Одоогоос дөрвөн жилийн өмнө Н.Энхбаярыг түшиж, МАХН-д элсэж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар намаасаа гарч байгаагаа өчигдөр /2021.04.29/ албан ёсоор зарлалаа. Ингэснээр улс төрийн гуравдахь хүчин гэгддэг МАХН-ынхан парламентад ямар ч төлөөлөл, суудалгүй болж байна. УИХ-н гишүүн С.Ганбаатарын хувьд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Орхон аймгаас МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг.
Харин Н.Энхбаярын "толгойлдог" МАХН-ыг голж, өрх тусгаарлаж байгаагаа мэдэгдсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дараагийн нүүдэл нь сөрөг хүчин болох АН-д элссэн явдал байв. Өөрөөр хэлбэл, тэрбээр МАХН-аас гарсан даруйдаа УИХ-ын гишүүн Ц.Тувааны талын АН-д элсэж, гишүүнчлэлийн үнэмлэхээ гардаж авлаа.
Учир нь, АН-ынхан дотроо С.Эрдэнийн болон Ц.Тувааны тал гэж хоёр хуваагдаж, тэрхүү маргаан нь шүүхийн шатанд яваа билээ. Хоёр тал хоёулаа намын даргын сунгаагаа зохион байгуулж, С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл нар ялалт байгуулсан. Тэд ялалтаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн ч хүлээж аваагүй юм. Учир нь, Улсын Дээд шүүх тэдний хүсэлтийг намын дотоод асуудал гэж үзсэн байдаг.
Тэгвэл нэг өдрийн дотор нэг намаас гарч, нөгөө намд элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын сонголт Ц.Тувааны талын О.Цогтгэрэл даргатай АН болж таарлаа.
С.Ганбаатарыг АН-д элссэн талаар О.Цогтгэрэл "Өнөөдөр АН бүл нэмж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар улс төрийн сонголтоо хийн, АН-д элсэж байна. Монголын ард түмэн болон хувь хүнийхээ хувьд түүнийг хөдөлмөрчин ангийн талд байж ирсэн гэж үздэг. АН-ын үзэл санаатай нийцсэн бодолтой гэж үздэг. АН-ын бүлгийг бүл нэмэх боломжтой болгож байгаад баярлалаа" хэмээн ярьжээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АН-д элссэн явдалд С.Эрдэнийн талынхан сөрөг байр суурьтай байна.
Хууль ёсны дагуу АН-ын дарга хэвээр байгаа УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "Аливаа асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг байх ёстой. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч АН-д элслээ гэжээ. АН-д хэн нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Дүрмийн бус хэсэг бүлэг хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй" хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн Хотын дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Намд маань фэнгшү С.Ганбаатар элсэж. Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ. Үгүй байлгүй дээ. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага хангахгүй. Хоёрдугаарт, АН бол дуртай нь ирээд, нэр дэвшээд явдаг хямд Motel биш. Гуравдугаарт, АН нь чавесчуудын нам биш. Өөр мундаг олон нэр дэвшигчтэй" гэж байр сууриа тодорхой илэрхийлжээ.
Эндээс харахад нэг өдрийн дотор нэг намаас гарч, нөгөө намд элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-д гологджээ. Ингэснээр парламентад сул гишүүн болж, дөрвөн намын батлах өвөртөлсөн анхны улстөрч болж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгэн цагт Тусгаар тогтнол эв нэгдэл нам, Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн явсан. Харин дөрвөн жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг түшиж, элссэн ч өчигдөр МАХН-ыг голж, гарч байгаагаа мэдэгдлээ.
Харамсалтай нь, МАХН-ыг голсон С.Ганбаатар АН-ыг сонгосон ч, С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан түүнийг голжээ. Тэрбээр "Би хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгч болно" хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэрхүү хүслээ гүйцэлдүүлэхийн тулд үзэл бодол, итгэл үнэмшлээсээ хэд урваж, хэдэн ч намд элсэхийг хэн ч тааварлашгүй болжээ.