12 сарын 8, Женев хот. НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилгаас "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт”-д нэгдсэн 38 гишүүн банкны Парисын хэлэлцээрийн дагуу өөрсдийн зээлийн багц болон үйл ажиллагааг уялдуулах амлалт өгснөөс хойш 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн эхний алхмуудын талаар мэдээлсэн тайланг хүргэж байна. Дашрамд дурдахад, Голомт банк нь энэхүү амлалтыг батлан хэрэгжүүлж буй Монгол Улсын цор ганц арилжааны банк юм.
Тайланд "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт”-д нэгдсэн банкнуудын эхний 12 сарын хугацаанд 2050 он гэхэд цэвэр эдийн засагт (net-zero economy) шилжих хөдөлгөөнийг дэмжих амлалтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тоймыг харуулжээ. Эдгээр арга хэмжээг дараах 6 бүлэгт ангилсан байна.
- Зээлийн багцын уур амьсгалын нөлөөллийг үнэлэх
- Харилцагчдынхаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байгаа үйл ажиллагааг дэмжих
- Уур амьсгалтай холбоотой шилжилтийн эрсдэлүүдийг үнэлэх
- Хүлэмжийн хийн ялгарал ихтэй салбарыг санхүүжүүлэхгүй байх бодлогыг бэхжүүлэх
- Ногоон бизнес эрхлэгч харилцагчдын суурийг нэмэгдүүлэх
- Цэвэр эдийн засаг руу шилжихэд дэмжлэг үзүүлэх чадавхийг бэхжүүлэх
НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилгын, банкны салбар хариуцсан багийн ахлах Симон Деттлинг "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтад нэгдсэн банкнууд дэлхийн банкны салбарт уур амьсгалын зорилтуудын дэвшлийг шат ахиулж байна”
Тайлангаас харахад эдгээр банкнууд стратеги төлөвлөлтдөө шинжлэх ухаанд суурилсан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг тусгаж мөн дэлхийн дулаарлыг 2 хэмд барих зорилгынхоо хүрээнд хүлэмжийн хийн ялгарал ихтэй салбарыг санхүүжүүлэхгүй байх бодлого боловсруулж эхэлсэн байна. Хамтын амлалтад нэгдсэн 38 банк гарын үсэг зурснаас хойш 3 жилийн хугацаанд зээлийн багцын уур амьсгалын нөлөөллийг бүрэн үнэлж, шинжлэх ухаанд суурилсан хүлэмжийн хийг бууруулах зорилт тавих үүрэг хүлээж байгаа.
НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилгын, уур амьсгал хариуцсан багийн ахлах Ремко Фишер: "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтад нэгдсэн банкнууд Парисын хэлэлцээрийн зорилтуудтай зээлийн багцыг уялдуулах нь шаардлагатай бөгөөд боломжтой гэсэн дохиог бүх оролцогч талуудад харуулж байна. Хамтын амлалтыг баталсан гишүүн банкнууд нь НҮБ-ын "Хариуцлагатай банкны зарчмууд”-д нэгдсэн бусад банкнуудаа манлайлж байна. "
2021 оны 1-р улиралд эдгээр банкнууд зээлийн багцын уур амьсгалын нөлөөллийг үнэлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтот түвшинг тодорхойлох, тайлагнах талаар нэгдсэн зарчим, стандартыг "Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг хэрэгжүүлэгч нийт банкнуудад танилцуулахаар төлөвлөж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт нь 2050 он гэхэд цэвэр эдийн засагт шилжих үйл явцыг дэмжиж буй дэлхийн банкны салбарын хамгийн идэвхтэй, мөн хамгийн том санаачилга юм. 15 их наяд гаруй ам.долларын хөрөнгө бүхий, дэлхийн зургаан тивээс бүрдсэн хамтын амлалтын гишүүн банкнууд Парисын хэлэлцээрийн уур амьсгалын зорилтуудтай бизнесээ уялдуулах амлалт өгсөн НҮБ-ын "Хариуцлагатай Банкны Зарчмууд”-д нэгдсэн нийт банкнуудыг төлөөлөн уг амлалтын хэрэгжилтийг түргэсгэн ажиллаж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтад нэгдсэн гишүүн банкнууд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ:
- Амлалтад гарын үсэг зурсан үеэс эхлэн шийдвэртэй арга хэмжээ авах, зээлийн багцын хүрээнд хамгийн их нүүрс хүчлийн хий ялгаруулагч, уур амьсгалын нөлөөлөл өндөртэй салбаруудыг анхааран авч үзэх
- Гарын үсэг зурснаас хойш 3 жилийн хугацаанд, зээлийн багцыг дэлхийн дулаарлыг 2 хэмд барих уур амьсгалын зорилтуудтай уялдуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй зорилтуудыг дэвшүүлж тайлагнах
- Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, харилцагчдын харилцаагаар дамжуулан бодит эдийн засагт шаардлагатай шилжилтийг санаачилж дэмжлэг үзүүлэх
Хөгжиж буй болон хөгжингүй улс орнуудын ялгаа
Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын банкуудыг нэгтгэсэн, уур амьсгалын хүрээнд санхүүгийн салбараас санаачилсан цорын ганц хөдөлгөөний хувьд өнөөдрийг хүртэл эдгээр банкнуудын хийсэн ажлууд нь газар зүйн хувьд ялгаатай улс орнуудын төлөвшил мөн хөгжил дэвшлийн онцлог шинжүүдийг харуулж байна. Жишээ нь, хөгжиж буй зах зээлийн банк ЖДҮ-ийг бизнес тус бүрээр уур амьсгалын нөлөөллийг үнэлж бууруулах төлөвлөгөө гаргаж байгаа бол томоохон корпорацуудыг санхүүжүүлдэг хөгжингүй зах зээлийн банк нь зээлийн багцын хэмжээнд үнэлгээ хийх мэдээлэл, мэдлэг, нөөцтэй байна. Хамтын амлалтад гарын үсэг зурсан бүх банк энэ санаачилгад нэгдсэн нь үлгэр дууриалал болж байгаа ч хөгжиж буй зах зээлийн банкнууд Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтын зорилгыг биелүүлж, шаардлагыг хангахын төлөө ажиллаж байгааг сайшаах хэрэгтэй. Дэлхийн аль улсад байгаагаас үл хамааран эдгээр банкнууд уур амьсгалын манлайлагч байхыг зорьж, өөрийн зээлийн багцыг Парисын цаг уурын хэлэлцээрийн зорилтуудтай бүрэн нийцүүлэхийг зорьж байгаа юм.
НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн Санхүүгийн Санаачилга, Уур амьсгалын багийн ахлагч Ремко Фишер
"Уур амьсгалын манлайлагч болохыг хүсэж буй банкнууд өөрсдийн багцыг Парисын хэлэлцээрийн зорилгод бүрэн нийцүүлэх ёстой. Чухам энэ л Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт юм шүү дээ "
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
НҮБ-ын "Хариуцлагатай Банкны Зарчмууд”-ын тухайд
Хариуцлагатай Банкны Зарчмууд нь эдгээр зарчмуудад гарын үсэг зурж нэгдсэн банкнуудын стратеги, практик үйл ажиллагаа нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон Парисын уур амьсгалын хэлэлцээрт оруулсан нийгмийн сайн сайхан, алсын хараатай бүрэн уялдаж байхад чиглэсэн өвөрмөц тогтолцоо юм.
Өдгөө дэлхийн 200 банк өөрчлөлтийн төлөөх энэхүү хөдөлгөөнд нэгдэж, байгаль дэлхий хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа эерэг хувь нэмрийг оруулах ирээдүйн банкны салбарыг тэргүүлэн ажиллаж байна.
Эдгээр банк нь дэлхийн банкны салбарын гуравны нэгээс илүү хувийг эзэлдэг. Ийм хүсэл эрмэлзэл зайлшгүй шаардлагатай байгаа энэ үед урьд өмнө хийгдэж байгаагүй том цар хүрээтэй санаачилга болж байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.