Монгол улс ЦАХИМ үндэстэн болно. Энэ зорилгыг Монгол улсын Засгийн газар баримталж буй. Тэгвэл Монгол улсын хот байгуулалтын үндэс суурь болсон барилгын салбарыг нэгтгэсэн, иргэд ААН-үүдийг холбосон Үл хөдлөх хөрөнгө борлуулалтын нэгдсэн үндэсний платформ бий болжээ. Энэ бол ИХ ГЭР платформ.
Гадаадад оршин суугаа Монголчуудад эх орондоо үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авах боломжоор хангах, Барилгын компаниудын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэглэгч, аж ахуй нэгж хоёрыг ямар ч дундын зуучлалгүйгээр шууд холбосон үндэсний платформын талаар "Их гэр” платформыг үндэслэгч, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, эдийн засагч Э.Мөнгөнзалаатай ярилцлаа.
"ИХ ГЭР” ПЛАТФОРМ ИРГЭН, БАЙГУУЛЛАГА ХОЁРЫГ ШУУД ХОЛБОХ ГҮҮР БАЙХ БОЛНО
-Та Австрид сурч байхдаа гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын дунд нэлээн том судалгаа хийж, тэдний хүсэлт, эрэлт хэрэгцээнд үндэслэн "Их гэр” төслийг санаачилсан гэдэг. Чухам ямар судалгаа байв?
-1990-ээд оноос өнөөг хүртэл гадаад улс орнуудад Монгол Улсын 220 мянга гаруй иргэд сурч, ажиллаж амьдарч байна. Эдгээр залуус гадаадад сурч боловсроод, ажлын туршлага хуримтлуулаад эргээд эх орондоо ирж ажиллаж амьдрах сонирхолтой байдаг. Үүнийг ч судалгаа харуулж байна. Судалгаагаар гадаад дахь иргэдийн 80 гаруй хувь нь Монголдоо үл хөдлөх хөрөнгөтэй болох, гарааны бизнесээ эхлүүлэх сонирхолтойгоо илэрхийлсэн.
Би 2016-2019 оныг дуустал гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээс түүврийн болон анкет, асуулгын аргаар 12 мянга 560 иргэнээс "Үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжтой иргэдийн нэгдсэн” судалгаа авсан юм. Тэд юу хүсэж байна вэ гэхээр гадаадад ажиллаж амьдарч байх хугацаандаа орон сууцаа захиалаад, төлбөрөө 2-5 жилийн хугацаанд төлөөд өөрийн гэсэн орон сууцтай болох, Монголдоо ирэх хүртэлх хугацаандаа түрээслүүлэх сонирхолтой байгаа нь харагдсан.
Гэтэл өнөөдөр гадаад дахь Монголчууд өөрийнхөө нэр дээр үл хөдлөх худалдан авах, захиалах боломж саяхныг хүртэл Монголд байхгүй байлаа.
Иймээс нэг талаас гадаад дахь Монголчуудын эрэлт, нөгөө талаас Барилгын компаниудын нийлүүлэлтийг хооронд нь уяж, ямар ч дундын зуучлалгүйгээр худалдан авагч иргэн, худалдан борлуулагч барилгын компанийг шууд холбох "Их гэр” төслийг санаачилсан юм.
-Монголдоо иргэд байр, орон сууц авахад хүндрэлтай байдаг. Гэтэл гадаад байгаа иргэдэд бүр л хүндрэл, чирэгдэл үүсэх байх?
-Таны асуусан асуултын хариу манай судалгаагаар бүрэн гарч ирсэн. Гадаадад байгаа хүмүүс хөрөнгө худалдаж авахад 5 том асуудал үүсдэг. Нэгдүгээрт: Заавал Монгол явах шаардлага үүсдэг, Хоёрдугаарт: Орлого нотлох, Гуравдугаарт: Хувь лизингт хамрагдах боломж хомс, хамтран зээлдэгч, батлан даагч шаарддаг, Дөрөвдүгээрт: Монгол дахь ар гэрийн хэн нэгний нэр дээр авах, Тавдугаарт: Визний асуудал. Монголд байгаа иргэд орон сууц авах гэж ямар их хугацаа зарцуулж, шат дамжлага дамждаг билээ дээ.
Ихэнх залуус Монгол руу ах, дүү хамаатан садандаа захиж орон сууц авахаар хөөцөлддөг. Гэтэл хүсэж байгаа байр, орон сууц, үл хөдлөх хөрөнгийг нь тэд сонгодоггүй, төлбөр мөнгийг нь бүрэн төлдөггүй, эх орондоо эргэж ирээд өмчлөлийн эрхээ шилжүүлэх гэж ах дүүсийн хооронд маргаан гарах явдал маш их байдаг. Тэр ч бүү хэл луйвардуулах тохиолдолд ч асар их байна. Нэг үгээр хэнд итгэж болохоо ч мэдэхгүй байгааг гадаад дахь иргэд илэрхийлсэн.
Гэтэл тэнд 220 мянган Монголчууд орон сууцныхаа 20-50 хувийн урьдчилгааг бэлдчихээд сууж байна. Богино хугацааны зээлээр орон сууц авах сонирхолтой. Энэ бүгдийг технологийн дэвшил, төр, хувийн хэвшлийн зохистой хамтын ажиллагаагаар бүрэн шийдэх боломжтой юм.
НАЙДВАРТАЙ, БАТАЛГААТАЙ, ЭРСДЭЛГҮЙ ПЛАТФОРМ
-Тэгвэл яаж энэ асуудлыг шийдэж байгаа вэ? "Их гэр” төсөл хэрхэн яаж явагдах вэ?
-"Их гэр” төсөл үл хөдлөх хөрөнгө борлуулалтын үндэсний платформ болно. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаатай найдвартай, баталгаатай, ямар ч эрсдэлгүй гэсэн үг. Ихэнх хүмүүс нэгээс хоёр, зарим нь гурван удаа үл хөдлөх хөрөнгө худалдан авч үр хүүхдүүддээ өвлүүлдэг. Хүний амьдралын суурь хэрэгцээ. Иргэд ямар ч эрсдэлгүйгээр баримт бичгийн ил тод байдлаар, санхүүгийн хамгийн уян хатан боломж нөхцөлөөр орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй болохыг хүсдэг. Тийм ч байх ёстой. Харин нөгөө талаас барилгын компани борлуулалтаа нэмэх сонирхолтой. Энэ хоёрын уулзах цэг нь "ИХ ГЭР” платформ юм.
-Одоо үл хөдлөх хөрөнгийн салбарт зуучлалын компани иргэн, байгууллага хоёрын дунд харилцдаг. Тэгэхээр "Их гэр” зуучлалгүй гэсэн үг үү?
-Хамгийн том онцлог бол энэ. Саяхныг хүртэл Монгол улсад 7200 үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани үйл ажиллагаа явуулж, түүнд 14 мянга гаруй зуучлагч нар ажиллаж байлаа. Монгол улсыг саарал жагсаалтад оруулахад 14-17 хувийн нөлөөллийг дангаараа үл хөдлөх хөрөнгө борлуулалтын салбар үзүүлсэн юм шүү. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд УИХ-аас холбогдох хуулийг батлан бүх үл хөдлөхийн компаниуд, зуучлагч нарыг тусгай зөвшөөрөлтэй болгосон. Санхүүгийн зохицуулах хороон дээр энэ ажил амжилттай явж байна. Салбарынхныгаа муулж байгаа юм биш. Тогтолцоо хийдэлтэй байсан гэдгийг л хэлж байгаа юм шүү. Мөн үл хөдлөх хөрөнгийн метр квадратын үнэд борлуулалтын зардал, маркетингийн зардал, хүний нөөцийн зардал, татвар, зээл, газрын төлбөр, материалын төлбөр гээд маш олон нөлөөлөх хүчин зүйлсүүд бий.
Тиймээс борлуулалтын зардал, маркетингийн зардал, хүний нөөцийн холбогдох зардлыг нь бууруулах, барилгын төсөл хэрэгжүүлэгч, хөгжүүлэгч компаниудаа дэмжих үүднээс ИХ ГЭР платформ бий болсон юм. Би барилгын салбарт 11 жил ажиллаж, судалж байна. Монголд маш сайн зуучлагч нар байгаа. Гэхдээ дийлэнхдээ зуучлал гэдэг үг утга учраа бүрэн алдсан байна шүү дээ. Хуучны ченжүүд, дамлагч нар гэдэгтээ утга нэг болчхоод байгаа юм. Гэтэл ОУ-ын жишгээр бол зуучлагч гэдэг бол хүний хэрэгцээг нээн илрүүлж, хэрэглэгчээ судлан таньж насан туршид нь үйлчилгээ үзүүлэгч нар байх ёстой байдаг. Тиймдээ ч нэр хүндтэй ажил байдаг.
Манай тогтолцоо үүнийг хараахан шийдэж чадаагүй байгаад л учир нь байгаа юм. Австри, Герман улсуудад зуучлагч нар нь тухайн барилгын төслөө ширхэг хадааснаас нь авахуулаад мэддэг төдийгүй, 10 жил, 20 жилийн дараа таны үл хөдлөх ийм үнэ цэнэтэй байна гэдгийг хот байгуулалтын ерөнхий төлөвлөлттэй нь уялдуулан судалгаа баримтаа худалдан авагчдаа хэлж ойлгуулж, хөрөнгө оруулалтыг нь хийлгэж байдаг. Тэр битгий хэл жил бүрийн голлох баяраар бэлэг хүртэл явуулж санал хүсэлтийг нь сонсож, тухайн гэр бүлийн нэг гишүүн шиг л ажилладаг. Магад суурин соёл иргэншилд хэдэн зуун жил болсны нөлөө байгаа л байх. Бид суурьшаад удаагүй гэж энийг мөрөөдөл шиг харж болохгүй юм. Харин дэвшилтэт технологи ашиглан ийм замд орох боломж байна. Тэр бүү хэл өөрийн орны онцлог, иргэдийн сэтгэл зүйд нийцүүлэн систем хөгжүүлэлт, технологийн дэвшлээр гүйцэх боломж байна.