэддэг болсон. Нийтийн эзэмшлийн талбайд мод тарьсны дараа арчлалт хийгдэхгүй орхигддог тул сургууль, цэцэрлэгийн хашаанд мод тарих нь арчлах эзэнтэй учир илүү үр дүнтэй юм. Иймээс дүүргийнхээ боловсролын салбарынхантай хамтарч “Жишиг ногоон дүүрэг” болно гэсэн зорилтыг тавьсан. Үүний хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хашаагаа ногоон болгосон дүүрэг болно. Ер нь хүүхэд, сурагч, багш, төгсөгч гээд хүн хүч хамгийн ихтэй газар бол боловсролын салбар юм байна. Та бүхэн төгсөгчдөө уриалаад мод тарьцгаая гэвэл бүгд дэмжинэ. Гол нь тарьсан модыг нь арчилж, ургуулах нь чухал. Иймээс тарьсан ногоон байгууламжийг ургуулах ажил дээр манай сургуулийн багш, удирдлагууд хүч боломжоо ашиглаад дэмжээд өгөөрэй. Бид ч бас та бүхнийг бүх талаар нь дэмжих болно. Энэ жил ковид гээд онцгой нөхцөл байдлын үе тохиож байна. Мэргэжлийн байгууллагуудаас судалгаа хийхэд сургууль, цэцэрлэгийн насныхан хамгийн их стресст өртсөн. Сургуульдаа очиж ангийхантайгаа, багш нартайгаа уулзмаар байна гэсэн байсан. Иймээс хүүхдүүдийг ирэх намар сургуулиа зориод ирэх үед нь бүгдээрээ хамтдаа хичээгээд гадна, дотно орчноо сайхан ногоон болгож тохижуулсан байя.

Мөн дүүргийн удирдлагууд салбар яамтай хамтраад цэцэрлэг, сургуулийн дээвэр засвар болон дулаалгын ажлыг хийнэ. Зураг төслөө ч хүргүүлсэн. Төлөвлөсөн ажлууд маань хийгдчихвэл ирэх намар хүүхдүүдээ сайхан орчинд хүлээж авна. Иймээс бүгдээрээ шат шатандаа хичээе.  Мөн цаашдаа энэ санал, санаачилгаа уламжлал болгож жилийн бүрийн хавар, намар том тарих ажлыг үргэлжлүүлнэ. Үр дүнг нь хамтдаа харах болно” гэсэн юм.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 26,000 МКВ ТАЛБАЙД НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Түүнчлэн “Баянгол-Агропарк” ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов “Бид гурван удаагийн судалгаа хийсний үр дүнд дүүргийн хэмжээнд 26,000 мкв талбайд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ жил 3000 мкв талбайд нийтээр нь зүлэгжүүлж мод тарьж байна. Уг ажлаа сургууль, цэцэрлэгүүдээсээ эхлэе гээд өнөөдөр энэ ажилдаа орлоо. Ирэх 2022 онд 9000 мкв талбай, 2023 онд 15,000 мкв талбайг зүлэгжүүлж дуусая хэмээн ажиллаж байна. Энэ удаагийн мод тарих арга хэмжээ бол хоёр үе шаттай явагдана. Өнөөдөр, маргааш модоо тариад дуусна. Ирэх зургаадугаар сарын 10-20-ны өдрүүдэд зүлгээ тарина. Ингээд ирэх аравдугаар сарын 01-ний өдөр хийсэн ажлынхаа үр дүнг харах болно. Мэргэжлийн байгууллагын зүгээс “Баянгол-Агропарк” ОНӨТҮГ болон дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс арга зүй болон бүх хэлбэрээр туслалцаа үзүүлнэ. Та бүхэн хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

ЭЦЭГ ЭХЧҮҮД СУРГУУЛИЙНХАА ОРЧНЫГ ТОХИЖУУЛАХ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн захирал Б.Наранбаатар “Мод тарих үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нар болон хүрэлцэн ирсэн зочиддоо энэ өдрийн мэндийг хүргэе. Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн орчинд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, ногоон бүс болгох, сурагчдад экологийн боловсрол олгох, бодлогын хүрээнд “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн удирдлагууд, багш ажилчдын санаачилгаар ногоон байгууламжийн төслийг боловсруулж, эцэг эхчүүдийн хөдөлмөр, оролцоонд тулгуурлан уг ажлыг хийгээд дуусч байна. Цар тахлаас хамааран боловсролын байгууллага цахимаар сургалтын үйл ажиллагаагаа явууулж байна. Гэсэн хэдий ч Монголын хойч ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө бид бүхэн, эцэг эхчүүд сургуулийнхаа орчныг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Мөн манай сургуулийн урд байрлах, 7, 8 жил шийдэгдээгүй байсан барилгын хур хогийг манай багш, ажилчид 10 хоног цэвэрлэж, 20 гаруй тонн хур хогийг ачуулсан. Ирэх намар гэхэд сургуулийн ойр орчноо эрсдэлгүй аюулгүй орчныг бий болгож, ногоон байгууламж бүхий орчныг бүрдүүлсэн байх болно. Мөн дүүргээс гаргасан бодлого, шийдвэрийг дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Баянгол дүүрэг нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хашааг иргэдэд нээлттэй болгосонтой холбогдуулан суралцагч хүүхэд, ажилтан албан хаагч, иргэдийн чөлөөт цаг, амрах ая тухтай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, байнгын арчилгаатай байх үүднээс 13, 47, 70, 78, 96 дугаар сургууль, 11, 15, 47, 57, 88, 94, 96, 114, 198, 278 дугаар цэцэрлэгийн хашаанд 450 мод тарих, 3000 м2 орчны газрыг зүлэгжүүлнэ. Энэ арга хэмжээг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс, Баянгол-Агропарк ОНӨТҮГ, Албан бус-Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулах юм.

Ташрамд мэдээлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосны дагуу 22 дахь удаагийн мод тарих арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулж буй юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх