Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудал дээр 20 орчим хүн автобус хүлээн зогсоно. Автобус 5-10 минутын хугацаатай ирж, зорчигчдоо суулгаад хөдлөх ч хүний хөдөлгөөн үл татрах аж. Цэнхэр хувцсаар ижилссэн гурван шалгагч зорчигчдын автобусны картыг цэнэглэхийн зэрэгцээ автобусанд суух, буухад хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх, бээлийгээ өмсөөрэй гэх мэт шаардлага тавина. Иргэд харин үүнийг үл тоон, автобус руу уралдан зүтгэнэ. Мөн автобусны буудлын ойролцоо цагдаагийн гурван албан хаагч, Дотоод хэргийн их сургуулийн гурван сонсогчийн хамт иргэдийг хаашаа, ямар зорилгоор явж байгааг асуун, хяналт тавина. Амрыг эрье” гэж хэлэхээс өмнө цагдаагийн албан хаагчдын бараанаар зарим нь буцаж харагдах ч нөгөө нь ямар шалтгаанаар хаашаа явж байгаагаа тайлбарлаж ядан Өө энүүхэнд дэлгүүр орох гэсэн юм. Манай гэрийн ойролцоох дэлгүүрт бараа үнэтэй байна. Тэр дэлгүүр рүү явж байна. Мах авах гэсэн юм. Эмийн санд эм алга” гэх мэт шалтаг хэлэх аж.
Цагдаагийн албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаантай болон зөвшөөрсөн салбарын албан хаагчдын бичиг баримтыг шалган явуулж, хөдөлгөөнд оролцох шаардлагагүй иргэдийг буцааж байлаа. Үүнд бухимдан, шаардлага биелүүлэхгүй, хэл ам хийх иргэд ч цөөнгүй байв. Иргэдийн олонх нь Хархорин” зах, Номин” их дэлгүүр орж, хүнс цуглуулах гэж байгаагаа, мөн ач, зээгээ харахаар явж байгаагаа хэлж байлаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын албан хаагчдад нийтийн тээвэр тусгай зохицуулалтаар үйлчлэх ёстой. Энэ зохицуулалтаар хатуу хөл хорио тогтоосон эхний өдрүүдэд 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан юм. Гэтэл ажлын өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр өчигдөр чиглэлийн тоог 98, автобусны тоог 640 болгож нэмсэн. Харин өнөөдөр автобусны тоог дахин 39-аар нэмэгдүүлж, 679 тээврийн хэрэгсэл цагийн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцож байна. Гэвч нийтийн тээврээр зөвшөөрсөн салбарын албан хаагчдаас гадна энгийн иргэд үйлчлүүлсээр байгаа юм. Тухайлбал, өчигдөр нийтийн тээврээр 115 мянган зорчигч үйлчлүүлжээ. Эдгээрийн 32 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бол 4400 орчим хүүхэд зорчсон байна.
Ч:47 чиглэлийн автобусны жолооч Т.Түвшинбаатар Манай чиглэлд өнөөдөр 10 гаруй автобус явж байна. Хөл хорио тогтоосноос хойш иргэдийн зорчих хөдөлгөөн манай чиглэлд улам бүр нэмэгдчихлээ. Бараг сүүлийн нэг жил манай чиглэлд ийм олон хүн зорчиж байгаагүй. Өнөө өглөө 06:45 цагаас хөдөлж, 10:09 хүртэл үйлчилгээнд явлаа. Эхний хэдэн буудлаас л хүмүүс дүүрчихэж байгаа тул хүн хоорондын зай бариулахын тулд зарим буудалд хүн буулгах төдий зогсоод л хөдөллөө” хэмээсэн. Мөн цагдаагийн албан хаагч нар тээврийн хэрэгслийг нэг эгнээгээр явуулж байгаагаас автобус түгжрэлд орж, буудал дээр иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байгааг хэлж байлаа.
Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдэд авто тээврийн хяналтын 20 байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 54 албан хаагч, City bus” компанийн 240 гаруй шалгагч хяналт тавин ажиллаж байгаа. City bus” компанийн шалгагч Т.Отгонгэрэл Зорчигчдод хүн хоорондын зай бариад амны хаалтаа зүүж, бээлийгээ өмсөж, картаар үйлчлүүлэх шаардлага тавьж байна. Гэвч иргэдийн зарим нь шаардлага биелүүлэхгүй, үг хэлж байна гэж ч тоохгүй байгаа. Дараагийн автобус удахгүй ирнэ гэж хэлэхээр бухимдангуй ханддаг” гэж ярилаа.
Цагдаагийн албан хаагч нар зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын байрны үнэмлэх, тодорхойлолтыг үндэслэн зорчуулж байсан юм. Гэвч иргэд найз нөхөдтэйгөө уулзах, хүнээс юм авах гэсэн юм гэх мэт янз бүрийн шалтгаан хэлнэ. Иймээс тэд хатуу хөл хорионы үед иргэдийн мөрдөх эрх, үүргийг тайлбарлаж байлаа. Цагдаагийн албан хаагч Хөл хорио тогтоосноос хойш өдөр бүр 06:00-14:00 цагийн хооронд тасралтгүй ажиллаж байна. 14:00 цагаас ээлж солигдоно. Өнөөдрөөс иргэд харьцангуй шаардлага биелүүлж эхэлж байна. Өчигдөр, уржигдар бол хэл ам их хийж байлаа. Мөн ПСР шинжилгээ өгөх гэж иргэд зорчиж байна. Түүнчлэн бичиг баримтгүй иргэд олон байна” хэмээн ярилаа. Тухайлбал, гурван залуу хоорондоо ярилцсаар автобусны буудал дээр ирэхэд цагдаагийн албан хаагч хаанаас хаа хүрэх гэж байгааг лавласан юм. Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн М.Ганбаатар Хүргэн ах маань цус харван эмнэлэгт хүргэгдсэн учраас эргэхээр явж байна. Замдаа хоёр найзтайгаа таарлаа” гэв. Цагдаагийн албан хаагч тухайн иргэний шалтгааныг сонсож, ганцаараа явах боломжтой хэмээн бусдыг нь буцаав. Мөн иргэн М.Алтангадас Би Тахилт руу хүүгийнхээ 3, 5 настай хүүхдүүдийг харахаар явж байна. Надаас өөр тэднийг харах хүн байхгүй. Тэр холоос наашаа ирэх хэцүү болохоор би өөрөө л очихоос өөр арга алга. Хүү маань гэнэт өнөөдөр ажилтай болчихлоо гэсэн. Ээж нь орхиод явчихсан учраас харах хүн байхгүй” хэмээн ярилаа. Түүнчлэн Нисэхээс ирж, дэлгүүр ороод буцаж байгаа ч хүн байв. Тэрбээр өглөө эрт гэрээсээ гарсан бөгөөд хяналт, шалгалт гайгүй байсан гэнэ. Харин буцахад шалгалт их байгааг хэлсэн. Гэрийнх нь ойролцоох дэлгүүрт хайсан зүйл нь байгаагүйгээс энэ хүртэл ирсэн хэмээв.
Автобус хүрэлцээгүй байгаа талаар иргэд ярьж буй ч чухамдаа хатуу хөл хорионы үед нийтийн тээвэр хязгаарлалтад ороогүй салбарын албан хаагчдад л үйлчлэх ёстой. Мөн иргэд онцын шаардлагагүй ч гадуур явж байгааг дээрх яриануудаас харж болно. Иймд иргэд та бүхэн иргэний үүргээ ухамсарлан, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байж, хатуу хөл хориогоо чанд мөрдөн, албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС