ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
УИХ-ын сонгуулийн үр дүн, намын Их хурал, өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар АН-ын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.
-АН УИХ-ын сон-гуульд ялагдаж та ёс зүйн хариуцлага хүлээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Намаа удирдаж орохдоо сонгуулийн үр дүнг яаж тооцоолж байв?
-Үнэмлэхүй, тасархай ялна гэж бодоогүй. Гэхдээ ойрхон суудал авах болов уу. Эвслийн Засгийн газрын хэлбэр рүү шилжих байх гэж тооцоолсон. Үүний тулд бүх боломж, нүүдлийг чадлаараа хийсэн. Надад алдаа байсан. Алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа. Магадгүй илүү боломж, илүү нүүдэл хийж чадаагүй нь миний буруу ч улс төрийн явуулга байгаагүй бол энэ нам эрх баригч нам байх байсан. Зарим хүн АН-ыг Үндсэн дүрмээс болж ялагдсан мэт яриад байгаа юм. Үндсэн дүрмээс болж ялагдаагүй. Энэ удаагийн УИХ-ын сонгууль улс төрийн намууд болон төрийн томоохон эрх мэдэлтнүүдийн хоорондын хуйвалдаан гэж харж байгаа. 2020 оны УИХ-ын сонгуульд намайг харлуулахын тулд эсрэг нам биш манайхан илүү их ажилласныг хэлэх ёстой. МАНАН мафийг хамгаалсан гэсэн сурталчилгаа, пиарыг манайхан түлхүү явуулсан. Намайг УИХ-д буруу хүн дэвшүүлсэн гэсэн. Ер нь хэн нь дэвшвэл зөв байсан юм. Намд улс төрийн карьер хөөх гэж л орж ирдэг биз дээ. Залуучууд, шинэ хүмүүсийг нэр дэвшүүлсэн нь яагаад буруу гэж. Хоёрдугаарт, намын 30 гаруй хүнтэй сонгон шалгаруулах хороогоор хүмүүсээ сонгож хуулийн дагуу нэр дэвшүүлсэн. Бодлогоор ганц, хоёр хүнийг намын удирдлагын зүгээс дэмжсэн зүйл бол бий. Бүгд намын гишүүн байхад хэнийг нь заавал нэр дэвшүүлэх ёстойг хэн тогтоох юм. Хамтын шийдвэр гаргасан. Дэвшиж чадаагүй хүн болгон гомдох нь аль ч намд байдаг л зүйл.
Ардчилсан намыг ялагдлаа гээд байх юм. Хоёр ялагдлын дунд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан байхад дараалсан ялагдал гэж яриад байгааг ойлгохгүй байна. Уг нь Монгол төрийн тэргүүнийг сонгосон нь том ялалт биз дээ. Ардчилсан нам 31 жил нэг ч удаа ялж үзээгүй. Харин ч би намын дарга болоод ялуулсан юм шүү. Хамгийн олон саналыг 1996, 2012 онд авч хамтарсан Засгийн газар байгуулж байсан. МАН-ынхан хүртэл жил гаруй эвсэлд орж ажилласан. АН дангаараа засаглаж байгаагүй.
-Та тэгвэл хэдэн удаа ялуулсан юм бэ?
-Би 2017 оны хоёрдугаар сард намын даргаар сонгогдсон. Намын дарга болсны дараах хамгийн том ялалт бол өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга. МАН УИХ-д 65, АН есөн суудалтай. Төрийн бүх шатны байгууллагууд эрх баригчдын талд маш хүнд сонгууль байсан ч би намын дарга болоод дөрвөн сарын дараа намаа өөрөө удирдаж ороод итгэл төгсөөр Х.Баттулгыг ялуулсан. Дараа нь 2017 оны намар 65 суудалтай эрх барьж байгаа үнэмлэхүй ялсан намын Засгийн газрыг огцруулсан нь миний удирдсан намын хоёр дахь том ялалт байсан. Мөн 2018 оны намар У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох боломж бүрдүүлж сөрөг хүчин хүчтэй ажилласан ч санал хураах мөчид манайхаас гурван хүн урвасан. Гуравхан саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдсэн шүү дээ. Энэ миний буруу юу. Тэр гурван урвагчийн хоёр нь Элчин сайдаар явах гэж байгаа бол нэг нь тендерийн дэмжлэг авчихаад Баян-Өлгийд жаргаж байна. Үүний ард хариуцлага хүлээх эзэн байгаа гэж бодож байна. Эндээс эхлээд намайг харлуулж, дайрсан. Эрх баригч намын даргыг огцруулах нь сөрөг хүчний стратегийн зорилго биз дээ. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулсан бол манай нам олонх болох байсан. Гэтэл тэр хариуцлагыг, миний хийсэн ялсаныг яагаад ярихгүй байгаа юм.
-АН Шонхор таураас нүүгээд намын байргүй болчихлоо гэж олон нийт харж байна. Анх ямар нам хүлээж аваад ямар байдалтай хүлээлгэж өгөв?
-Би энэ байрнаас гар гэж хэлээгүй. Өөрсдөө л сайн дураараа гараад явсан. Гарахдаа намаас урваж, намыг худалдсан хүний байрны булангийн хоёр өрөөнд орчихсон байна лээ. Тэр хүнийг Ерөнхийлөгчийн зөвлөх болооч гэж гуйгаагүй. Хэн болгосныг мэдэхгүй.
Ардчилсан нам өргүй байсан түүх байхгүй. 2017 онд намайг намын даргын ажил авахад тэрбум гаруй төгрөгийн өртэй, байргүй, нэг ширхэг машингүй. Техник хэрэгсэл, тавилгагүй байсан. Харин дөрвөн жил чадлаараа зүтгэж, 21 аймаг есөн дүүргийг унаатай болгож, техник хэрэгслээр хангасан гээд яриад байвал олон юм бий. Харин Ц.Туваанд хүлээлгэж өгөхөд 2020 оны сонгуулийн үеэр зарим хандивлагчдаас мөнгөө дутуу өгснөөс хэвлэлийн зардал, ганц нэг урлаг соёлын хүмүүст бага сага өглөгтэй байснаас өөр ноцтой зүйл байгаагүй. Өнөөдөр энэ намд ямар орлого, зарлага гарсан бэ гэдгийг гаргаж өгөхөд бэлэн байгаа.
Тэгж яривал Ц.Туваан Ерөнхий нарийн бичгийн дарга байсны хувьд өнгөрсөн гурван жил намын гал тогоог барьсан. Хууль журмаараа намын ерөнхий нарийн бичгийн дарга хөрөнгө захиран зарцуулах, боловсон хүчнийг томилох, чөлөөлөх бүх эрхийг эдэлдэг. Дүрмээрээ би тэр бүх гарын үсэг, шийдвэрт оролцож байсангүй. Харин сүүлийн нэг жилд нь сонгуульд нэр дэвшинэ гэж дэд дарга болсон. Намайг ажлаа өгсний дараа Ц.Туваан, П.Нүрзэд нар аудит оруулна гэж хамаг бичиг баримт авч яваад таг болсон. Таван сар болоход нэг ч холбогдоогүй. Сүүлдээ аудитын Алтанцэцэг гэдэг хүн нь утсаа ч авахаа больсон. Түүнээс хойш нэг ч эргэж уулзаагүй, ямар хугацаанд хийх, авсан баримтаа шалгаж, эргэж алдаа зөрчил гаргасан бол тайлбар аваад явах ёстой. Манай санхүүгийн албаныхан бүтэн дөрвөн сар ажилгүй, цалингүй хүлээж байна. Санхүүгийн аудитын дүнг албан ёсоор гаргасны дараа тойрохыг нь зурж, ажлыг нь хүлээж авна. Тэр хүмүүсийн нийгмийн даатгалыг нь хувиасаа төлөөд явж байна. Ийм байдлаар хүн хохироож болохгүй. Үнэхээр санхүүгийн зөрчил, хариуцлага тооцох зүйл байвал гаргаад ирэх хэрэгтэй. Санхүүгийн албаныхан Мэргэшсэн нягтлан бодогчдын газар, Сангийн яамны холбогдох хүмүүс өргөдлөө өгчихөөд хүлээж байгаа. Намын байр, өр шир гэсэн жижиг зүйл ярих гэж байгаа бол нэгдүгээр гарын үсэг зурсан хүн нь өөрөө шүү дээ. Өөрөө л гарын үсэг зурсан, хариуцаж байсан хүн нь. Харин намын байрны асуудал ярих гэж байгаа бол хоёр байрыг зарж идсэн хүн нь УИХ-д сууж байна. Тэр хүнтэйгээ ярих хэрэгтэй.
-Өмнөх дөрвөн жилд намын дүрмээ шинэчилсэн байтал энэ удаагийн Их хурлаар дахиад л дүрэмтэйгээ зууралдлаа. Яг юу нь болохгүй байна вэ?
-Дүрмээ өөрчилж, бүлэг фракцийн хуваагдлаас гаргаж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, тугтай нам болгоё гэж зорьж, намын даргаар ажиллаж байхдаа дүрмээ өөрчилсөн. Бүтэн гурван жил 330 сум, 172 хороо, бүх гишүүдээр хэлэлцүүлж баталсан. Анх удаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн энэ дүрмээр гишүүдийн оролцоог маш сайн хангаж өгсөн. Хуучин бол ҮБХ гэж 228 төлөөлөлтэй, тухайн үеийн намын даргадаа таалагдахын тулд л ажиллаж байсан. Шинээр сонгогдсон ҮБХ-ны 410 гишүүн анхан шатандаа орж ажиллахгүй бол улс төр нь явахгүй болдог болсон. Намын гишүүдээс дэмжлэг авах шаардлагатай, гишүүн төвтэй, бүх гишүүдийн сунгаагаар гарч ирдэг дүрмийн өөрчлөлт байсан. Үүнд дургуйцсэн хүмүүс өнөөдөр энэ дүрмийг буцаагаад бүлэг фракцийн дүрэмтэй болгох гэж байна. Ямар ч нөхцөлд үндсэн дүрмийнхээ хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Түүнээс хэн нэгэн өөртөө ашигтайгаар хэсэг хүмүүс цуглуулж, хуралдаад Их хурал болчихдоггүй юм.
Намынхаа Үндсэн дүрмийг барьж ажиллах нь Улс төрийн намын тухай болон бусад хуулиар хүлээсэн үүрэг учраас зөрчих эрх хэнд ч байхгүй. Тэдний Их хурал гэж яриад байгаа зүйл олон дүрэм зөрчсөн учраас дүрмийн бус гэж үзэхээс аргагүй. Ц.Туваанд би түр эрх шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, намын даргын эрхийн мэдлийг бус намын дүрэмд заасан намын тамга, тэмдгийг дараагийн шинээр сонгогдсон намын даргад шилжүүлэн өгөх үүргийг түр шилжүүлсэн гэсэн үг. Түүнээс намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх гэсэн намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй. Угаас өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүх, УБЕГ-ын бүртгэлд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэсэн нэр хэвээрээ байгаа. Манай намын Үндсэн дүрмийн хорооноос өнгөрсөн долдугаар сард гарсан тогтоолоор ч би өнөөдөр намын дарга хэвээрээ байгаа.
-Намын даргын эрхзүйн чадамжаа ашиглаж дүрмийн бус гэж үзэж байгаа бол Их хуралд яагаад оролцохгүй байна вэ. Ер нь цаасан дээрх намын даргын нэр хэр хүчтэй” вэ?
-Эрх зүйн чадамж талаасаа намын их хурлыг хуралдуулах эсэхийг би шийдэх эрхтэй. Үндэсний бодлогын хорооны үндсэн дүрмээр сонгуульд олонх болоогүй бол сонгуулиас хойш 30 хоногийн дотор хуралдаж дараагийн их хурлыг зарлах үүрэгтэй. Харамсалтай нь сонгуулиас хойш 30 хоногийн дараа ҮБХ хуралдуулахаар зарласан боловч ирц хүрээгүй, чадамж алдагдсан. Гэтэл хэд хоногийн өмнө ҮБХ цахимаар хуралдсан. Хуралдаан 240 хүний ирцтэй эхэлсэн ч дуусахдаа цахим хуралд бүртгэлтэй 11 хүн оролцсоноос 10 орчим хүн нь техникийн ажилтан буюу саналын эрхтэй 95 хүн байсан гэсэн үг. Нэг ёсондоо ҮБХ-ны хурал 240 хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн ч санал хураалт явахад 95 хүн оролцсон гэдэг нь олонхийн дэмжлэг аваагүй, хүчингүйд тооцогдоно гэсэн үг. ҮБХ-ны хуралдаанаар X их хурлын тов зарлах, үндсэн дүрмийн өөрчлөлт хоёул унасан байхад энэ Их хурал юу хэлэлцээд байгааг ойлгохгүй байна.
Би X их хурал хуралдуулах шийдвэрийг долдугаар сарын 2-ны өдөр гаргаж, бүх гишүүдийн саналаар сонгогдсон намын даргыг батлах, бусад гэсэн заалттайгаар тушаал гаргасан. Харамсалтай нь намын даргын түр эрхийг хэрэгжүүлэгч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. Гэтэл хэсэг хүмүүс өнөөдөр дүрмийн бус хурлаа хууль ёсны мэт яриад явж байгааг тэвчихгүй. Тиймдээ ч намын дарга хэвээр байгаа учраас намын даргын түр эрх олгосон шийдвэрийг цуцлах тушаал гаргасан.
-Өнөөгийн нөхцөл байдлаар бол тушаалыг хүлээж авах дүр зураг харагдахгүй байна. Тэгэхээр дараагийн алхам юу байх вэ?
-Би өнгөрсөн зургаан сарын хугацаанд ёс зүйн хариуцлага хүлээсэн гэж үзэж намын дотоод асуудалд нэг ч оролцоогүй. Мөн намын дараагийн шинэчлэлд саад болохгүй юмсан, өөрийн хувь нэмрийг оруулах юмсан гэж тэвчиж ирсэн. Харин Ардчилсан намын тамгыг удаа дараа дүрмийн бус зүйлд ашиглаж байгаа учраас тамгыг яаралтай буцааж тушаах, түр эрх дуусгавар болсонтой холбоотойгоор намын дүрмийн бус үйл ажиллагаа зохион байгуулахыг зогсоох тушаал гаргаж шаардлага хүргүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд гаргасан Үндсэн дүрмийг зөрчсөн аливаа шийдвэрүүдийг хүчингүй болгоно. Ер нь Ц.Туваанд Орон нутгийн сонгууль удирд гэж эрх олгоогүй. Орон нутгийн сонгуулийг төв нам удирддаггүй. Дүрмийн бус аливаа үйл ажиллагаагаа хууль ёсны болгох, дүрмийн дагуу байсан мэтээр ойлгуулах гэж эрх зүйн өөрчлөлт хийх гэж оролдвол эрх бүхий байгууллагад нь хандана. Үндсэн дүрмийн өөрчлөлт хийсэн гэж батлуулах гэж оролдохыг зөвшөөрөхгүй. Магадгүй улс төрийн нөлөө орж, хүчээр бүртгүүлэх тухай асуудал яривал улс төрийн дараагийн алхамд шилжинэ. Энэ удаагийн Их хурлын цаад зорилго нь намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигч рүү чиглэж байгааг ч үгүйсгэхгүй, тийм л зорилго харагдаж байна.Гэхдээ миний энэ үйлдэл эрх мэдлээ хадгалах зорилго агуулаагүй. Намын гишүүний хувьд хувь заяа нь надтай салшгүй холбоотой. Хэн дуртай нь орж ирээд самардаг байж болохгүй. Дүрмээр, хуулиараа намын даргын эрх нь байгаа тохиолдолд дараагийн Их хурал, намын даргын сунгаа хүчин төгөлдөр дүрмээрээ, зөрчилгүй болох ёстой.
-АН улиг болтлоо шинэчлэл ярьдаг. Зоригтой шинэчлэгдэж чадахгүй байгаа нь лидер байхгүй гэсэн үг үү?
-АН шинэчлэлийн маш том алхам хийсэн. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм бол маш сайн дүрэм. Үүнийг өөрчилж, самарвал шинэчлэл биш ухралт болж 200 гаруй мянган гишүүн хэн ч биш болно гэсэн үг. 400 хүний дэмжлэг авахад л болох хор уршиг руу явж байна. Эхлээд намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал дараа нь сонгогчид, иргэдийн дэмжлэгийг авдаг болох чиглэлд нам шинэчлэгдэх ёстой. Олон жил ярьсан намын шинэчлэлийн гол зорилго энэ л байсан. Өнгөрсөн хугацаанд ийм өөрчлөлт хийж чадсан учраас буцаад төлөөллийн зарчмаар асуудлыг шийддэг болж ухралт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй.
АН-д лидер байгаа. Ардчилсан намын олон лидер сайн, муухайгаар хэлүүлж, нийгмийн болохгүй, бүтэхгүй асуудлыг хэлж, тэмцдэг байсан. Яг тийм тэмцэгч манай намд ховор байна. Хэлсэн нь хэлмэгдэх вий гэж айж, нуугдаж байна. Хэнийг ч дуртай сэдвээрээ буруутгаж, хэлмэгдүүлж болдог боллоо.
Шуудхан хэлэхэд Сталины хэлсэнчлэн хүн нь байвал хэрэг нь олдоно гэсэн зарчим хэрэгжиж байгаа болохоор хүмүүс үхтлээ айж байна. Үүнийг нэг хүний үйлдэл гэж харахгүй байгаа. Шударга шүүх, хуулийн байгууллага, шударга тогтолцоо үгүйлэгдэж байна. Хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр өөрчлөх нь буруу. Эцэстээ нэг зүйл болно шүү гэдгийг парламентын танхимд хэлснийхээ төлөө их дарамтад орж байсан. Гэхдээ бууж өгөхгүй. Цаашид ч хэлсээр байх болно. Хүний эрх, ардчиллын төлөө Ардчилсан нам дуугарахгүй бол Монгол Улс ардчилсан улс биш болно. Тиймээс ардчиллын төлөө дуу хоолойгоо хүргэж гэм буруутай бол хариуцлагыг нь хүлээлгэж, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэхээ зогсоох хэрэгтэй. Зарим хүний эрх мэдэл хэвээр хадгалагдаж байгаа энэ үед асуудлыг үнэн зөвөөр хэлэх хүн ховор айдастай, дарангуйлалтай байна. Би 31 жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр анхны жагсаалд оролцохдоо ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөө л тэмцсэн. Түүнээс эргээд дарангуйлал, айдастай нийгмийг байгуулахын төлөө яваагүй.
-Эрх баригч нам хэт олонх байхад сөрөг хүчин маш чухал. Гэтэл АН сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Парламентын гаднах нам, эвсэлтэй нэгдээд үндэсний хэмжээнд ажиллаж болохгүй гэж үү?
-Одоогийн УИХ дахь сөрөг хүчин маш хангалтгүй ажиллаж байгаа. Үүний гол шалтгаан нь АН улс төрийн институцийн хувьд ажиллахгүй байна. УИХ, ИТХ-ын төлөөлөгчдөд бодлого, чиглэл үүрэг өгөх ажлаа Ардчилсан нам хийж чадахгүй байна. Сөрөг хүчний сул байгаагийн бас нэг шалтгаа нь АН-аас парламентад сонгогдсон 11 гишүүн дотор туршлагатай гишүүн цөөн байгаа нь хүрсэн түвшиндээ ажиллаж чадахгүй байна гэж харж байгаа.
-АН-ын дараагийн дарга ямар хүн байх вэ. Хэнийг нам удирдаасай гэж бодож байна вэ. Та нэр дэвших үү?
-Миний хамгийн их хүсч байгаа зүйл бол дараагийн намын дарга хэн нэгний утсан хүүхэлдэй биш байгаасай. Хэн нэгний дохио зангаагаар хөдөлдөггүй, намын үнэт зүйл, үзэл баримтлалыг тууштай хамгаалж чаддаг, ардчиллын төлөө зогсч чаддаг, хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлж чаддаг хүн байх ёстой.
Дүрмээрээ намын даргад өрсөлдөх боломж надад байхгүй. Боломж байсан ч оролцох ёс зүй надад байхгүй. Харин хэдэн жилийн дараа ч юм уу тэр үед нь оролцох боломж гарвал татгалзахгүй.
-Тийм хүн АН-д байна уу?
-Мэдээж 200 гаруй мянган гишүүнтэй, үндэсний хэмжээний том намд энэ намыг авч явах чадалтай хүмүүс бий. Залуучууд, дунд үеийнхэн дунд лидер болоод нам удирдаад явах хэмжээний хүн бий. Харин боломж бололцоо олдох эсэхийг хэлж мэдэхгүй байна.
-Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдал, зарим хүний үг, үйлдлээс харахад Ерөнхийлөгчийн сонгууль эхэлчихлээ гэж олон нийт харж байна. АН Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлж, хэрхэн оролцох бол?
-АН парламентад суудалтай, үндэсний хэмжээний нам учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хүчтэй, ялах магадлалтай хүн бий. Гэхдээ яг одоо нэр цохож, зарим зүйлийг тодорхой ярих эрт байна. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр оноо авч, ялуулахын төлөө бүх чадлаа дайчлах ёстой. 2017 оны нөхцөл байдал одоо ч давтагдаж байна.
С.Уянга
Эх сурвалж: Зууны мэдээ” сонин