Баянгол дүүргийн хүүхдүүд өнөөдөр дүүргийн удирдлагуудтай "Оролцоод хөгжье” уриан дор цахимаар чууллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, ГБХЗХХ-ийн дарга Б.Даваажаргал нар дүүргийнхээ хүүхдүүдтэй ЦАХИМААР чуулж үзэл бодлыг сонсож, ярилцахын зэрэгцээ ирэх дөрвөн жилд дүүргийн хэмжээнд хүүхдүүд рүү чиглэсэн ямар бүтээн байгуулалт, бодлогын ажил хийх талаараа товч мэдээлэл өгсөн юм.
Баянгол "ХҮҮХДЭЭ СОНСДОГ ӨДӨР”-тэй болно
"Оролцоод хөгжье” цахим чуулганыг нээж Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар үг хэлсэн. Тэрбээр "Энэ удаагийн чуулга уулзалт их онцлогтой цаг үед болж байна. Цар тахал гарахаас өмнө бид нүүр нүүрээ хараад уулзаж, ярилцдаг байсан бол энэ удаад цахимаар уулзаж, та бүгдийнхээ санал бодлыг сонсож байна. Баянгол бол хүн амынхаа тоогоор нийслэлдээ гуравдугаарт ордог. Нийт хүн амынх нь 38.9 хувийг 0-19, 50.2 хувийг 20-49 насныхан эзэлдэг залуучуудын дүүрэг. Энэ ч утгаараа дүүргийн удирдлагууд ирэх дөрвөн жилийн хөгжлийн төлөвлөгөөг батлахдаа "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ДҮҮРЭГ” болгоно гэсэн зорилт тавьсан. Хэдийгээр Ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоосон ч энэ цаг үеийг ашиглан, "Баянгол-Хүүхэд хэрэглэгч” уриан дор дүүргийнхээ нутаг дэвсгэрт байх нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль цэцэрлэгийн орчны эрсдэлийг бууруулах, илэрсэн зөрчлийг арилгахаар ажиллаж байна. Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөрдүүлж, эвдрэл гэмтлийг засах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, ил задгай цахилгааны утас, таггүй ус дулааны худгийг таглах гээд хүүхдүүдийнхээ аюулгүй амьдрахад чиглэсэн бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинг аюулгүй, ногоон бүс болгоно. Удахгүй цар тахал хумигдаж, хүүхдүүд та бүхэн хичээл сургуульдаа очиход ногоон байгууламжтай цэвэр цэмцгэр орчин Та бүхнийг угтана. Түүнчлэн хүүхдүүдийнхээ сурч боловсрох, хөгжих эрхээр хангахын тулд дүүргийнхээ нутаг дэвсгэрт байдаг томоохон хороолол тодруулбал, "Голден парк”, "Алтай” хотхон, "Эрин” болон "Нарны хороолол”-д цэцэрлэг, сургууль барих, газрын асуудлыг нь яаралтай шийдвэрлэхээр шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Хүүхдүүд рүү чиглэсэн бас нэг томоохон ажил нь энэ онд 850 хүүхдийн багтаамжтай дөрвөн цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Энэ жилдээ эхний ээлжинд 15 цэцэрлэгийн тоглоомын талбай, хашаа хайсыг шинэчилж засна. Зарим цэцэрлэг, сургуулийн дээврийг засна. Түүнчлэн өнгөрсөн оны сүүлээр гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал эрхийг хамгаалах хүрээнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах тэднийг тайвшруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор "Түр хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан” хэмээсэн юм.
Мөн энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн манай дүүрэг Хүүхдүүдээ сонсдог тусгай өдөртэй болно гээд энэхүү чуулганы дараа хүүхдүүдээс ирсэн бүх санал хүсэлтийг багцалж цаашид хийх ажлын төлөвлөгөөндөө тусгана гэдгийг онцолж байв.
Томчууд хүүхдээ ойлгодог болмоор байна
Үүний дараа цахим чуулганд оролцож буй хүүхдүүд илтгэл тавьж, үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ үеэр хүүхдүүд "Биднийг хөгжихөд ар гэрийнхнээс гадна сургуулийн орчин, багш нарын дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Тухайлбал, тэргэнцэртэй хүүхэд сургуульдаа ирлээ гэхэд анги танхимдаа орох зам нь аюулгүй байх ёстой. Захын дүүрэгт, гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүд цахим хичээлээ хийхэд нь ямар нэг бэрхшээл тулгарахгүй байх ёстой. Хүүхдэд бүрийн суралцах боломжийг тэгш хангаж, сургууль цэцэрлэг хүртээмжтэй байгаасай. Энэ бүгд ганц Баянгол дүүргийн биш бүх хүүхдэд тулгардаг асуудал юм шүү. Холбогдох албаны хүмүүс хүүхдийн төлөө шийдвэрийг гаргахдаа тэдний дуу хоолойг сонсох, хүүхдийн оролцоог дэмждэг байгаасай гэж байв.
Баянгол дүүргийн Хүүхдийн элчээр Соёлын тэргүүний ажилтан Б.Барслхагва сонгогдлоо
Цахим чуулганы үеэр Баянгол дүүргийн хүүхдүүд өөрсдийн элч төлөөлөгчөө сонгосоныг батламжилсан. Тодруулбал, "Фантастик” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Барслхагва Баянгол дүүргийн Хүүхдийн элчээр сонгогдож, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатараас БАТЛАМЖАА гардаж авсан юм. Тэрбээр "Намайг өөрсдийнхөө Элч болгож сонгосон Баянгол дүүргийн хүүхдүүддээ маш их баярлалаа. Та бүхний санал бодлыг сонслоо. Хүүхдүүд ганц өөрийнхөө биш бусдынхаа зөрчигдөж байгаа эрхийн төлөө, нэг нэгнийхээ сайн сайхны төлөө үгээ хэлж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа. Та бүхэн томчуудад, багш нартаа хэлж чадахгүй байгаа зүйлсээ надад хэлж байгаарай. Та бүхний элчийн хувьд дуу хоолойг чинь холбогдох хүмүүст нь хүргэхийн төлөө хичээх болно. Мөн хүүхдүүдийнхээ үзэл бодлыг хүндэтгэж, сонсож байгаа дүүргийнхээ удирдлагуудад баярлалаа” гэсэн юм.
Түүнчлэн Цахим чуулганы үеэр УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх амжилтад хүрсэн түүхээсээ хуваалцсан. Тэрбээр БГД-ийн унаган хүүхэд гээд "Хүүхэд бүр өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ удаагийн чуулган "Оролцоод хөгжье” уриатай байна. Тэгвэл би хүүхдүүддээ "Оролдоод хөгжөөрэй" хэмээн уриалж байна. Хүүхэд хичээгээд, оролдоод л, мэрийгээд л байвал заавал амжилтад хүрнэ. Мөн жүжигчин болох хүсэлтэй хүүхэд байвал надттай холбогдоорой" гэсэн юм
Сургууль, цэцэрлэгийн орчинг ногоон байгууламжтай болгоно
Цахим уулзалтын үеэр БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хүүхдүүдийг баярлуулсан сайхан мэдээ дуулгасан нь төгсөх ангийн сурагчиддаа зориулж ерөнхий боловсролын сургуулиудад цахим шинэчлэлт хийх, ингэснээр цахимаар суралцах боломжтой болж буйг дуулгасан. Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 19 ерөнхий боловсролын сургуульд ус цэвэршүүлэгч байрлуулах бөгөөд хүүхдүүд цэвэр усыг чөлөөтэй хэрэглэх боломжтой болно. Үүнээс гадна хүүхдүүд гэрээсээ сургууль, сургуулиасаа гэр хүртэлх зам нь хамгийн аюулгүй байх ёстой. Иймд энэ бүхэнд анхаарлаа хандуулж ажиллана гэж байв. Түүнчлэн хүүхдүүдэд дуулгах бас нэг сайхан мэдээлэл нь шинэчлэл засварын ажлыг хийхээр олон жил хүлээгдсэн "Баянгол" хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг өргөжүүлж, жилийн дөрвөн улиралд 400 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай болгоно. Дүүргийнхээ Хүүхдийн ордны үйл ажиллагааг идэвхижүүлж, багачуудыг сурч хөгжихөд нь анхаарна. Агро паркийн үйл ажиллагааг сэргээж хүүхдүүд тэнд мод тарих зэргээр сургалтын үйл ажиллагааг явуулах гээд дүүрэг бүхэлдээ ХҮҮХДҮҮДДЭЭ үйлчилдэг болно. Ирэх дөрвөн жилд дүүргийнхээ бүх сургууль, цэцэрлэгийн орчинг ногоон байгууламжтай болгоно гээд Та бүхнийг аюулгүй орчинд тоглох, суралцах орчинг бүрдүүлэхээр бүхий л талаараа хичээж ажиллана. Харин хүүхдүүд та бүхэн өөрсдийгөө сурч хөгжүүлж, сурч боловсрохдоо анхаарч эх орондоо хэрэгтэй сайн хүмүүс болоорой гэсэн юм.
Ташрамд мэдээлэхэд "Оролцоод хөгжье” Цахим уулзалтын үеэр хүүхдүүдээс ирсэн санал хүсэлтийг холбогдох албаныхан нэгтгэн тавдугаар сарын 9-ний өдөр болох Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралд элч төлөөлөгчөөрөө дамжуулан танилцуулах юм.