Өмнийн цэнхэр говийг өнгөрөгч амралтын өдрөөр зориод ирлээ. Өнгө ижил хувцсаар жигдэрсэн инженерүүд өглөө эрт ажилдаа гарч байна. Хамаг хөөрхөн залуучууд энд ажилладаг юм биш үү” хэмээн адал явдал хайж яваа дүү бүсгүй шивнэв. Тэд нээрэн нүд хужирлам цог зальтай харагдсан.
Өөрөөр гойд зүйл говьд ер үгүй. Өнөө л нүүрс тээврийн уртаас урт дараалал. Нөгөө л үнс шиг бужигнах сул шороо. Нүд, шүд л гялтагнаж үзэгдэх жолоочид. Тэдний зарим нь машиныхаа бүхээгт хоолоо хийж сууна. Өөр бусад нь хөзөр тоглож байгаа харагдана. Өмнөх машины хоёр хоорондоо барилдаж тэдний урд талын машины жолооч харин унтаж буй нь үзэгдэнэ. Хөөрхий эрчүүд урт дараалал, уйт өдөр хоногийг ингэсхийгээд л өнгөрүүлж сууна.
Нүүрсний тээвэрлэлтийг төмөр замаар хийх тухай монголчууд 10 гаруй жилийн өмнөөс ярьж, төлөвлөж, бүтээн байгуулалт эхлүүлсэн ч 2015 оноос хойш таван жилийн хугацаанд гацсан”. Тэр үед л гацаагүй бол, тэгээд төмөр зам баригдсан бол” гэх бодол төрж уртын урт дараалалд зогссон жолооч нарыг хараад санаа алдаж л явлаа.
Гэхдээ говьд овоолсон шороо” алга. Таван жил гацсан бүтээн байгуулалтыг энэ оноос үргэлжлүүлэн 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Өмнөговийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрт өнөөдөр бүтээн байгуулалт өрнөж бүгд завгүй ажиллаж байна.
Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 242 дугаар тогтоолоор Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Компани энэ оны гуравдугаар сарын 1-нээс Тавантолгой-Гашуунсухайт төслийн үндсэн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 240 км төмөр замаас гол замын үеийн эхний 130 км-ыг нь угсарчээ. Энэ бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчин, Монголын төмөр зам”, УБТЗ, Тавантолгой төмөр зам”, үндэсний 21 компани, аж ахуйн нэгж, 300 гаруй инженер, мэргэжилтэн, техникийн ажилтан, 1470 гаруй ажилтан гар бие оролцож байгаа. Төслийн захиалагч нь Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгч Бодь интернэшнл” ХХК.
Энэ зам Монгол Улсад анх удаа тавигдах гэж буй уулзваргүй, нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам гэдгээр онцлогтой. Мөн дотоодын санхүүжилтээр үндэсний аж ахуй нэгжүүд хамтран анх удаа бие дааж төмөр замын томоохон төслийг хэрэгжүүлж буйгаар түүх юм. Хамгийн чухал нь монгол залуучууд гаднын зөвлөхгүйгээр өөрсдөө үндэснийхээ төмөр замыг барьж байна.
Улаанбаатар хотын дөрвөн гүүрийг БНХАУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар барьсан. Харин өнөөдөр монгол инженерүүд, монгол залуус өөрсдөө гүүр барьж чаддаг болсныг Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүүр, хоолойн инженер Д.Лхагважав, гүүр хоолойн хийцлэлийн инженер Г.Золжаргал. Ухаалаг зам” консалтинг ХХК-ийн ерөнхий инженер 24 настай С.Мөнхтамгын ур чадвар, хичээл зүтгэлээс харагдаж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замд 27 гүүр баригдаж байгаа бол Гашуунсухайтад 16 гүүр баригдаж байна. Үүний найм нь дам нуруут, үлдсэн найм нь жаазан гүүр.
С.Мөнхтамга 16 настайдаа БНХАУ-д зам гүүрийн чиглэлээр суралцаж бакалаврын боловсрол эзэмшсэн. Суралцах хугацаандаа БНХАУ-ын Жөнжоу хотод байрлах шилэн гүүрийн бүтээн байгуулалтад зургаан сар ажиллажээ. Харин өнөөдөр 24 настай инженер эх орондоо төмөр замын хамгийн урт буюу 450 метр гүүрийн дам нурууг цутгах ажлыг удирдаж байна.
