Орк...

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Орк...

 

ОРК гэдэг үгийг огт сонсож мэдээгүй миний бие олон жил харь газар албан үүрэг гүйцэтгэж яваад Монголдоо ирээд ойлгох гэж нилээн будилав. Орк гэдгийг Монголоор орчуулаад өгөөч, хэнийг яг орк гэдгийг хэлээд өгөөч гэж хамгийн ойр дотно байдгаараа хүүгээсээ хэд хэдэн удаа асууж шалгааж хариу авсан ч оркийн талаар нэг л ой тойндоо ортлоо ойлголт авч чадсангүй.
 
Харин нэг өдөр хүүтэйгээ тэмээтэй хөшөөний тэнд Чингисийн өргөн чөлөөний замын улаан гэрлэн дээр  машинтайгаа зогсож байтал араас нэг нөхөр "яваач ээ” гээд байгаа болтой учир зүггүй сигналдаад байгааг харсан миний хүү: "Ааваа таны асуугаад байдаг орк гэж ийм хүнийг хэлдэг юм" гэснээс хойш орк гэж хэн бэ гэдгийг ойлгох болсон.
 
Тэгэхээр тэр нөхөр намайг тухайн үед учраа мэдэхгүй шинэков жолооч болгож бусдад харагдуулж доош хийх, улмаар улаан гэрлээр ухас хийлгүүлж торгууль тавиулах,  харин өөрөө болохоор угсруулаад ногоон гэрлээр гарахаа сайтар тооцоолсон байх зэрэг орк хүний овсгоотой хорлонтой хоржоонтой шинжийг давхар давхар агуулсан байх талтай.
Орк хүнд боловсрол мэдлэг, хот хөдөөнийх, баян хоосон, бага том жижиг байх нь ялгаагүй, ерөнхийдөө тэд бүдүүлэг соёлгүй хэнэггүй хар амиа хичээсэн бусдыг үл тоосон өөрөө л болж байвал бусдын эрх ашиг хамаагүй гэх өчүүхэн сэтгэлгээтэй. Тухайлбал орон гэртээ болохоор жигтэйхэн цэвэр цэмцгэр ч олон нийтийн 00 өрөөг орохын аргагүй болгодог, шилэн данс шударга ёс яривч ширээн доогуураа хахууль авч оффшор оймсондоо нуудаг зэрэг. Таны орчин тойронд оркууд олон цөөн байх нь хамаагүй, гагцхүү та орчлонг зөв хүний нүдээр харж зөв үйлдлээрээ нийгэмд үлгэрлэж чадваас оркийн тоо, чанарыг ч огцом бууруулж чадна. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг болохоор зөөлөн ус хатуу чулуугаа хайлуулж уусгахын адилаар зөв нь буруугаа хэзээ нэгэн цагт дийлдэг жамтай.
 
Өнгө мөнгөний хорвоогоор үнэ төлбөргүй тэнүүчлэх Үнэн үг мэргэн ухаан өвгөдийн сургаалийг өвлөөд авсан цагт та өвч хуягласан цэрэг мэт өөдөөс довтлох хэл ам хэрүүл маргаанаас эхлээд зүсэн бүрийн ОРК зүйлээс ч зүү орохооргүй хамгаалагдана.
 
Өнгөрдөг шинэ жилээр Өвлийн өвгөнд хэцүүхэн амьдралтай нэгэн хүү ил захидал бичин, "Өвгөн ааваа, миний ар гэр амьдрал хэцүү байнаа, аав архи уугаад, ээж хаяад явсан, өвлийн хүйтэнд өмсөх хувцас ч алга. Та надад шинэ жилийн бэлэг болгож дулаан куртик малгай бээлий гутал бэлэг болгоод явуулаач, Таныг жинхэнээрээ байдаг, Үнэгүй бэлэг тараадаг гэдэгт би үнэхээр итгэдэг" хэмээн бичсэн байхыг шуудангийн салбарын зөв цайлган сэтгэлт бүсгүй уншаад хүүг өрөвдөн уйлан хайлан, байгаа мөнгөө шавхан байж малгайнаас нь бусад /мөнгө нь арай хүрээгүй тул/ бүх хувцсыг нь дэлгүүрээс шинээр авч, Өвлийн өвгөний бэлэг хэмээн шуудангаар гэрт нь хүргүүлжээ. Шинэ жилээс хэд хоногийн дараа нөгөө хүүгээс Өвлийн өвгөнд баярласан талархсан ил захидал илгээсэн байхыг уншваас "Өвлийн өвгөн ааваа, Таны илгээсэн бүх зүйлийг авч маш их баярлалаа. Харин малгайгийг нь манай шуудангийн салбарын нэг муу хүүхэн замаас нь шаачихаж, та дахиад явуулна уу" гэснийг бүсгүй уншаад шинэ жилийн эхний цалин, өнгөрсөн жилийн шагналын цалин анх удаагаа дансанд нь ороод ирсэн байхыг ч хэлэх үү үдийн унднаараа дэлгүүр гүйн сайхан дулаан ноосон малгай аваад "орк хүүд” илгээжээ. 
 
Доктор Д.Эрдэнэцогт
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх