БНАСАУ Pfizer вакцины технологийг хулгайлахыг оролджээ

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлж байгаагаар Умард Солонгосын хакерууд АНУ-ын эмийн үйлдвэрүүдийн сүлжээнд нэвтрэн Pfizer/BioNTech компанийн вакцин бүтээсэн технологийг хулгайлахаар удаа дараа оролджээ.

Энэ талаар Сөүл хотод хаалттай зохион байгуулагдсан БНСУ-ын үндэсний ассамблейн тагнуулын хорооны хуралдааны үеэр эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ тэд нарийн тодорхой мэдээлэл өгөлгүй нууцалж байгаа бөгөөд Пёньяны хакеруудын оролдлого амжилттай болсон эсэх нь тодорхойгүй аж. Түүнчлэн Pfizer компанийн зүгээс ч гэсэн ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Өмнө нь Өмнөд Солонгосын тагнуулын алба Умард Солонгосын хакерууд вакцин үйлдвэрлэлтэй холбоотой Сөүлийн хэд хэдэн компанийн цахим хуудсанд халдахыг оролдсон талаар мэдээлж байсан юм. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хакерууд АНУ, Нэгдсэн вант улсын вакцин бүтээж буй есөн компанид халдаж, мэдээлэл хулгайлахыг оролдсон талаар хэвлэл мэдээллийнхэн шуугиж байсан билээ.

Түүнээс гадна БНАСАУ-ын хакерууд цөмийн хөтөлбөрт зориулж, цахим орчинд залилангийн аргаар нэг жилд 316 сая ам.доллар олсон талаар мэдээлэл олон улсын анхаарлыг татсан юм.

Өмнө нь Пёньяны хакерууд 2013 онд Өмнөд Солонгосын санхүүгийн хүрээлэнгүүдийн цахим сүлжээг доголдуулж, 2014 онд Сони компанийн цахим хуудсанд ноцтойгоор халдаж, 2017 онд их хэмжээний залилангийн хэрэг хийсэн хэмээн буруутгагдаж байсан түүхтэй.


Эх сурвалж: INDEPENDENT


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх