ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монгол Улсын Ерөнхий сайдаар болон төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан 14 ахмад Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН, МАХН-ыг нэгтгэх уриалга гаргаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 03 ны өдөр МАН-ын ахмад гишүүд болох Монгол улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, Д.Цэвээнжав, Ө.Дорждэрэм, Ч.Хурц тэргүүтэй эрхмүүд МАН, МАХН нэгдэх тухай уриалгыг гурав дахь удаагаа гарган тавьж байна .
Түүхт ойн жил МАН болон МАХН-ууд нэгдэх талаар яриа хэлцэл өрнөж байгаад тус хоёр намын ахмадууд ихэд талархан хүлээж авч байгаа бөгөөд намууд нэгдсэнээр "Улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө дайчин шударга зүтгэнэ" хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Тус уриалгад:
МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга танаа:
"Их жанжин тэргүүтэй Монголын эх орончид хөвгүүд эвлэлдэн нэгдэж, Монгол оронд улс төрийн анхны нам МАН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ түүхт ой бол МАН-ын удирдлаган дор Монгол оронд ардын хувьсгал ялж, эрх чөлөөт тусгаар тогтносон дэлхийд данстай бүрэн эрхт Монгол улсыг байгуулж, манай ард иргэд эрүүл саруул өсөж, гэгээрэн боловсорч, аж үйлдвэр, ардын аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай зэрэг ардын аж ахуй, соёлын бүх салбарыг үүсгэн хөгжүүлж орчин үеийн хот тосгонуудын барьж байгуулсан хөгжил дэвшил ариун цагаан хөдөлмөр, их бүтээлийн 100 жилийн ойн түүхэн баяр юм. Энэхүү түүхт ойгоо угтаж МАН, МАХН-ын удирдлагын хүрээнд болон манай хоёр намын гишүүдийн дунд үзэл бодол гарал үүсэл нэгтэй хоёр нам нэгдэх тухай яриа хэлцэл өрнөж байгаад МАН-ын болон МАХН-ын ахмад гишүүд бид гүнээ талархаж, дэмжиж байгаагаа баяртайгаар илэрхийлж байна. Монгол оронд үүссэн нөхцөл байдалд хамтын мэргэн оюун ухаанаараа нухацтай дүгнэлт хийж МАН, МАХН-аа чин шударгаар нэгтгэж улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ сайн сайхан амьдарлын төлөө дайчин шударга зүтгэх, мэдлэг чадвартай, нэр хүндтэй эх оронч удирдах боловсон хүчнүүд энэ хоёр намд бэлэн байгааг намын ахмадууд бид итгэл дүүрэн байна. МАН, МАХН-ын удирдлага та бүхэн түүхт 100 жилийн ойн үеэр хоёр намаа нэгтгэх түүхэн шийдвэр гаргахыг намын ахмад гишүүд бид чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байгаагаа дахин илэрхийлье. МАН, МАХН-ыг нэгтгэхийн төлөө ахмадууд бидний уриалгыг дэмжиж, намаа нэгтгэхийг намын бүх гишүүдэд хандан уриалж байна” гэжээ. Уриалгыг МАН-ын ахмад гишүүн Ө.Дорждэрэм тус уриалгыг уншиж танилцуулсан юм.
Үүний хариуд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
"МАН-ын 100 жилийн ойгоор тодорхой хэмжээний амжилт бүтээлтэй тэмдэглэж байна. Энэ цаг үед МАН-аас арав гаруй жилийн өмнө өрх тусгаарласан МАХН -тай 100 жилийн ойгоо тодорхой түвшинд хамтарч тэмдэглэхээр ойлголцолд хүрсэн.
Цаашдаа хоёр нам нэгдэж, улстөрийнхөө үйл ажиллагааг явуулах ёстой гэсэн санаачилга нэлээд гарч байна. Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ч яригдаад явж байна. Та бүхэн хоёр нам нэгдэх ёстой гэдэг санаачилгыг 2014 онд ч гаргаж, тухайн үеийн намын удирдлагын түвшинд хүсэлт шаардлага тавиад явж байсныг сайн санаж байна. Гэхдээ энэ ажил өөрөө цаг хугацаа, нөхцөл байдлаас ихээхэн шалтгаална" хэмээв.