Дөрвөн есийн хүйтэнд гадаа ид жавар тачигнаж байхад кино зургийн багийнхан түмэн завгүй. Өвлийн улиралд кино бүтээх нь цаг агаараас эхлээд хүч хөдөлмөр, тэвчээр шаардаж байгаа хэдий ч цар тахалын нөхцөлд үзэгч түмнийхээ дархлааг дэмжихээр Дорноговь аймгийн уран бүтээлчид хамтран Одонтой аав” инээдмийн уран сайхны кино бүтээжээ. Хоёрдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн IPTV-ээр дамжуулан үзэгчдийн хүртээл болох тус киноны зохиолч, найруулагч, Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театрын ерөнхий найруулагч СТА А.Баярсайханыг дугаарын зочноор онцоллоо.
-Сайн байн уу. Кино хэрхэн бүтсэн түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-Баярлалаа. Одонтой аав” кино нь Дорноговийн уран бүтээлчдийн хоёр дахь дэлгэцийн бүтээл юм. Бид эхлээд сар шинийн баярт зориулсан баярын контент байдлаар хийе гэж ярилцаж байсан боловч баярын контент гэхээсээ илүүтэй чанартай дэлгэцийн бүтээл хийхээр болоод DTV /Дорноговь телевиз/-тэй хамтарч ажиллахаар болсон. Кино багт 60 гаруй хүмүүс ажиллалаа. Яг кино групп дотроо 20 орчим гол дүрийн уран бүтээлчид оролцсон. Манай киноны гол дүрд мэргэжлийн уран бүтээлчид тоглосноороо онцлогтой. Өмнө нь дэлгэцээр харж байгаагүй, өөр кинонд дүр бүтээгээгүй жүжигчдээр баг бүрдүүлсэндээ баяртай байгаа. Манай улсад нэг жилийн хугацаанд 60-70 кино бүтээл гардаг. Үүнд нэг жүжигчин дунджаар 5-8 кинонд дүр бүтээдэг жишээний байна. Үзэгчид маань нөгөө л нэг жүжигчин ахиад энэ кинонд тоглосон байна гээд шүүмжлэх аястай байдаг. Харин манай киноны ялгарах онцлог бол бүх дүр шинэ гэдгээрээ онцлогтой. Монголын үзэгчид олж хараагүй дүр олон бий. Энэхүү кинонд бидний амьдралд тохиолддог бодит үйл явдал өрнөдөг учраас үзэгчдэд илүү дотно мэдрэмжийг төрүүлэх болно. Инээдмийн уран сайхны кино гэдэг утгаараа уран сайхны тавилттай авсан хэсгүүд нэлээд хэд байгаа.
-Зураг авалт дууссаны дараах мэдрэмжээ хуваалцахгүй юу? Одоо ямар шатанд киноны ажил үргэлжилж байгаа вэ?
-Яг зураг авалт дууссаны дараа орон нутаг гэж ярьмааргүй байна. Орон нутаг гэдэг бол зөвхөн газар нутгийн хилээр л хязгаарлагддаг, харьяалагддаг болохоос биш тайзны бүтээл, дэлгэцийн бүтээл дээр энэ хөдөөнийх, энэ хотынх гэж ялгах боломжгүй л дээ. Манай кино багт Улаанбаатар хотоос мэргэжлийн дууны найруулагч ирж ажилласан. Маш туршлагатай хүн ирсэнд бид баяртай байгаа. Гарч байгаа сцень бүрийг өнгөлөг болгох гэж зорьсон. Тасралтгүй 10 хоног өдөр, шөнөгүй зураг авалт үргэлжилсэн. Одоо монтаж, хөгжмийн найруулга, эвлүүлэг гэх мэт хамгийн чухал ажлууд хийгдэж байна. Улаанбаатар хотоос ирсэн дууны найруулагч маань долоо хоногийн хугацаатай томилолттой ирсэн. Ер нь бол сар гаруй үргэлжлэх зураг авалтыг 10 хоногт шахаж багтаан авсан. Шөнийн гурав, дөрвөн цагт зураг авалт дуусаад өглөө эрт үргэлжлүүлэн авч байв. Шөнө урт, өдөр богино болохоор бид маш их хөдөлмөрлөсөн. Үнэхээр завгүй өдрүүд байлаа. Ядарсан ч гэсэн том ажлын ард гарах сайхан байна.
-Дорноговь аймагт зураг авалт хийхэд хүндрэлтэй асуудлууд байсан уу? Тодруулбал найруулагчийн санаанд таарах обьект хэр олдоцтой байв?
-Мэдээж Сайншанд хот гэдэг утгаараа олон гоё газрууд байдаг. Зураг авалтуудад түүхэн болон орчин үеийн засалттай обьектууд багтсан. Сайншандад уран сайхны киноны зураг авах, хийх нөхцөл бүрэн боломжтой гэдгийг сая харлаа. Гадаа зураг авалтын үеэр гэрэлтүүлэг жаахан дутагдаж байсан. Гэхдээ бид Сайншандынхаа бүхий л өнгөлөг сайхан газруудыг сонгож зураг авалтаа хийсэн. Сүүлийн жилүүдэд манай Сайншандад олон бүтээн байгуулалтууд хийгдсэн. Үүнийгээ дагаад өнгө үзэмж сайхан болж байгаа. Цаашид ч илүү сайхан болно гэдэгт итгэж байна. Тиймээс нутагтаа уран бүтээл хийгээд үзэгч түмний хүртээл болгох бүрэн боломжтой юм байна гэдгийг кино багт ажилласан уран бүтээлчид ярьж байна.
