Монгол төрийн хүний эрхийн мэдрэмжгүй кейсүүд

  • 0
  • 70
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 
Хятад улсын Ухань хотоос эхлэлтэй цар тахал дэлхий нийтийг хамраад жил хагас болж байна. ДЭМБ-аас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-ны өдөр шинэ төрлийн коронавируст халдвар нь олон улсын түвшний эрүүл мэндийн гамшиг болохыг мэдэгдэж, гуравдугаар сарын 11-ны өдөр цар тахал хэмээн зарласан юм. Үүнээс хойш жил тойрч буй хөл хорио, хязгаарлалт хүний эрхийг зөрчиж байгаа талаар олон улсын байгууллага болон хэвлэл мэдээлэл тухай бүрт нь мэдээлж, шаардлага тавьж ирсэн. Гэвч хатуу хөл хориогоор далимдуулж хүний эрхийг хэрхэн ноцтой зөрчсөнийг ХЭҮК судалж 20 дахь илтгэлээрээ Их хурлын гишүүдэд хүргүүлээд байна.

Хүний амь нас, нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь цар тахлын үед баримтлах хүний эрхийн нэн тэргүүний зорилт юм. Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад амьд явах эрхийг ямар ч үед, онц байдал зарласан нөхцөлд ч хязгаарлаж болохгүй.  Халдварт өвчний үед хүний амь нас, нийтийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авах нь олон улсын пактаар хүлээсэн Засгийн газрын үүрэг болохыг НҮБ-ын Хүний эрхийн хороо тэмдэглэсэн байдаг. Мөн Оксфордын их сургуулийн Төрийн  удирдлагын Блаватникийн сургуулиас явуулсан цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний индекст харуулснаар Монгол Улс 69.91 хувь буюу харьцангуй хатуу арга хэмжээ авсан улсын нэг болжээ.

Цар тахлаас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар Монгол Улс зохих амжилт гаргаж байгаа  ч цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хүний амь нас хохирсон тохиолдол цөөнгүй гарлаа. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлаж, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал зарласан үед ажил, цагийн хуваарийг оновчтой зохион байгуулаагүйгээс бага насны хүүхдүүд харж хандах хүнгүй гэртээ үлдэн ахуйн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэд нас барсан тохиолдлууд гарсан. Түүнчлэн бэлэн байдлын үеэр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын шийдвэр гаргах зарчим, чиг үүргийн хуваарилалт, хамтын ажиллагааны уялдаа холбоо, мэдээлэл солилцох суваг тодорхой бус байснаас иргэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авч чадахгүй хугацаа алдсан, нас барсан зэргээр хүний эрхийн ноцтой зөрчил гарсан. Мөн төрийн байгууллагуудын оновчгүй зохион байгуулалт, уялдаагүй байдал, албан хаагчдын хүнлэг бус харьцаа, хандлага төрийн албаны бүх түвшинд илрэн гарч байгааг ХЭҮК илтгэлдээ онцолжээ. Комиссын илтгэлд дурдсан Монголын төрийн хүний эрхийн мэдрэмжгүй кейсүүдийн заримыг хүргэе.
 

Кейс

...Архангай аймгаас ирсэн иргэн Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч чадалгүй нэг хонож, 2020 оны арванхоёрдугаар 8-ны өдөр бие эрс муудаж түргэн тусламж авч чадалгүй нас барсан.
(НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүний  мэдээлэл )
 

Кейс

-Тусгай үүргийн нислэгээр ирж Корпорейт зочид буудалд тусгаарлагдаж байсан 39 настай иргэн "Т”, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хэсэгчилсэн хатуу хөл хорионд байсан иргэн "С” өндрөөс унаж, мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж, Монголика зочид буудалд тусгаарлагдаж байсан 70 настай иргэн өрөөндөө тус тус нас барсан тохиолдол гарсан.
 

Кейс

... 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 4 ба 17 настай хоёр хүүхэд тусгаарлалтаас гарч, гэртээ ирсэн. Хүүхдүүдийг ирэхэд байранд нь хөл хорио тогтоосон, гэрт нь оруулахгүй байсан.  Хүүхдүүдийг 20:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн хүүхэд хамгааллын байранд шилжүүлэх хүртэл барилгын 0 давхарт байх ахмадын өрөөнд тусгаарлаж байжээ. Хүүхдүүд хүүхэд хамгааллын байранд дахин 14 хоног тусгаарлагдсан...
(Комиссын дүн шинжилгээний ажлын илтгэх хуудсаас)
 

Кейс

... Нийслэлийн Өргөө амаржих газарт 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр амаржсан эхээс халдвар илэрсэнтэй холбогдуулан иргэн М-ийг нярайн хамт амаржих газраас ХӨСҮТ-д шилжүүлэхдээ гадуур хувцас өмсгөлгүй, гэрийн халад, углааштай гаргаж, эмнэлгийн машинд суулгаж байгаа бичлэгийг Ийгл телевиз нэвтрүүлсэн. Машинд суух үед хасах 16 хэмийн хүйтэн байсан.
 (Комиссын дүн шинжилгээний ажлын илтгэх хуудсаас)
Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, консулын газрын үйл ажиллагаанд ч коронавируст халдвар авсан хүнийг ялгаварлан гадуурхсан зөрчил гаргасан байна.

Кейс

... 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр иргэн Ц нь Прага дахь Элчин Сайдын Яамнаас бүртгэгдэж нутаг буцахаар Франкфуртын нисэх онгоцны буудалд ирсэн бөгөөд халдвар авсан болох нь явах танхимд орсны дараа ил болжээ. Онгоцны буудалд үлдсэн иргэн Ц-д элчин сайдын яамтай холбоо барих утасны дугаарыг өгсөн боловч түүнийг эмчлүүлэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх идэвхтэй арга хэмжээг элчин сайдын яам нэн даруй аваагүй байна. Тусгай үүргийн нислэгээр өмнө нь халдвартай зорчигчийг тээвэрлэж, эх оронд нь авчирч байсан тохиолдол бий бөгөөд иргэн Ц-г ийнхүү онгоцонд суулгалгүй үлдээсэн.
(Комиссын дүн шинжилгээний ажлын илтгэх хуудсаас)
Төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг хангалтгүй байгаа нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учруулж байна. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээ нь зохистой түвшинд буюу зайлшгүй, тохирсон, хэтрэхгүй байх зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хязгаарлалт нь тухайн нөхцөл байдалд тохироогүй гэж дүгнэхэд хүргэж байна.
 

Кейс

... 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийн орон байранд "гэрийн ажиглалт 14 хоног", "тусгаарлалт 14 хоног” гэсэн бичигтэй, хууль сахиулах байгууллагуудын лого, таних тэмдэг бүхий наалт байрлуулахдаа  "хууль зөрчиж байгаа хүмүүсийг ингэхээс аргагүй, ийм тэмдэглэгээтэй газрыг иргэд тойрч явах, орохгүй байх хэрэгтэй” гэж сануулжээ.. Мөн Өвөрхангай, Төв, Хэнтий, Ховд зэрэг аймгуудад 2020 оны 12 дугаар сард дээрх наалтыг ашиглаж эхэлсэн боловч олон нийтийн эсэргүүцлийн улмаас удалгүй хуулж авсан тохиолдол бий.
(Комиссын дүн шинжилгээний ажлын илтгэх хуудсаас)
 

Кейс

...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хатуу хөл хорио эхэлсэн хугацаанаас хоёр цагийн дараа ОБЕГ-ын цахим хуудаст мэдээлэл тавигдсан. Шийдвэрийг гэнэт гаргаж, урьдчилан мэдээлээгүйн улмаас иргэдийн албан болон хувийн олон ажил, үйл ажиллагаа тасалдсан, өөрийн ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд учир шалтгаанаа тайлбарлах, ажлаа зохицуулах боломж олгоогүй. Хорооны нутаг дэвсгэрт зөвхөн эмийн сан, хүнсний худалдаа ажиллахаар заасан нь өрхийн эмнэлэг зэрэг нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг тасалдуулсан байна.
/Комиссын дүн шинжилгээний ажлын илтгэх хуудсаас/
Тусгаарлах, хөл хорионы дэглэм сахиулах чиг үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, хүн хүчний хүрэлцээ муу, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар тодорхой биш байснаас үүдэн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаас иргэдийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан тохиолдлууд гарчээ.
 

Кейс

... 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр автобусаар зорчиж явсан 17 настай иргэний гар утсанд цагдаагийн байгууллагаас дуудлага ирж шинжилгээний хариу эерэг гарсан болохыг дуулгаж, автобуснаас буух чиглэл өгсөн. Дараагийн буудал хүртэл зорчих хугацаанд хэд хэдэн алба хаагчид түүн рүү залгасан нь бусад зорчигчдын анхаарлыг татсан. Эцэст нь цагдаагийн алба хаагч автобусыг зогсоох, ингэхдээ зорчигч буулгахгүй байх чиглэл автобусны жолоочид өгчээ. Өглөөний 11:00 цагаас оройн 17:30 цаг хүртэл уг автобусанд байсан иргэд битүү, бүгчим орчинд тусгаарлагдсан, ажил нь тасалдсан зэрэг нөхцөл байдал үүсчээ. Энэ хооронд автобусны зорчигчид бухимдаж, иргэн "Ш”-ыг доромжлох, цохих зэргээр халдсаны улмаас автобусны цонхыг хагалж гарахад цагдаагийн ажилтан түүнийг гавлаж, 17:00 цагт хүртэл гадаа зогсоожээ. Тухайн үед гадаа хасах 15 орчим хэмийн хүйтэн байсан бөгөөд иргэн "Ш” нимгэвтэр хувцастай байсан тухайгаа Комисст мэдэгдсэн. 
(Комиссын дүн шинжилгээний ажлын илтгэх хуудсаас)
 

Кейс

… Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас 50 км зайд байрлах Шарын гол гэх газар амьдардаг малчин "О”-д коронавируст халдварын батлагдсан тохиолдол болох "Г” гэх айлд ирж, сумын төврүү тусгаарлахаар авч явах болсныг мэдэгджээ. Энэ үед иргэн "О”-г түүний нөхөр "Б” мотоциклоор сундалж ирсэн боловч иргэн "Г”-ийн гэрт хүрэлгүй буцсан, улмаар тухайн иргэнийг явганаар алхуулж, цагдаагийн албан хаагчид  араас нь автомашинтай дагалдаж явсан…
(Иргэн О-той хийсэн ярилцлагаас)
 

Кейс

...Иргэн коронавируст халдварт өвчний талаар зохих ойлголт, мэдээлэлгүйн улмаас айж сандран зугтсан бөгөөд цагдаагийн алба хаагч хамгаалалтын тор буюу "уурга” гэж нэрлэгдэх болсон хамгаалах хэрэгслийг ашиглан саатуулсан. Иргэнд албадлагын арга хэмжээг авахдаа хамгаалалтын тор хэрэглэсэн нь эрсдэлийн хэр хэмжээнд нийцээгүй, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцсан хэлбэр гэж хүний эрхийн байгууллага дүгнэв.
(Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс)
 
Монгол Улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр коронавируст халдварын дотоодын анхны тохиолдол илэрсэн тул дотоодын халдвар бүхий иргэдийн хавьтлыг тусгаарлах шинэ нөхцөл байдал бий болов. Энэ хүрээнд Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Казахстан, Энэтхэг, Турк, Чех, Унгар, Лаос, Филиппин зэрэг улс руу агаарын шинэ чиглэл нээж, нислэг үйлдэх зөвшөөрлийг дипломат шугамаар авсан байна . 
Тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ажиллаж буй аж ахуйн нэгжүүд гадаадын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн төлбөрийг тухай бүр авдаг боловч дотоодын хавьтлын иргэдийг тусгаарлахад шаардагдах зардлыг 2021 он гарснаас хойш улсын төсвөөс олгоогүй байна. Ийнхүү аж ахуйн нэгж, байгууллагуудад тусгаарлалтын төлбөрийг олгоогүйн улмаас дараагийн тусгаарлалтын бэлтгэл хангах, хүнсний татан авалт хийх, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх зэрэгт хүндрэл үүсчээ.
ХЭҮК-оос тусгаарлан ажиглах зургаан байрыг түүврийн аргаар сонгон авч хяналт тавихад  зохих шаардлага хангахгүй, интернэт холболтгүй орчинд тусгаарлагдсанаар гэр бүл, найз нөхөдтэйгээ харилцах, мэдээлэл олж авах, цахим сургалтад хамрагдах зэрэг мэдээлэл, харилцааны боломж давхар хязгаарлагдаж байна. Тухайлбал тусгаарлан ажиглах байрны бүх өрөөнд зурагт радио байхгүй, хурд багатай интернетийн сүлжээ ашиглах зэрэг нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хөндөж, бухимдлыг төрүүлж байна. Нийгмийн харилцаанд зай барих  гэдэг нь бие махбодын хувьд халдвар тархах эрсдэлгүй орон зайд байхыг ойлгох бөгөөд хүний мэдээлэл, харилцаа холбоог хязгаарлах, таслах нь хүний эрхийн зөрчил болно.
 

Кейс:

... Миний бие Багабаян амралтын газарт тусгаарлагдсан. Тус газрын орчин нөхцөл маш муу байсан. Шүршүүр нь эвдэрсэн тул усанд орох боломжгүй. Мөн өрөөний эд хогшил, тавилга эвдэрхий, цэвэрлэгээ үйлчилгээ огт хийгдээгүй байсан. Амралтын газар нь интернетгүй учир мэдээлэл авах боломж байгаагүй...
 /Комисст хандан иргэн "Э”-гээс гаргасан мэдээллээс)
Нээлттэй нийгэм форум Төрийн бус байгууллагаас хийсэн "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам хүний эрхэд нийцсэн байдал” судалгаагаар 132 журмын 45-ыг хэвийн мөрдөх, үлдсэн 87 журамд өөрчлөлт оруулах,  шинэчлэн боловсруулах шаардлагатай  гэсэн дүгнэлт гарчээ. Хууль тогтоомж, хүний эрхийн хэм хэмжээнд бүрэн нийцүүлэх шаардлагатай гэж үзсэн 87 журамд хууль тогтоомжид байхгүй нэр томьёо хэрэглэсэн, хуулбарлан давтсан, найруулга ойлгомжгүй, журмын зорилгоо бүрэн хангаагүй буюу цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааны дэс дарааллыг тодорхой журамлаагүй, хэт ерөнхий байдлаар боловсруулсан гэж дүгнэжээ.
 

Кейс:

... хүүхдийн бие өвдөөд хэцүү байгаа, шинжилгээ өгөх ёстой байсан. Түргэн тусламж дуудахаар ирэхгүй, хувийн тээврийн хэрэгслээр явуулахгүй, автобус хүлээхээр ирэхгүй байна. ...Цагдаа нарт учирлаж хэлээд явуулахгүй, эмнэлгийн бичгээ үзүүлсэн ч явуулахгүй. Тиймээс  алхаж байна... ...Хүүхэд маань маш их даарч байна.
 /2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр)
 

Кейс:

...Халдварын голомттой бүс нутгаас шинжилгээнд хамрагдаагүй иргэд орон нутгаас хэрхэн гарах, нийслэлд юу шаардах нь тодорхойгүй байна. Эдгээр иргэдээс ПГУ шинжилгээ авч хариуг баталгаажуулах хүртэл гурван өдөр товчоон дээр хүлээлгэх тохиолдол ч гарчээ. Энэ тохиолдолд иргэд машиндаа байрлахаас өөр аргагүй болдог ба ариун цэврийн өрөө байхгүй тул ил бие засах, эсвэл нүхэн жорлонг ашигладаг байна. Иргэдийн халууныг хэмжиж сэжигтэй тохиолдол илэрсэн үед машинд нь тусгаарладаг.
(Хөл хорионы нөхцөл байдалтай танилцсан талаарх Комиссын илтгэх хуудаснаас)
 
Комисс  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор тодорхой байгууллага, хяналт цэг, товчооны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн талаар ахиц дэвшил гаргахад чиглэсэн саналууд боловсруулж, үйл ажиллагаандаа тусгах талаар Улсын онцгой комисс, Шуурхай штабт удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлж ажилласан хэдий ч тодорхой үр дүн гарахгүй байгааг тэмдэглэж байна.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
2021.4.16 Баасан № 77 (6554)

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх