Тэрбээр өчигдөр гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтыг эхлүүлэх шаардлага байгаа бөгөөд судалж байгаа талаар мэдээлсэн. Ингэхдээ цаг агаарын нөхцөл байдал, томуу, томуу төст өвчний хамгийн их дэгдэлттэй үе тохиодог, Ковид цар тахлын дэгдэлт тухайн үед ямар хэмжээнд байх, УОК-аас гаргасан хатуу хөл хорио тогтоох өдрүүдийн үр дүнгээс хамаарч дүгнэлт хийж танхимын хичээл хэзээ эхэлж болох талаар судалж байгаа аж.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Ер нь яамны зүгээс танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэх хүсэл байгаа хэдий ч энэ асуудалд хоёр хувилбарыг тооцож байна. Боломжтой бол танхимаар, эцэг эхчүүд хүсвэл теле, цахимаар сурах сонголтыг нь өгнө.
Боловсролын салбарын эрх ашиг, улс орны эрх ашгийн үүднээс мэргэжлийн яам бодлогоо гаргана. Сошиалаар биш, сэтгэлийн хөөрлөөр биш бүх зүйл судалгаа, тооцоо, гарч болзошгүй эрсдлийн төсөөллөө тооцоолсон ийм л шийдвэр байгаа.
Урьдчилсан тооцоогоор 174,000 сурагч сургалтын хоцрогдолд орж эхэлж байна. Энэ бол нийт суралцагчийн 10 хувь гэдэг бол аюултай тоо. Ирээдүйд ажилгүй, мэдлэггүй бүхэл бүтэн харанхуй үе гарч ирэх эрсдэл байна” гэсэн юм.