Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч С.Сүнчин, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батдулам, эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Н.Долгорсүрэн, эм биобэлдмэлийн чанарын хяналтын улсын ахлах байцаагч Г.Номин нар өнөөдөр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны үйл ажиллагаа, Вакцин, биобэлдмэлийн төв агуулахад Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцин хүлээн авах, хадгалах, түгээж буй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, үүрэг чиглэл, арга зүйн зөвлөгөө өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар дархлаажуулалтын үйл ажиллагаа, вакцины нөөц, татан авалт, төлөвлөлтийн талаар танилцуулж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр Дархлаажуулалтын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, мэдээ мэдээллийг нэг урсгалаар шуурхай солилцож, хамтран ажиллана” гээд вакцинжуулалтын явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
МХЕГ-ын дарга Т.Гантулга Улс орнууд коронавируст халдварын эсрэг вакцинаар иргэдээ дархлаажуулж эхлээд удаагүй байна. Манай улс таван төрлийн вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг шийдвэрлэж, одоогоор гурван төрлийн вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах ажил амжилттай явагдаж байна. Энэхүү чухал хариуцлагатай ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олонд ажлын амжилт хүсч, цаашид төлөвлөсний дагуу 18-аас дээш насны бүх иргэдээ хамруулах, салбар хоорондын мэдээллийн урсгал, хамтын ажиллагааг улам сайжруулах” талаар тодорхой чиглэлүүдийг өгөв.
Дархлаажуулалтын бэлэн байдлыг хангуулах, вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөө гарган, хяналт тавих түр заавар батлуулж, улсын байцаагчдыг цахим сургалтад хамруулан, хоёрдугаар сард улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын дархлаажуулалтын бэлэн байдалд хийсэн шалгалтын дүнг цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх саналын хамт Монгол Улсын Шадар сайд, ЭМЯ, ХӨСҮТ-д хүргүүлж ажилласан.
Мөн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 02 сарын 22-ны өдрөөс эхлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакциныг улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, хадгалах, түгээх болон дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Энэ хугацаанд таван удаагийн татан авалтаар коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг нийт 484.4 мянган хүн тун вакциныг импортлох үед баримт бичгийн болон биет үзлэг шалгалтыг хийж, вакцин хадгалах агуулахад шилжүүлэн, вакцинжуулалтын цэгүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж, илэрсэн дутагдлыг газар дээр нь арилгуулж, 5 албан шаардлага, 2 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг хангуулж байна.
Монгол Улс өнөөдөр АНУ-ын Pfizer/BioNTech вакциныг хүлээх авах бөгөөд -700С хэмд тээвэрлэх, хадгалах нөхцөл, бэлэн байдлыг хангуулах чиглэлд хяналт тавин ажиллаж байна.