Ухаалаг зам” консалтинг ХХК-ийн ерөнхий инженер С.Мөнхтамга:
-Би Бээжингийн Зам харилцааны их сургуульд бакалаврын боловсрол эзэмшсэн. Одоо Наньжин хотын их сургуульд мастер хамгаалахаар суралцаж буй чКовид-19” цар тахлын улмаас онлайнаар хичээллэж байгаа. Хил нээсэн ч дипломоо хамгаалах л ажил үлдсэн тул буцаж явахгүй.
Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын ID105 буюу 450 метрийн урттай гүүрийн ажлыг гүйцэтгэж буй Ухаалаг зам” консалтингийн ерөнхий инженерээр ажиллаж байна. Одоогийн байдлаар арматур, хүчтгэл, дам нуруу гүйцэтгэлийн ажил явагдаж байгаа. Ирэх долоо хоногоос суурийн ажил, сарын дараагаас угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эх орны чухал бүтээн байгуулалтад оролцож байгаа учраас маш их хичээн ажиллаж байна” гэж ярив.
Ажлын талбайд бусад инженер, удирдлагуудын хамт 68 хүнийг чиглүүлэн ажиллаж буй залуу инженер:
Монголд гаднын компанид ажиллаж туршлага хуримтлуулаад ирсэн чадварлаг инженерүүд олон байгаа. Миний хувьд Жөнжоу хотод байрлах шилэн гүүрийн бүтээн байгуулалтад ажиллаж байсан. БНХАУ үйлдвэрлэгч орон учраас зам гүүрийн хөгжил нь түрүүлж хөгжсөн. Гэсэн ч монголчууд өөрсдөө дам нуруут гүүрийг хийхэд бэрхшээл үгүй болсон. Боловсон хүчин бас технологи нь ч байна.
Говь харьцангуй дулаахан ч салхи шуурга нь жаахан хэцүү. Бодь интернейшнл” ХХК-ийн ХАБ-ын шаардлагаар 12 метр секундээс хүчтэй салхитай үед кранаар өргөлт хийхийг хориглодог. Энэ мэт цаг агаартай холбоотой бэрхшээл л байхаас чадахгүйн асуудал монголчуудад байхгүй” хэмээлээ.
Гэр бүлтэй болж амжаагүй ээ гээд инээвхийлэх энэ залуу:
Цаг агаар сайхан байвал 12 сард гүүрийн ажлыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Өнөөдөр шиг сайхан цаг агаартай байвал гялалзуулаад л байна. Бетон цутгалт авах боломжгүй болсон цагт л буугаад гэртээ харина даа” гэсэн нь Монгол залуус Монголдоо ажиллаж, амьдрах сайн цагийн эхлэл, өөдрөг тэмүүллийг мэдрүүлж байлаа.
Түүний адил шижигнэсэн, гар нийлсэн олон залуус Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө зүтгэж байна. Нүүрсний экспортын шинэ гарцыг энэ залуус, энэ төсөл, энэ төмөр зам нээнэ.
Энэхүү шинэ чиглэлээр нүүрс тээвэрлэвэл нэг жилд 15 сая тонн гэж тооцоход нийт 180 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтойг Монголын төмөр зам” компани мэдэгдэж байсан. Ингэснээр Хятадын нутагт үлдэх байсан 180 сая ам.долларын валютын урсгалыг дотооддоо шингээх давуу талтай.
Манай хамгийн гол өрсөлдөгч Австралиас ирж байгаа нүүрс далайн тээврээр тонн тутамд тавхан долларын өртөгтэйгээр орж ирж байгаа. Гэтэл бид автозамаар 32 доллар төлөн тээвэрлэж байна. Хэрэв Монгол Улс төмөр замаа бариад л өгчих юм бол өрсөлдөгчгүй болно” гэж Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлсэн.
Удахгүй ирэх өрсөлдөгчгүй өдрүүдийн зүг урагшлаад л байгаарай, залуус аа. Тивд экспорт хүргэх төмөр замыг монгол инженерүүд бүтээж, өндөр хөгжлийн буухиаг зурайлгаж байна.
Г.Тэгшсүрэн