Хүн төрөлхтөн, хөгжил өндөр орнууд ганцхан л зүйлийн өмнө хүчин мөхөсдөж байгааг дэлхий нийтээрээ харж байна. Тиймдээ ч улс орнууд гамшгаас хамгаалах ажил бол бүх нийтийн үйлс гэдгийг хүлээн зөвшөөрч үер ус, гал, газар хөдлөлт гээд олныг хамарсан гамшиг ослын үед сайн дурынхныг зөв зохион байгуулж хүчийг нь дайчилдаг жишгийг дагадаг. Өөрөөр хэлбэл, төр хүрэлцэхгүй зүйлдээ дангаараа дайрч” хүч тарамдах биш олны хүчийг оновчтой ашигладаг загвар руу ороод удаж байна.
ТАЙЛАНД УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА НЭГ САЯ САЙН ДУРЫН АЖИЛТАН ДАЙЧЛАВ
Улс орнууд ч сайн дурынхны энэ хүч, оролцоог жил тойрон үргэлжилж буй цар тахалтай тэмцэхэд хамгийн үр дүнтэй ашиглалаа. Цар тахал эхэлсэн үеэс л эрүүл мэндийн тусламж, хүнсний багц тараах, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх ажилд сайн дурынхныг сурган бэлтгэж оролцоог нь улам нэмэгдүүлэв. Тухайлбал, Их Британид цар тахал хүчтэй дэгдэж эхэлсэн гуравдугаар сараас хойш сайн дурынхныг зохион байгуулж, хүч дэмжлэгийг нь нийгмийн олон үйлчилгээнд ашигласан. Зөвхөн гуравдугаар сард гэхэд 750 мянган хүн Их Британийн NHS Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний системд сайн дураар ажиллаж туслахаар холбогдсон гэж мэдээлж байв. Сайн дурынхан тусламжийн утас, эрүүл мэндийн зөвлөгөөг онлайнаар өгөх, хүнс, эм худалдан авах, хүргэж түгээх, хүнсний сагс хөтөлбөр, орон гэргүй иргэдэд тусалж, буяны байгууллага, хандивын дэлгүүрүүд ажиллажээ.
Тайландын тосгоны эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд цар тахалтай хийж буй тэмцэлд маш чухал үүрэг гүйцэтгэснээр халдварын тархалтыг богино хугацаанд хумьжээ. Эрүүл мэндийн ажилтнуудынхаа хүчийг нөөцөлж, иргэдэд хүрч ажиллахын тулд орон нутгийн иргэдийг татан оролцуулж, тосгоны эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудын хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн байна. Тус улсад 1055000 орчим эрүүл мэндийн сайн дурын ажилтан байгаагийн 15 мянга гаруй нь нийслэл Бангкок хотод ажилласан. Сайн дурын ажилтнууд 10 хүртэлх өрхийг хариуцаж, хатуу хөл хорионы үед иргэдийн орж, гарч байгаа хөдөлгөөнийг хяналтад байлгаж, тосгоны айл өрхүүдийг байнга эргэж тойрч, биеийн халууныг нь хэмжин, эмнэлгийн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ сэрэмжлүүлэг мэдээллийг түгээн тайлбарлах үүрэгтэй ажиллажээ. Зарим улс оронд эмнэлгийн түргэн тусламжийн машинаар халдвар авсан хүмүүсийг зөөхөд сайн дурынхныг дайчилж байгаа бол ихэнх орон хүнсний багц тараах, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сайн дурынхны дэмжлэгийг авсан байдаг.
МАНАЙ УЛСАД МУЗН-Д БҮРТГЭЛТЭЙ 6000 ГАРУЙ САЙН ДУРЫН ИДЭВХТЭН БИЙ
Харин манай улсын сайн дурын ажилтантай ажиллах” тогтолцоо туйлын сул явж ирсэн. Онцгой байдлын байгууллага, МУЗН-ээс л сайн дурын ажилтнуудыг цөөн тоогоор сургаж, бэлтгэхээс биш бодлогын хэмжээнд ач холбогдлыг ойлгодог, тоодоггүй нь харамсалтай. Үүний хамгийн том сургамжийг цар тахлын үеэр мэдэрлээ. Жил тойрон цаг наргүй цар тахалтай тэмцсэн эмч, эмнэлгийн ажилтнууд туйлдаж, олноороо халдвар тээгч боллоо. Эмч нар эрсдэлд орсноор эрүүл мэндийн салбар ажиллах хүчний дутагдалд орж халдварын тархалт, нас баралт улам нэмэгдэж байна. Ерөөс өвчитнийг эмчлэх эмч нар байхгүй л бол мянган сайн бодлого, хөрөнгө мөнгө байгаад нэмэргүй. Мөн хатуу хол хорионы үеэр иргэдэд хяналт тавьж буй онцгой, цагдаа гээд хүчний байгууллагынхан хүрэлцээ муутайгаас сонсогчдыг дайчлахаас аргагүйд хүрсэн. Гэтэл сүүлийн 14 хоногийн хөл хорионы үеэр мөрдэстэй” байгууллагын ажилчдыг цаг наргүй ажиллуулж байгаа ч хүрэлцээ муугаас үр дүн муутайг байгааг нийтээрээ харж мэдэрч байна. Уг нь манай улс бусад орон шиг цар тахлын эхэн үе биш юм гэхэд дунд үеэс сайн дурынхныг дайчилж эхэлсэн бол өнөөгийнх шиг ялагдахгүй байв. Гэтэл хожигдсон” хойноо л ухамсарлаж хоёр хоногийн өмнөөс Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс сайн дурын ажилтнуудыг бүртгэж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 100 гаруй хүн бүртгүүлээд байгаа ч цалин мөнгө, зохицуулалтаас эхлээд зуун задгай.
Ер нь зөвхөн цар тахал гэлтгүй олныг хамарсан гамшиг ослын үеэр сайн дурынхныг дайчилья гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэрдундаа Зууны мэдээ” сонин хангалттай хөндөж ирсэн. Тэр бүү хэл цар тахлын дунд үеэс л сайн дурынхныг хэрхэн зохион байгуулах талаар цуврал нийтлэл, экспертүүдийн үгийг хүргэж байв. Хэрэв манай улс цар тахал дэгдсэн энэ онцгой цаг үед төр дангаараа хариуцаад хүч хүрэхгүй учраас сайн дурынхны хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахад төрийн чиг үүргийг нөхөн гүйцэтгэх, төрийн хүрч чадаагүй хэсэгт хүрч, үр дүнтэй үйлчлэх жишгийг дагаж гамшигтай тэмцэх армидаа” сайн дурынхныг дайчилсан бол өнөөгийнх шиг олон мянган хүн халдвар тээж, иргэдийнхээ амь насыг дээсэн дөрөөн дээрээ аваачихгүй байлаа.
Манай улсад МУЗН-д бүртгэлтэй 6000 гаруй сайн дурын идэвхтэн бий. Үүний 1000 гаруй нь сайн дурын үйл ажиллагаанд тогтмол оролцдог бөгөөд цар тахлын үед ажиллах боломжтой эрүүл мэндийн чиглэлээр 600 гаруй сайн дурын ажилтныг сургалтаар бэлтгэсэн. Цөөн тооны хүмүүс эргүүлийн пост, иргэдэд утсаар эрүүл мэндийн мэдээлэл өгөх зэргээр дэмжлэг үзүүлэхэд оролцсон. Харин сайн дурын ажилтнуудаас аймаг, дүүрэг болон бусад байгууллага дайчлан ажиллуулах боломжтой гэдгийг МУЗН-ийнхан өнгөрсөн намар мэдэгдэж, манай сонин сурвалжлан хүргэж байв.
Хүссэн хэн бүхэн сайн дурын идэвхтэн байх боломжтой. Харин Улаанзагалмайн зарчмыг дагаж сургалтад хамрагдсан байх ёстой юм. Мөн сайн үйл гэдгээрээ тогтсон цалин мөнгөгүй ч өдөр тутмын үйл ажиллагааны зардал, хамгаалах хувцас хэрэгслээр хангадаг. Тиймээс сайн үйл хийе гэвэл харьяа дүүргийнхээ Улаанзагалмайн нийгэмлэгт бүртгүүлж болно. Мөн манай улс шинэчлэн баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулиндаа сайн дурын ажилтнуудыг дэмжих талаар зохицуулж өгсөн. Тодруулбал, сайн дурынхан гамшгаас хамгаалах сургалтад хамрагдахаас гадна багаж, хэрэгсэл, хүнсээр хангагдана. Мөн урамшуулал авах зохицуулалттай. Үүнийгээ дагаад эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлэх, үнэн зөв, бодит, шуурхай мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ. Түүнчлэн сайн дурын хэсгийн ажилтан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүнд онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ахлагчийн албан тушаалын зэрэглэлийн анхны шатлалын үндсэн цалингаар тооцон хоёр жилийн, амь насаа алдсан бол түүний гэр бүлд таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заажээ.
Энэ мэтээр улс орнууд цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед сайн дурын арми” өргөтгөж, дайчилж байна. Манай улс ч гэсэн сайн дурынхныг дайчлах боломжтой. Гагцхүү төрийн ачааллыг хөнгөлдөг сайн дурынхны урамшууллын асуудал хөндөгдсөөр ирсэн. Уг нь Гамшгаас хамгаалах хуульд зааснаар Засаг дарга нөөц сангаасаа сайн дурын ажилтанд урамшуулал олгох ёстой ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа юм. Төр сайн дурынхныг дайчлах дэд бүтэц, хөшүүргээ бий болгож урамшууллын асуудлыг шийдвэрлэхгүйгээр шат ахихгүй.
Эх сурвалж: Зууны мэдээ” сонин
2021.4.22 ПҮРЭВ № 81 (6558)