Эмэгтэйчүүд эзгүйрсэн хөдөө

  • 0
  • 124
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

“Охиноо хот хүрээ бараадуулна. Эмэгтэй хүн хөдөө хөхөрч, гадаа гандаад хэрэггүй. Харин эр хүн мал дагаад буруудахгүй ээ. Хүүгээ малчин болгоно. Эгчийнхээ өвлийн идшийг дөхүүлээд, өөрөө “гэдэс алдахгүй” байвал барав” гэж олон жил мал малласан хашир малчин хуучилж сууна.

Хүүгээ удам залгах малчин болгож, охиноо хүнд хөдөлмөрөөс хөндий байлгахыг хүссэн дээрх хандлага аль ч аймаг, аль ч суманд бичигдээгүй хууль мэт “төлөвшөөд” багагүй хугацаа өнгөрлөө.

Эр хүн малаа маллаж, ээж, аавдаа тус дэм болоод, эмэгтэй нь хот хүрээ бараадаж, боловсрол эзэмших нь зөв үзэл мэт боловч үүний улмаас орон нутагт гэрлэх насны эмэгтэйчүүд ховордож, гоонь эрчүүд олшрох болжээ.

Гэрлэх насны нэг малчин эмэгтэйд хоёр эрэгтэй ногдохоор байна

2019 оны байдлаар Монгол Улсад 285482 малчин бүртгэгдсэний 58 хувь нь эрэгтэй, 41 хувь нь эмэгтэй байна. Үүнээс харахад, хүйсийн хувьд эрэгтэйчүүд давамгайлж байгаа юм. Гэхдээ нийт малчдын 30 гаруй хувь нь гэрлэх насных бөгөөд тэдний 68.8 хувь нь эрэгтэй, 30.2 хувь нь эмэгтэй байна.

Гэрлэх насны нэг малчин эмэгтэйд хоёр малчин эрэгтэй ногдохоор байгаа юм. Энэ нь цус ойртох, гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх, эмэгтэйчүүдийг богтлох, хижээл насны гоонь эрчүүд элбэгших зэрэг олон сөрөг үр дагавар бий болгож байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд залуу малчдын тоо буурч, малчдын залгамж халаа багасах эрсдэлтэй байгаа бөгөөд идэр насны малчдын дундах хүйсийн харьцаа зөрүү ихтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга”-д дурджээ.

Тавдугаар ангиасаа мал маллаж буй 26 настай Т.Идэр

Би айлын том хүү. Гурван эмэгтэй дүүтэй. Аав, ээж маань хүүдээ боловсрол эзэмшүүлнэ гэж их зүтгэсэн. Улмаар 2017 онд МУИС- ийг “Эдийн засагч” мэргэжлээр төгссөн. Гэвч төгсөөд нэг сар ч ажил хийлгүй, дөрвөн жил мал маллаж байна. Аав, ээж минь нас өндөр болсон болохоор хань, бүл дутна. Гурван дүүгээ сургууль, соёлд нь явуулах хэрэгтэй. Тиймээс надад ямар ч сонголт байгаагүй. Уг нь нутгийнхаа охинтой үерхдэг байсан ч би хөдөө, тэр хотод байдаг болохоор аргагүй эрхэнд салсан. Орон нутагт гэрлээгүй эмэгтэй тун цөөхөн. Залуу эмэгтэйчүүдийн ихэнх нь аймаг, хотод ажиллаж, амьдардаг. Тэд ажил, сургуулиа орхиод мал, маллаад малчинтай амьдрах бодолгүй байдаг. Бид аав, ээж, мал ахуйгаа орхиод хот хүрээ орж, тэдэнтэй амьдрах боломжгүй. Тиймээс хөдөө гэрлэх насны ганц бие залуус улам л олширч байна.

Дээд боловсрол дахь хүйсийн тэнцвэргүй байдал

Эцэг, эхчүүдийн дунд хүйсээр ялгаварлан боловсрол эзэмшүүлэх хандлага түгээмэл байдаг. “Эмэгтэй хүн боловсрол эзэмшиж, оюунаараа амь зуух хэрэгтэй. Эр хүн байшин, барилга барьж, шавар, шохой зуураад ч болов амьдарчихдаг” гэх үзэл нь боловсролтой эмэгтэйчүүдийн шаардлагад эрчүүд нийцэхгүйд хүргэж байна. Улмаар ажил, кареартаа анхаарсан, ганц бие бүсгүйчүүд элбэгшиж, монгол эрчүүдийн хандлага, боловсролд шүүмжтэй хандах бүсгүйчүүд улам бүр олширлоо.

Бүх шатны боловсролын байгууллагын тооноос харахад, бага болон дунд ангид эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоо тэнцүүхэн байдаг бол ахлах ангид эмэгтэй хүүхдийн тоо хөвгүүдийнхээс илүү болдог аж. Харин их, дээд сургуульд энэ ялгаа улам гүнзгийрдэг. 2019 оны байдлаар бакалаврт 47 мянга гаруй эрэгтэй, 71 мянга гаруй эмэгтэй оюутан суралцаж байна. Харин магистрантурт суралцаж буй хүмүүсийн 66 хувь нь эмэгтэй, 33 хувь нь эрэгтэй байна. Энэ ялгаа 2000 оноос эхтэй бөгөөд 2002 оноос хойш дээд боловсрол эзэмшиж байгаа иргэдийн талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

"Боловсролд хүйс хамаагүй" төслийн багийн гишүүн Ц.Энхцэцэг

Боловсролын бүхий л зэргээр суралцагчдын дотор эрчүүдийн эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс бага байгаа бөгөөд хүйсийн тэнцвэргүй байдал нь жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь “Эмэгтэй хүүхдээ л боловсролтой болгох нь чухал” гэсэн нийгмийн хэвшмэл ойлголттой холбоотой. Мөн хөвгүүд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд мал маллах, уул уурхайд ажиллах зэргээр шууд хөдөлмөр эрхэлдэг нь нөлөөлж байна. Дээд боловсрол дахь хүйсийн тэнцвэргүй байдал нь нийгэм, эдийн засаг болон гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс боловсрол дахь хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд охид, хөвгүүдэд тэгш боломж олгох нь зүйтэй.

Орон нутагт гэр бүл салалт элбэгшиж байна

Хүний эрхийн үндэсний комиссоос малчин эмэгтэйчүүдийн дунд явуулсан 2019 оны судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 3.6 хувь нь гэрлэлтээ цуцлуулжээ. Гэр бүл цуцлуулах нэг шалтгаан нь боловсролын ялгаа. Хоёрдугаарт, хүүхэд сургуульд орсноор гэр бүлийн тогтвортой байдал алдагддаг байна. Тодруулбал, эхнэр нь дээд боловсролтой учир төрийн албанд ажиллаж, нөхөр нь малаа маллах шаардлага тулгардаг байна. Мөн хүүхэд нь сургуульд орсноос эхнэр нь хүүхдээ сургах зорилгоор аймаг, сумын төвд амьдрах тохиолдол элбэг. Ийнхүү хоёр талд амьдарснаар гэр бүлийн тогтворгүй байдал бий болж, салалтад нөлөөлдөг байна. Нөхрөөсөө салсан эмэгтэйчүүд хот, аймаг руу шилжин суурьших тохиолдол ч элбэг. Уг нь сургуулийн дотуур байранд хүүхдээ байлгах боломжтой ч малчин эмэгтэйчүүд хүнд ажлаас зугтааж, төв суурин бараадах сонирхолтой байдаг талаар тус судалгааны бүлгийн ярилцлагад орсон хүмүүс онцолжээ. 

Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн алба хаагч

Олон жил орон нутагт амьдарсны хувьд хэлэхэд сүүлийн үед боловсролын системээс шалтгаалж гэр бүл салах боллоо. Зургаан настай хүүхдээ сургуульд оруулна, тэрнээс өмнө цэцэрлэгт явуулна гэх шалтгаанаар хөдөөгийн залуучууд сумын төвд их ирдэг. Ингээд эрэгтэйчүүд гэр бүлээ тэжээж, мал ахуйгаа эрхлэх үндсэн ажил нь болохоор хөдөө амьдардаг. Энэ хугацаанд бие биеэсээ хөндийрч, эрчүүд нь өөр айлын эхнэр, охинтой уулзах явдал мэр сэр гарна. Сумын төвд, олны дунд ороод ирсэн эмэгтэйчүүд онц хийсэн ажилгүй, баар цэнгээний газраар явж, мал ахуйгаасаа хөндийрснөөр залуу гэр бүл хоорондоо тааламжгүй болоод салж байна.

(Хүний эрхийн үндэсний комиссоос малчин эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгааны бүлгийн ярилцлагын үеэр ярьжээ)

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 470

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх