МАХН, МАН хамтарсан уриалга гаргалаа

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

МАХН, МАН-ын удирдлагууд хамтран нийт гишүүн, дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа.   Тус уриалгад Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Нийгмийн ардчилал, зүүн төвийн үзэл баримтлалтай тус хоёр намын гишүүд, дэмжигчид тухайн үед нийгэм, эдийн засгийн асуудал, шийдлийн хувьд зарчмын өөр байр суурьтай байснаас үүдэн тусдаа улс төрийн үйл ажиллагаа явуулж ирсэн сүүлийн 10 жилийн амжилт ололт, алдаа оноог дүгнэж, цаашид хэрхэхээ шийдэх хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирээд байна.

 

Манай улсад улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж буй хүндрэлийг даван туулахын тулд үндэсний хэмжээний ойлголцол, зөвшилцөлд хүрч, эв нэгдлийг эрхэмлэж, хамтын хүчээр эрх зүй, эдийн засгийн хувьсгал хийх шаардлага байгааг МАХН,  МАН-ын удирдлагууд гүнээ ухамсарлаж байна” гэжээ.

Мөн Цаашид, авилга, хүнд суртлаас ангижирч, иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхээ эдэлсэн, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэн хувь хүн биш гагцхүү хууль засагласан,хүчирхэг эдийн засагтай бие даасан хараат бус, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилгын хүрээнд МАН, МАХН-ын нийт гишүүн, дэмжигчиддээ дараах саналыг дэвшүүлж байна.

 

Үүнд:

●Ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн эрх зүйт төр, засгийн гол үүрэг мөн тул сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэх, авлига, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатны үйл ажиллагааг ил тод шилэн болгох;

●Орчин цагийн шаардлагад нийцүүлэн Үндэсний аюулгүй байдлын цогц бодлогыг боловсруулан баталж, түүнийг бүрэн хэрэгжүүлэх оновчтой тогтолцоог бий болгох;

●Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг ардчилал, шударга ёс, ил тод байх зарчимд тулгуурлан боловсронгуй болгож, хууль бус санхүүжилтээс ангижруулж улс төрийн намуудыг төлөвшүүлэх;

●Монгол хүн, Монгол өрх Монгол төрийн бодлогын цөмд байж иргэн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах улс төр, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн хувьсгалыг эрчимжүүлэх, Монгол хүн эх орондоо эзэн байж эрүүл энх, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, ажил, орлоготой, сэтгэл тэнүүн, амар амгалан амьдрах боломж нөхцлийг цогцоор нь бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах;

●Байгалийн баялаг нь Монголын ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх зарчмыг удирдлага болгон байгалийн баялгийг ашиглахтай холбоотой шийдвэр гаргахдаа ард түмний ашиг сонирхолд нийцүүлж, үр шимийг Монгол Улсын иргэн бүр хүртэх учиртай хэмээн үзэж, энэхүү зарчмыг хуульчлан тодотгох;

●Монгол Улсад дундаж давхарга нийгмийн зонхилох хэсгийг бүрдүүлэх зорилтыг чухалчлан байгалийн баялгаас орох орлогыг Үндэсний хуримтлалын сан”-д төвлөрүүлэн арвижуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах хууль эрх зүйн орчинг бий болгож, өрх бүр орлогодоо нийцсэн орон сууцтай, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, тэтгэврийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;

●Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шударга, ардчилсан нийгмийг цогцлоон хүн биш хууль засагладаг хараат бус шүүх, прокурор, хууль хүчний байгууллагын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, Хонгилын шүүх”, Захиалгат шүүх зэрэг өнөөгийн нийгэмд бий болсон бусармаг үзэгдлийг таслан зогсоох;

●Банк, санхүүгийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, зээлийн хүүг бууруулж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд, аж ахуйн нэгжээ өрийн дарамтнаас гаргах;

●Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн боловсон хүчнийг бэлтгэх зорилтын дагуу олон улсын түвшинд өрсөлдөх, чанартай дээд боловсролын тогтолцоог бий болгож, цаашид их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах асуудлыг судлан үе шаттайгаар хэрэгжүүлэхийг зорих;

●Эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэн төр ба хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих замаар Монгол хүн бүр ажлын байртай, орлоготой болж, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжихэд чиглэсэн бодлогыг эдийн засгийн салбарт баримтлан хэрэгжүүлэх зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан томоохон бодлого, зорилго, зорилтуудыг дэвшүүлж, түүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллахаа манай хоёр нам илэрхийлж энэхүү хамтарсан уриалгыг гаргаж байна.

 

Монгол сайхан эх орныхоо хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, Монголын ард түмний үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх,  Монгол хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө нэгдэн ажиллахыг нийт ард иргэд, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудад хандан уриалж байна. Манай хоёр намын гишүүд, дэмжигчид МАН, МАХН-ыг нийлэн нэгдэж нэгэн цул улс төрийн хүчин болж дээрх томоохон зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд шударга ёсыг баримтлан нэгдэн зүтгээсэй хэмээн саналаа нэгтгэвээс бид улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө нийлэн нэгдэж хичээнгүйлэн зүтгэх болно гэдгээ ийнхүү хариуцлагатайгаар илэрхийлж байна” гэжээ.


Эх сурвалж: Зууны мэдээ” сонин

2021.3.18 ПҮРЭВ № 52 (6523)

 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх