ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын "What3words” компанитай хамтран ажиллах "Санамж бичиг”-ийг байгуулан ажиллаж байна. Энэ нь өөрийн хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Цагдаагийн байгууллага энэхүү "3 үгт хаяг”-ийг энэ сарын 08-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн ба гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэхэд дэмжлэг болж байгааг онцолж байна. Тухайлбал: Энэ сарын 09-ний өдрийн 15:10 цагт тус төвийн "105” тусгай дугаарын утсанд "Зайсангаас Богд уулын Түшээ гүн оргил руу 3 настай, 11 настай хоёр хүүхдээ дагуулаад өглөө 09 цагийн үед гараад, төөрчихлөө. Модон дунд 6 цаг орчим явчихлаа, хүүхдүүд маань айгаад, өлсөөд уйлаад байна, туслаарай...” гэх дуудлага ирсэн. Дээрх төөрсөн иргэний байршлыг "3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар тодорхойлж, утсаар газарчлан олж, "Нүхт”-ийн ам руу буулгажээ.