-DTV, Саран хөхөө театрын уран бүтээлчид хэрхэн хамтран ажилладаг вэ? Ялангуяа цар тахал дэгдсэн одоогийн нөхцөл байдалд уран бүтээлээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран цаг тухай бүрд нь үзэгчиддээ хүргэх нь чухал байна. Энэ тухайд?
-Өнгөрсөн жил DTV /Дорноговь телевиз/-ийн хамт олонтойгоо хамтраад бусдын санаачлаагүй олон сайхан үйл ажиллагааг хамтарч хийсэн. Үргэлжлүүлэн уран бүтээлээ чанаржуулж уран сайхны киноны хэмжээнд очно гэдэг бол техник болоод сэтгэхүй, ур чадварын дэвшил гэж би харж байна. Ихэвчлэн залуучууд байгаа болохоор нэгдэж нэг зорилгын төлөө ажиллаж чадаж байгаад баяртай байна. Ер нь хөдөө орон нутаг, Улаанбаатар гэж зааглаж сэтгэхгүйгээр зүгээр л адилхан уран бүтээлч гэж үзвэл хэнээс ч дутахгүйгээр юу ч хийж чадна. Театр, телевиз хамтраад хандивын тоглолт, лайв тоглолт хийж чадсан. Одоо бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байна. Дараа нь шашин урлагийн теле концерт хийхээр төлөвлөж байгаа. Аливаа уран бүтээл хийхэд дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Дэмжлэггүй уран бүтээл ядруухан болдог шүү дээ. Манай аймгийн хувьд олон сайхан түүх соёлын өв болсон нутаг. Жишээлбэл Их говийн зоригтнуудын тухай, Хутагтын тухай гээд олон түүхээс сэдэвлэж болох уран бүтээлийг хийх боломжтой байна. Тийм учраас соёл, урлагийн салбараа хөгжүүлж ялангуяа дэлгэцийн бүтээлийг ихээр хийж хойч үедээ үлдээх нь чухал байна. Энэ салбарыг цаашид хөгжүүлэхгүй бол баримт байхгүй болно. Дэлгэцийн бүтээлд нутаг орныхоо түүхээ мөнхөлж үлдээх нь олон талын ач холбогдолтой. Миний зорьж байгаа нэг зорилго бол орон нутгаа дэлхий, Монголд сурталчлах дэлгэцийн бүтээл хийх юм.
-Театрын тайзнаа жүжиглэх, дэлгэцийн уран бүтээлд жүжиглэх хоорондоо ялгаатай гэдэг. Одонтой аав” кино нь жүжигчдээс ямар ур чадварыг илүү шаардсан бэ?
-Бид тайзны уран бүтээлийг байнга л хийдэг байсан. Хамгийн сүүлд тайзны маш том бүтээл болох Лир Ван” жүжгээр зүүн бүсийн шилдгээр тодорч Гэгээн Муза” наадамд оролцсон. Саран хөхөө” театр нь жүжиг болон хөгжмийн суурьтай театр юм. Цар тахал гарсны улмаас бид тайзнаа жүжиг тавих боломжгүй болсон. Тиймээс уран бүтээлч бидний хувьд дэлгэцийн бүтээл рүү шилжиж яалт ч үгүй хувьсан өөрчлөгдөхөөс өөр гарцгүй болсон учир телевизээр дамжуулан уран бүтээлээ үзэгчдэд хүргэж эхэлсэн. Өмнө нь 400-500 үзэгчдэд уран бүтээлээ хүргэдэг байсан бол цахимаар үзэхэд энэ тоо хэдэн дахин нэмэгдэж хүмүүст хүрч байна. Орчин үеийн театр хаашаа л бол хаашаа хөрвөх чадвартай байх ёстой. Тайзны жүжигчдийг шууд кино жүжигчин болгосон нь маш том өөрчлөлт байлаа. Тайзнаа олон жил жүжиглэсэн хүн тод, чанга ярих, тоглолт хэтрүүлэх, нээлттэй тоглох зэрэг ур чадварууд суучихсан байдаг юм билээ. Гэхдээ үүнийг эвдэж дэлгэцнээ маш энгийн жүжиглэх, нүд үнэн байх, хөдөлгөөнөө хязгаарлах гэх мэт олон ур чадвар тухайн жүжигчдээс гарсан. Дэлгэцийн бүтээл олон дахин дубльдэж болдог болохоор давуу талтай. Харин эсрэгээрээ тайзны бүтээл бол нэг л удаа шууд жүжиглэдэг. Манай мэргэжлийн жүжигчид маш сайн хувирч ажилласан гэж бодож байгаа. Цаашдаа ч театрын жүжигчдэд маань олон киноны дүрийн санал ирнэ гэдэгт итгэлтэй байна.
–Киноны гол дүрд ямар жүжигчид тоглосон бэ? Хэрхэн дүрээ сонгож авав?
-Одонтой аав” киноны маань гол дүрд Саран хөхөө театрын дарга СТА жүжигчин Э.Идэрболд, Замын-Үүд сумынСоёл, спортын ордны жүжиглэх урлагийн багш СТА Н.Төрбадрах ах маань тоглосон. СТА Б.Даваахүү, СТА Б.Баттөмөр, СТА С.Лхагвасүрэн, мөн миний бие туслах дүрүүдэд, дөрвөн охины дүрд СТА Ч.Одондэмбэрэл, СТА Э.Золзаяа, Б.Болортуяа, Д.Дариймаа нарын залуу жүжигчид тоглосон.
-Хэрвээ танд соёл урлагийн тухай бодлого тодорхойлох боломж олдвол ямар саналыг оруулах вэ?
-Соёл урлагийн салбарт тулгамддаг олон асуудал байдаг. Ирээдүйг харсан соёлын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсронгуй болгох, соёлын менежментийг сайжруулах нэн шаардлагатай байна. 2021 онд Ардын хувьсгалын 100 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Тийм учраас Дорноговь аймгийн 90 жилийн түүхийг харуулсан ажлыг хийхээр төлөвлөгөөнд оруулсан. Мөн Д.Данзанравжаагийн 220 жилийн ойгоор Хутагтын тухай томоохон уран бүтээлийг хийх, биет бус өвийг тээж байгаа уран бүтээлчдийг хамруулан тэдний авьяасыг сурталчилсан дэлхийд таниулах ажлуудыг хийх хэрэгтэй байна.
-40 жилийн түүхтэй Саран хөхөө театрын ерөнхий найруулагчийн хувьд тайзнаа ямар уран бүтээл хийж үзэгчдэд толилуулахыг хүсдэг вэ?
-Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театрын 40 жилийн ой маш өргөн дэлгэр болох төлөвлөгөөтэй байсан боловч 40 жилийн тоглолтууд бүгд хойшлогдож, зарим нь цуцлагдсан. Миний хувьд театртаа яг энэ цаг үед ажиллаж байгаадаа баяртай байдаг. 2021 онд дуулалт жүжиг найруулан үзэгчиддээ хүргэх төлөвлөгөөтэй байна. Дэлхийн хэмжээний бүтээлийг Монголд, тэр дундаа Дорноговь аймагт амилуулах бодолтой байна. Дэлгэцийн бүтээлээ ч орхихгүй хийнэ. Өсвөр үеийн хүүхдүүдэд зориулсан ажил руу чиглэнэ.
-Одонтой аав” инээдмийн уран сайхны киногцөөн үгээр тодорхойлбол? Киногоор дамжуулан үзэгчдэд юу хэлэхийг зорьсон бэ?
-Уран бүтээл гэдэг утгаар нь хүн бүхэн үзээсэй хэмээн бодож байна. Үзэгчдийн кино үзэх хүлээлтийг унагахгүй гэдэгт итгэж байна. Шинэлэг, онцлог кино болсон. Үзэгч та бүхэн ухаарал, баяр баясал, инээд хөөрийг манай уран бүтээлээс мэдрэх болно. Хамгийн гол нь гэр бүлийн нэг нэгнээ энэрэх хайрлах сэтгэл, хайрлана гэдэг ямар сайхан гэдгийг мэдрэнэ гэдгийг хэлмээр байна. Амьддаа бие биенээ хайрла гэж хэлж ярьцгаадаг. Энэ хэмжүүр нь цаг хугацаагаар илэрхийлэгддэг. Тийм учраас одоо байгаа энэ цаг үе маань биднийг хүлээхгүй шүү. Өнөөдөр та аав дээрээ очъё гэж бодож байгаа бол өнөөдөр л очих хэрэгтэй. Маргааш юм уу, нөгөөдөр очиход тань оройтсон байх вий. Одонтой аав” киног үзсэнээр магадгүй хол байгаа аавыгаа зорино. Магадгүй гэр бүлдээ илүү анхаарал, цаг хугацаа, хайр, халамж гаргах болно. Нэг уран бүтээлийн ард олон хүмүүсийн хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн байдаг. Гэрэлтүүлэгч, туслах ажилтан, зураач, зургийн дарга гэх мэт маш олон хүн бий. Аливаа уран бүтээлийн цаад мөн чанар, агуулгыг ойлгож үзээрэй гэж уриалж байна. Нутгийн түмэн олон минь бидний уран бүтээлийг дэмжиж Одонтой аав” уран сайхны киног заавал үзээрэй. IPTV-д байрлах учраас хаанаас ч үзэх боломжтой. Үзээгүй нэгэндээ заавал дуулгаарай. Хоёрдугаар сарын 9-нөөс эхлээд хэн бүхэнд нээлттэй.
Баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.
Ярилцсан: С.Бэрцэцэг