Минж тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол болж байна

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Минж тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол болж байна

 

 

Манай улс 2012 оноос Туул голын сав газрын экологийн нөхцөлийг сэргээх зорилгоор минж нутагшуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 57 минжийг Туул голын эх болон түүний цутгал Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа юм.

Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Минж үржүүлэх төвд өнөөдрийн байдлаар 44 минж байгаагаас найман бүл хээл авч, тэдгээрээс хоёр нь дөрөв ихэрлээд байна. Харин тавдугаар сарын 10-даар тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо. Энэ нь нэн ховор тохиолдол бөгөөд идэш, тэжээл, амьдрах орчин, нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн гэдгийг минж маллагч Т.Ганзориг хэлж байна.

Дөнгөж төрсөн дүдрийн биеийн жин дунджаар 540-670 грамм байдаг бол тав ихэрлэсэн дүдрүүд 540-570 грамм гарчээ. Минж амьдрах орчноо өөрөө бүрдүүлдэг, маш цэвэрч амьтан тул идэш, тэжээлийн тал дээр чухал анхаарал хандуулж, Биологийн хүрээлэнгийн судалгаанд тулгуурлан, алим, лууван болон чихрийн манжин, улаан буудай зэрэг тэжээлээр өдөрт зургаан удаа хооллодог байна. Минж нутагшуулах үржүүлгийн байрны температурыг өвлийн цагт +8 хэмээс буулгахгүй байх, зуны цагт салхи авахуулахгүй, нарны хэт туяа оруулахгүй зэрэг нарийн арчилгаа хэрэгтэй байдаг аж.

Цаашид Минж үржүүлэх төвийн үйл ажиллагааг тэлж, 30 га газарт Экологийн төв байгуулах зорилт тавин ажиллаж байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр онцоллоо. Байгальд нутагшуулсан минжний нутагшлын байдал, үр дүнд хяналт тавих, мониторинг судалгаа хийх нь маш чухал тул Нийслэлийн Байгаль орчны газар судлаачидтай хамтран ажилласаар иржээ.

Эх сурвалж : НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх