Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн 12 дугаар сарын 4-ны өдөр ажилчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг жолоочоос коронавируст халдварын тохиолдол илэрсэн.
Үүнтэй холбоотойгоор Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын автобуснууд түр зогсолт хийж, 48 ажилтан албан хаагчдыг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлалтанд хамруулан давтан шинжилгээ авч эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн. Улсын Онцгой комисс, Нийслэлийн онцгой комисоос тус байгууллагын нийт 480 ажилтан албан хаагчдаас PCR-н шинжилгээг 3 удаа давтан авахад хариу нь сөрөг гарсан юм. Тиймээс 1 дүгээр баазын автобуснууд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарч нийслэлийн иргэддээ үйлчилж эхэллээ.
Автобусыг үйлчилгээнд гаргах бэлтгэл ажлын хүрээнд инженер техникийн ажилтан, жолооч, шалгагч, зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан 1 дүгээр баазын 154 тээврийн хэрэгслийг 3 удаа ариутган, суудлын бүрээс, цонх, хаалга, хаалганы бариулыг бүрэн цэвэрлэн, хана, тааз шалыг сойзоор савандаж угаасан. Мөн жолоочийн кабинд тусгаарлалт хийж, амны хаалт, витамин өгч, зорчигчдыг эрсдлээс хамгаалах зорилгоор гар ариутгагч шингэн байршуулж, автобусны суудалд зай барьж суухыг сануулсан тэмдэг тэмдэглэгээ наан, хогийн савыг ариутгаж уут хийн, картаа зайнаас уншуулах санамж, короновирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж наан техникийн аюулгүй байдлыг шалган үйлчилгээнд гаргалаа.
Цаашид цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө зөвлөмжийг дагаж мөрдөхийг нийт ажилтан албан хаагчиддаа хандан уриалж ажиллаж байгаа юм.