Залуусын улс төрийн оролцоо ямар түвшинд байна вэ? Дэлхий VS Монгол

  • 0
  • 73
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Монгол улсын гурван хүн тутмын ойролцоогоор нэг нь 30 хүртэлх насны залуучууд байна. Эдгээр шинэ үеийн залуучууд бол ардчилсан чөлөөт нийгэмд өсөж торниж буй анхны үеийнхэн бөгөөд ирээдүйд манай ардчилал илүү бэхжиж чадах эсэх нь тэдний улс төрийн идэвх, оролцооноос шууд хамаарна. Иймд улс төрийн оролцоо гэж яг юу болох, манай залуучуудын оролцоо бусад улсуудынхтай харьцуулахад хэр байгаа талаар энэхүү нийтлэлийг бичиж байна.  

Улс төрийн оролцоо гэж юу вэ?  

"Энгийн иргэдэд төр засагтайгаа хариуцлага тооцох боломж олгодог ардчиллын амин чухал, салшгүй нэг хэсэг нь иргэдийн улс төрийн оролцоо юм” гэж судлаач Роберт Даль 1973 онд бичиж байжээ. Тухайн үеийн судлаачид төртэй хариуцлага тооцох гэдгийг голдуу сонгуулиар төсөөлдөг байсан учраас сонгуульд санал өгөх, өөрөө нэр дэвших, эсвэл сонгуулийн компанит ажилд сайн дураар ажиллах, намд гишүүнээр элсэх гэх мэт цөөн тооны нийгмийн хэв хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үйл хэргийг иргэдийн улс төрийн оролцоо гэж тодорхойлдог байв.  

Харин орчин үед зөвхөн сонгуульд санал өгөхөөс гадна өөр олон аргаар улс төрд оролцох, нөлөөлөх боломж бүрдсэн байна. Тухайлбал, иргэний нийгмийн байгууллагад элсэх, өргөдөлд гарын үсэг цуглуулах, онлайнаар санал бодлоо илэрхийлэх, эсэргүүцлийн жагсаалд оролцох гэх мэт шинэ оролцооны хэлбэрүүд бий болжээ. Өөрөөр хэлбэл сошиал дээр лайк эсвэл шэйр дарах төдийд улс төрд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой болсон сонирхолтой цаг үед бид амьдарч байна.  

Ийнхүү улс төрийн оролцоо гэх ойлголт нь хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа бөгөөд өдгөө ихэнх судлаачид сонгуульд санал өгөх, намд гишүүнээр элсэх зэргийг улс төрийн "уламжлалт” эсвэл "институцийн оролцоо” гэж харин жагсаал, цуглаанд оролцох, онлайнаар санал бодлоо илэрхийлэх гэх мэт үйл хэргийг "институцийн бус” (non-institutional) оролцоо гэж нэрлэж тус тусад нь судалж байна. Учир нь залуучуудын улс төрийн уламжлалт оролцооны түвшин ихэнх улсад эрчимтэй буурч байгаа бол институцийн бус оролцоо нь улам бүр нэмэгдэж байгаа ажээ.

 

 

Зориг сангийн зөвлөх, Япон улсын Васеда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант С.Болдсайхан



Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх