ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Ковидын халдвар дэлхий дахинд эрүүл мэнд, эдийн засгийн хямралыг бий болгоод зогсохгүй байгаль орчинд хог хаягдлын асар том асуудал үүсгэж эхэллээ. Анх халдвар гарч эхэлснээс хойш буюу өнгөрсөн жил гаруйн хугацаанд зөвхөн халдвартай тэмцэхэд бүх анхаарлаа хандуулж байсан бол одоо халдвараас үүдэлтэй хог хаягдлын асуудал нь дараагийн цар тахал болж мэдэхээр байна. Хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд хог хаягдлын асуудалд харьцангуй ухаалаг ханддаг болоод байв.
Хог хаягдлыг ангилах, дахин ашиглах чиглэлд улам сайжирсаар байсан юм. Харамсалтай нь ковид энэ бүх хөдөлмөрийг талаар болгож орхилоо. Хүн төрөлхтөн татгалзаж сурсан байсан нэг удаагийн хэрэглээний хуванцар материалтай эд зүйлсийг цар тахлын үед дахин сонгохоос аргагүй болсон нь хамгийн том бэрхшээл болж байгааг эрдэмтэд хэлж байна.
Тухайлбал, цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш хоол хүнс, ариун цэврийн цаас, нэг удаагийн маск, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, гар ариутгагч зэргийн худалдан авалт өмнөхөөс 4-5 дахин өссөн. Дэлхий даяар өдөрт зөвхөн нэг удаагийн маск л гэхэд 6.8 тэрбум ширхэгийг хэрэглэн хаяж байгаа судалгаа байна. Цар тахлын улмаас хүн бүр онлайн худалдаагаар хэрэгцээт зүйлсээ авдаг болсноос нэг удаагийн цаасан хайрцаг, тор, гялгар уутны үйлдвэрлэл, хэрэглээ өмнөхөөс хэд дахин ихэсч байна. Үүнийг дагаад хог хаягдлын дахин боловсруулах үйлчилгээний эрэлт, хэрэгцээ асар нэмэгдсэн бөгөөд энэ салбарын хувьд ирээдүйн он жилүүд өндөр ашиг авчрах төлөвтэй гэсэн сонирхолтой судалгаа ч байна.
Сэлбэ гол 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр.
Аюултайд тооцогддог эмнэлгийн хог хаягдлын дийлэнх нь далай тэнгист орж байгаа асуудлыг өнгөрсөн жилийн наймдугаар сард Хонгконгийн эрдэмтэд гаргаж тавьсан юм. Ковидын халдвар Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэн. Дэгдэлт эхлэхээс өмнө Ухань хотын эмнэлгүүд өдөрт 45 тонн орчим эмнэлгийн хог хаягдал үйлдвэрлэдэг байсан бол халдварын оргил үе буюу өнгөрсөн жилийн хавар өдөрт л 247 тонн эмнэлгийн хог хаягдал үйлдвэрлэж байжээ. Энэ бол зөвхөн Уханийн жишээ. Цар тахлын өмнө АНУ-ын эмнэлгүүд жилд ойролцоогоор 2500 тонн эмнэлгийн хог хаягдал гаргадаг байсан бол цар тахлын үед ердөө хоёрхон сард энэ хаягдлыг үйлдвэрлэдэг болжээ.
Тэгэхээр өнгөрсөн жил гаруйн хугацаанд дэлхийн бүх улсад тархсан энэ өвчин ямар хэмжээний аюултай хог хаягдал үүсгэснийг тооцоолоход нүсэр санагдана.
Эмнэлгийн хог хаягдал нь зөвхөн хог төдий биш. Зарим шинжээчдийн тооцоолсноор жилд таван сая гаруй хүн эмнэлгийн хог хаягдлаар дамжин тархдаг өвчнөөр нас бардаг байна. Энэ нь ялангуяа буурай хөгжилтэй орнуудад хамаардгаас гадна цар тахлаас өмнө тооцоолсон баримт. Тэгвэл цар тахлаас үүдэлтэй хог хаягдлын асуудал цаашид олон жил үргэлжлэх төлөвтэй бөгөөд хэрэв бид үр хүүхэд, хойч ирээдүйдээ ковидоос ч хүнд цар тахлыг үлдээх гээгүй бол улс орон бүр энэ асуудлыг бодлогын төвшинд авч үзэхийг уриалж эхлээд байна.
Дэлхий нийтээр өнгөрсөн хугацаанд зөвхөн халдвартай тэмцэх, иргэдээ вакцинжуулахад гол анхаарлаа хандуулж байсан бол одоо эхнээсээ ковидтой холбоотой хог хаягдлын менежментийг хийж эхэлж байна. Дээр дурьдсан их хэмжээний хог хаягдлыг одоогоор зөвхөн газарт булах, далай тэнгист хийх, шатаах гэсэн ерөнхий нийтлэг арга хэмжээг л авч байгаа. Манай улсын хувьд ч ялгаагүй ковидтой холбоотой хог хаягдлын менежментийг боловсруулаагүй байгаа. Эмнэлэг, шинжилгээний цэгүүд зэргээс гарч байгаа хог хаягдлыг аюултай хог хаягдлын хууль дүрмийн дагуу устгаж байгаа бол иргэдийн хэрэглэсэн нэг удаагийн хэрэгслүүдийг ахуйн хог хаягдалтай хамт авч байна. Хогийн цэгүүд, гудамжны хогийн саван дахь хаягдлын дийлэнхийг нэг удаагийн маск, бээлийний хог хаягдал эзэлж байна. Цаг дулаарч, хаврын салхи хуйсагнахын хэрээр гудамж талбай, гэр хорооллын гудамж, гол усны эргээр хэн нэгний хэрэглэсэн цэнхэр маск хийсч үзэгдэх нь олширлоо. Байгальд 500 жилийн дараа шингэдэг хуванцар савыг үзэн яддагтай адилхан, түүнтэй ижил материалаар бүтээгдэж байгаа нэг удаагийн хаягдлуудыг хэрхэх талаар бодлогын менежментийг халдвартай тэмцэх ажлынхаа хажуугаар боловсруулж хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй бий болоод байна.
Дэлхий даяар өдөрт зөвхөн нэг удаагийн маск л гэхэд дор хаяж 6.8 тэрбум ширхэгийг хэрэглэн хаяж байна.
Б.Солонго
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин