ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Эрүүл мэндийн дэд сайд М. Баттүвшин: Монгол Улсын хувьд коронавируст халдварыг илрүүлэхэд цаг хугацаа, өртөг зардал их шаардагдаж маш их саад бэрхшээлтэй тулж байгаа. Энэ хүнд цаг үед монгол эрдэмтэд судалгаа шинжилгээг хийж, дэлхийн шинжлэх ухааны ололтыг цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд ашиглах зорилгоор өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш ажиллаж байсан. Энэ ажиллагааг хурдан хугацаанд амжилттай дуусгаж, зохих ёсны шат дамжлагуудаар шалгагдаж өнөөдөр албан ёсныхоо гэрчилгээг авах гэж байна. Энэхүү оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлснээр шинжилгээ, оношлогооны хувьд тодорхой ахиц гарна гэж харж байгаа. Тухайлбал шинжилгээний хариу гарах хугацаа богиносож, өртөг зардал одоо ашиглаж байгаа оношлуураас 2.5 дахин багасна.
АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар: Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг бүтээхэд БШУЯ-наас 47 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлж гаргасан. Өнөөдөр бид гэрчилгээгээ авлаа ингээд албан ёсоор нөгөөдрөөс коронавирусийг тодорхойлж эхэлнэ. Бид хэрэглээнд нэвтрүүлж эхлэх бэлтгэл ажлыг шуурхай хийж, оношлуур ашиглаж байгаа эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулна.
Оношлуурыг бүтээсэн багийн гишүүн, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар "Одоогоор 4000 нэгж шинжилгээний оношлуурыг бэлэн болгоод байгаа боловч хангалттай нөөцийг бүрдүүлэхийн тулд тоног төхөөрөмж шаардлагатай. Нэг удаагийн шинжилгээний өртөг 31200 төгрөг гэв. Гэхдээ энэ өртөг 7800 төгрөг болж буурах боломжтой. Бусад улс орнуудад шүлснээс халдвар илрүүлж байгаа боловч энэ оношлуур нь улс хүлээн зөвшөөрсөн цомог төрлийн анхны бүтээгдэхүүн юм. Оношлуурын клиникийн туршилтаар мэдрэх чанар нь 100 хувь гэж тогтоосон. Клиникийн туршилтыг 40 хүн дээр хийж баталсан бол Японд 15, АНУ-д 13 өвчтөн дээр туршиж баталсан” гэдгийг онцлон хэллээ.