Төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэхийн хомсдол 30 жил нүүрэллээ!

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


Монголд ардчилсан төр засаг байгаа нь үнэн бол дараах зорилтуудыг ойрын хоёр жилд багтааж бүрэн хэрэгжүүлмээр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Яамдын сайд нар нэгдэж төлөвлөөд, дараа нь хувааж аваад аль болох богино хугацаанд хэрэгжүүлвээс зохих тэргүүн зэргийн зорилтууд 2021 оны байдлаар дараах болно.
 
НЭГДҮГЭЭРТ: Орон гэргүй хүмүүс, золбин хүүхдүүдийн асуудлыг ядаж энэ жил /анх удаа!/ бүрэн шийдвэрлэх. Ингэхийн тулд дүүрэг дүүрэгт нь ядуусыг /хашаатай, гэртэй, тавилга, түлштэй, цалин авдаг ажилтай болгож/ тэтгэж амьжиргаатай болгох хэрэгтэй.
ХОЁРДУГААРТ: Ядуусын хамгийн дорой, доод хэсгийн өрх бүрээс 1-2 хүнийг эрхэлсэн ажилтай болгож, хоолны талон, түлш мэтээр жилийн туршид хангаж дэмжлэг үзүүлэх.
ГУРАВДУГААРТ: Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд заавал хамруулж хувцас, ном, дэвтрээр үнэгүй хангах, хоол, түлшний дэмжлэг үзүүлэх.
ДӨРӨВДҮГЭЭРТ: Ядуу давхрааны өрх бүрийг амины жижиг аж ахуйтай /ногоо, тэжээл тарих, мод бут үржүүлэх, хог ялгах, хот нийтийн аж ахуйд ажиллах гэх мэт/ болгох.
ТАВДУГААРТ: ЖДҮ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтанд дүүрэг, сум, хороод бололцоотой бүх хэлбэрээр туслах, баталгаа гаргаж бага хүүтэй зээл олгуулах, төр захиргаад өөрсдөө худалдан авагч, зуучлагч болох, тариа ногооны хямд агуулахаар үйлчлэх.
ЗУРГААДУГААРТ: Ард нийтийн эрүүлийг хамгаалах, ерөнхий боловсрол олгох, идэвх чармайлтай хөвгүүд, охидыг их, дээд сургуульд сургах зардлыг төр засгаас даах. Хот, хөдөөгийн хүн амыг чанартай эмээр хангах ажлыг төр засаг гартаа бүрэн авах, их, дээд сургуулиудын тоог цөөлж чанаржуулах, боловсролоор бизнес хийх бусармаг үйл ажиллагааг таслан зогсоох.
ДОЛООДУГААРТ: Хотын зах хорооллуудыг өөд нь татах / цахилгаанжуулах, гэрэлтүүлэх, засмал зам тавих, ус түлшний хангамж, ажилгүйдлийг арилгах гэх мэт/ аяныг 4 жилд хоёр удаа зохиож, явцыг дүгнэх, уралдаан зарлах, нийтийн анхаарлыг энэ хэрэгт хандуулах, төрийн бус олон нийтийн байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулах.
НАЙМДУГААРТ: Үндэсний аюулгүй байдал, ард нийтийн эрүүл мэнд, хүн амын амьжиргааны түвшинг дөрвөн жилийн дотор хэрхэн, хэдэн хувиар дээшлүүлж чадсан болохыг УИХ-ын болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө гол гол үзүүлэлтүүдээр тооцоолон дүгнэж ард түмэнд мэдээлж, хот, аймаг, сум, дүүрэг нэг бүрээр хэлэлцүүлж, үнэлүүлж байх. 
Зөв төлөвлөсөн, чанартай хэрэгжүүлсэн, үнэнээр дүгнэсэн ажил, арга хэмжээ 30 жил үгүйлэгдлээ. Энэ байдал дээрх зүйлийг бичихэд хүргэлээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар анхааран үзэж ажил хэрэг болгох болов уу хэмээн найдаж байна.
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх