Хуучин нийгмийн үеийн цэргийн яргалалт өнөө хэр нь арилаагүй байна

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хуучин нийгмийн үеийн цэргийн яргалалт өнөө хэр нь арилаагүй байна

 

Цэрэгт алба хаах хугацаандаа учир шалтгаангүйгээр зодуулж, сэтгэл санаа, бие махбодын хохирол амсдаг жишиг өнөө хэр нь арилаагүй байна. Армийн удирдлагуудын зүгээс цэргийн ангид дэг байхгүй гэж ам бардам хэлдэг ч байлдагч нар хүний ёсноос гажууд үйлдлийн золиос болж сэтгэл санааны гүн хямралд орж амиа егүүтгэдэг тохиолдол ардчилсан Монгол Улсын армид тасрахгүй л байна. Саяхан л гэхэд Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангид алба хааж буй цэргүүд бие биетэйгээ ёс бусаар харьцаж, нэгнээ ялгаварлан гадуурхаж, яргалж буй бичлэг цахим сүлжээнд түгсэн нь олны зэвүүцлийг хүргэлээ.

Хүндэт харуулын тусгай рот 032 дугаар анги нь манайд гадны орны төрийн тэргүүн болон Элчин сайдууд айлчлах үед ёслол хүндэтгэлийн үүргийг гүйцэтгэх тусгай байнгын салбартай болох зорилгоор анх байгуулагдаж байжээ. Тус анги дөрвөн салаатай бөгөөд салаа бүр нь 30 цэрэгтэй.

Цахим сүлжээнд цацагдсан бичлэгт хал цэргүүд хоёр цэргийг дуудаж нэгнийх нь толгой дээр зайдалж суух аж. Нөгөө цэргийнх нь дух руу хуруугаараа чичилж дарамталж дуулуулж байлаа. Нэгнийх нь толгойн тус газар цохиод авч байгаа үйлдэл ч зурвас харагдаад өнгөрөв.


032 дугаар ангийн цэргүүд нэгэнтэйгээ ёс бусаар харьцаж, дэглэж, ялгаварлан гадуурхсан явдал өнгөрсөн оны аравдугаар сард болжээ. Хал цэргүүд намар халагдахынхаа өмнөхөн шинэ цэргүүдийг яргалах явцдаа бичлэг хийсэн нь сая ил болж. Харин хүчирхийлэлд өртсөн цэргүүд өнгөрсөн оны тавдугаар сард 032 дугаар ангид татагдсан гэнэ.

Бид тус бичлэгт гарч буй 032 дугаар ангийн байлдагч Б.Шинэбаярын багын найз С-ээс зарим зүйлийг тодрууллаа.


-Таны найз Б.Шинэбаяр өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагджээ. Хаанаас татагдсан юм бэ?


-Миний найз өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотоос цэргийн албанд татагдсан. Өөрөө Хүндэт харуулын ангид алба хаана гэж зорьж байгаад 032 дугаар ангир уу очсон юм. Хүндэтгэлийн жагсаал болоход л очиж хардаг, хүндэтгэлийн харуулын цэргүүдийн сүр жавхааг биширдэг эх оронч сэтгэхүйтэй хүн л дээ, миний найз. Сурч боловсрохоо хойш тавьж чөлөө авч байж зорьж очсон ангидаа ийм байдлаар ялгаварлан гадуурхагдаж, дарамтлуулж байгааг нь хараад нүд халтирлаа. Сая ар гэрийнхэн рүү залгаж мэдэгдсэн. Миний найз фитнессээр хичээллэдэг, бие бялдрын хөгжил сайтай, гүйгээд хүнд гүйцэгдэхгүй залуу. Ганц нэг хүнд бол дээрэлхүүлэхгүй том биетэй. Хал цэргүүд нь олуулаа зодож, эрхшээлдээ оруулж дарамталсан болов уу гэж бодож байна. Энэ чинь шорон биш биз дээ. Адилхан аавын хүүхдийг олуулаа нийлж доромжилж гадуурхаж байгаа нь яавч зүгээр өнгөрөөх асуудал биш.

-Цэрэгт татагдсанаас нь хойш та эргэлтээр очиж уулзсан уу?

-Хөл хорио тогтоосон үед тэр бүр уулзаад байх боломжгүй юм билээ. Цэргийн албанд гаргаж өгснөөс хойш өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр очиж уулзахад сэтгэл зүйн дарамтад байгаа нь анзаарагдаж байсан. Тухайн үед юу тохиолдсоныг нь асуухад "Зүгээр” л гэсэн. Уулзалтаар гарч ирэхэд нь нэгээс хоёр хүн дагадаг юм билээ. Тэдний хажууд дуу ч гарч чадахгүй харж сууж байгаад буцаад орсон.

-Тантай утсаар ярихдаа ч юмуу дарамтанд байгаа талаараа өмнө хэлж байв уу?

-Найз маань хэд хэдэн хүн рүү мөнгө гуйж залгасан байна лээ. Над руу ч "10-20 мянган төгрөг яаралтай шилжүүлээч” гэж хэд хэд залгасан. Цэрэгт алба хааж байгаа хүнд мөнгөний ямар хэрэгцээ гардаг юм бол гэж гайхаад очиж уулзсан юм. Найзад маань ийм зүйл тохиолдоод байсныг мэдсэнгүй” гэсэн юм.

032 дугаар ангид алба хааж буй цэргүүдийн ар гэрийн төлөөллийн ярьж буйгаар бол тус ангид алба хааж буй цэргүүд ар гэр лүүгээ тогтмол мөнгө захидаг гэнэ. Учир нь хал цэргүүд шинэ цэргүүдийг дарамталж тогтмол орлоготой байлгахыг шаарддаг ажээ. Дарамтад орсон цэргүүд яргалуулахгүйн тулд эхний ээлжинд найзууд руугаа, дараагийн удаа ар гэрийнхэн рүүгээ залгаж хүний данс руу мөнгө шилжүүлэхийг гуйдаг байна. Шинэ цэргүүдээс татаас авч гаршсан зарим нь "Өнөөдрийн дотор 50 мянган төгрөг олж өгөхгүй бол халагдахдаа чамайг ална шүү” гэж дарамталсан тохиолдол ч өмнө нь олон удаа гарч байжээ.

Ядруухан нэгнийгээ толгой дээр зайдлан доромжилж ёс бусаар бах таваа хангадаг, боломжийн амьдралтай заримыг нь заналхийлж мөнгө нэхдэг, сэтгэл зүйн гүн дарамтад оруулах зэрэг нь наад захын дэглэлт гэдгийг тус ангид алба хаасан хүмүүс хэлж байна. Алба хаагчид энэ мэт ёс бусын хүчирхийлэлд тогтмол өртдөгийг ч онцолж байгаа юм.

Дарамтад орсон цэргүүдэд эргэлт ирэхэд халуудаас нэг нь заавал дагаж очдог юм байна. Шинэ цэрэг ч халынхаа хажууд гэрийнхэнтэйгээ чөлөөтэй ярьж чадахгүй сууж байгаад л ордог аж. Ар гэрийнхэнтэйгээ ч харгалзагчтайгаар уулздаг шорон шиг жишиг 032 дугаар ангид тогтоод удаж байгаа гэнэ. Зөвхөн 032 дугаар анги ч биш бусад ангиудад ч ийм жишиг тогтоод буйг цэргүүдийн ар гэрийн төлөөлөл онцолж байлаа.

Хагас жилийг ийм байдлаар дарамтад өнгөрүүлсэн цэргүүд ч шинээр ирж буй дүү нарын толгой дээр зайдалж ёс бусаар бах таваа хангадаг жишиг энэ ангид тогтоод байгаа нь дээрх бичлэгээс харагдаж байна.

Бид 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяраас тус ангийн цэргүүдийн харилцааны талаар тодруулга авахаар хандсан ч мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч хурандаа Б.Отгонбаяраас тодруулга авлаа.


-032 дугаар ангийн цэргүүд нэгнийгээ ялгаварлаж гадуурхдаг, эрхийг нь ноцтой зөрчиж байгаа бичлэг цахим орчинд тархаад байна. Тус ангид юу болоод байна вэ?

-2020 оны нэгдүгээр ээлжинд ирсэн дайчидтай зүй бусаар харьцсан зөрчил гарсан. Манай албан тушаалтнаас тавигдах хяналт буурсны улмаас энэ хэрэг гарчээ. Бид ийм хэрэг бусад цэргийн ангиудад гаргахгүй байх талаас анхаарч ажиллаж байна. Ёс зүйн алдаа гаргасан дайчид халагдаад явсан, дарамтлуулсан хоёр дайчин үргэлжлүүлэн албаа хааж байгаа.

-Хүнлэг бус үйлдэл гаргаж бусдыгаа дарамталсан цэргүүдийг олж илрүүлэх, хариуцлага хүлээлгэх тал дээр ямар арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Халагдсан дайчдын гаргасан ёс зүйн алдааг цагдаа болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж илрүүлэх арга хэмжээг авах байдлыг зохион байгуулах болно. Бид хэрхэн шийдэж байгаа талаар цаг тухайд нь ард иргэддээ мэдээлэл өгнө гэлээ.

Цэргийн ангид дэг байхгүй гэж үе үеийн сайдууд хэлдэг ч ачир дээрээ байлдагч нар ахлах албан тушаалтнууд болон хал цэргүүдэд яргалуулж сэтгэл санааны дарамтад орж зарим нь амиа хорлож байна.

Цэргийн албанд амиа алдсан хамгийн ойрын жишээ дурдъя. 2021 оны хоёрдугаар сарын 7-нд Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэрэг нас барсан хэрэг гарсан. Уг цэрэг хашааны шургааг модноос мяндсан уяагаар боомилж нас барсан бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар "Ээж, аав аа уучлаарай би түрүүлээд явлаа” гэх утга бүхий гэрээслэл үлдээсэн гэх. Талийгаачийн нас барахаасаа өмнө гэрийнхэн рүүгээ залгаж "Намайг эндээс аваач ээ" хэмээн ярьсан талаар ар гэрийнхэн нь мэдэгдээд байгаа. Уг хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.

Мөн 2019 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 0336 дугаар ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Шалтгаан нь тухайн цэрэгт ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид нь гар хүрч, жагсаалд гүйгээд бахардаад унахад нь дэвсэлж зодсон байдаг. "Цэргийн албанд дэглэлт гэж байхгүй” хэмээн салбарынхан нь мэдээлж байв.

2019 оны хоёрдугаар сард Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг харуулын байраа орхин зэвсэгтэй оргосон ч нас барсан байдалтай олдсон.

2019 оны тавдугаар сард Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А адуунд яваад сураггүй болсон ч моринд чирэгдэн амиа алдсан.

2019 оны зургадугаар сар Тэмээ хайхаар явсан цэрэг бутнаас өөрийгөө боомилсон.

2020 оны гуравдугаар сар Дорнод аймгийн Халх гол суман дахь Хилийн 0198 дугаар ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтай олдсон. Иргэний үүргээ биелүүлэхээр эр цэргийн албанд мордоод амиа алдсан харамсалтай тохиолдлуудын сүүлийн цөөхөн жишээг дурдахад л ийм байна.

ХЭҮК: Дарамтлуулсан цэргүүдэд нөхөн олговор олгохоор нөхцөл байдал тогтоогдсон

Бид цэргүүдийн амьдрах орчин нөхцөлд ямар хяналт тавьж ажилладаг талаар Хүний эрхийн үндэсний комиссоос тодрууллаа.


-Сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 10 орчим цэрэг өөрийгөө боомилж нас баржээ. Зарим нь ч гэрээслэл үлдээгээд амиа егүүтгэсэн байна. Хүний эрхийн үндэсний комиссоос хугацаат цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах тал дээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Өмнө нь гарсан тохиолдлууд тус бүр дээр л хариуцлага тооцож явж ирсэн. Цэргийн ангиудад төлөвлөсөн хуваарийн дагуу шалгалтын ажиллагаа явуулдаг. Ингэхдээ хугацаат цэргийн албан хаагчдаас нууцаар судалгаа авдаг юм. Ер нь цэргийн ангид байгаа ёс бус харилцаа, дэгийг ил гаргахад амар биш. Цэргийн алба хаагчид удирдах албан тушаалтнуудаас айгаад тэр бүр бодит байдлыг хэлээд байдаггүй. Зарим тохиолдолд цэргийн албан хаагчидтай ганцаарчилсан уулзалт хийдэг юм. Харин ирсэн гомдлын мөрөөр шалгалтын ажиллагаа явуулж ангийн удирдлагуудад санамж бичиг хүргүүлж ажилладаг.

-Сүүлд зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид нэгэнтэйгээ ёс бусаар харьцаж ялгаварлан гадуурхаж буй бичлэг олонд ил боллоо. Дарамтлуулсан цэргийн ойр орчмоос тодруулахад ийм жишиг тогтоод удаж байгааг хэлж байна. Тус ангид сүүлд хэзээ шалгалт оруулсан бэ?

-Сүүлд 2019 оны аравдугаар сард тус ангид манайхаас шалгалтын ажиллагаа явуулсан. Ноцтой зөрчил илрээгүй. 032 дугаар ангийн тухайд хотын төвд байрладаг цэргийн анги. Ийм ёс бус харилцаа гарсанд харамсаж байна.

-Олонд ил болсон бичлэгт гадуурхагдаж буй албан хаагч сэтгэл санааны гүн дарамтад орж уйлж байгаа нь анзаарагдаж байна лээ. Тус хүүхдүүдийн сэтгэл санааны хохиролд нөхөн олговор олгох хууль эрх зүйн орчин манайх бий юү?

-Бичлэгээс харахад сэтгэл санааны гүн дарамтад орсон нь анзаарагдаж байна лээ. Эхний байдлаар дүгнэхэд хохирсон байлдагч нарт сэтгэл санааны нөхөн олговор олгохоор хэд хэдэнд нөхцөл байдал тогтоогдсон. Манайхаас баг гарч шалгалтын ажиллагааг явуулж байна гэв.

Зэвсэгт хүчний хүндэт харуулын 032 дугаар анги бол үндсэндээ хотын төвд байрладаг цэргийн анги. Бие бялдар сайтай шилэгдсэн хөвгүүд тус ангид очдог. Ийм ангид л дарамт дарангуйлал хэрээс хэтрээд байгаа нь бичлэгээр нотлогдлоо. Хаа холын баруун хязгаар Увс, Ховдын цэргийн ангиудад алба хааж буй хөвгүүд хэрхэн хүчирхийлэлд өртөж эрх нь зөрчигдөж, зайдлуулж байхыг хэн ч таашгүй. Зэвсэгт хүчинд шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна.

Өдрийн сонин
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх