ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Ердөө хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Улс төрийн хүрээнд сонгуулийн уур амьсгал хэдийнэ оржээ. Парламент Ерөнхийлөгчийн сонгууль явагдах гол дүрэм” буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ. Эрх баригчид болон сөрөг хүчин хуульд ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Тэр дундаа МАН-ынхан хуулийн төсөлд онцгой анхаарч байгаа сурагтай. Ерөнхийдөө сонгуулийн хуулийг МАН өөрсдийн таалалд батлах нь тодорхой. Гэхдээ ямар хувилбар эрх баригчдад ашигтай байх вэ гэх асуудал ид яригдаж байна. АН ч өөрсдийн хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд байр сууриа илэрхийлээд эхэлсэн.
АН бүлэг дээрээ энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төсөл нь хуульзүйн болон техник,утга найруулгын алдаа ихтэй, бусад хууль тогтоомжуудтай уялдуулах шаардлагатай, зөрчил ихтэй хууль байна гэж үзсэн. Улмаар энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 1993 оны хоёрдугаар сарын 15-нд баталсан. Үүнээс хойш нийтдээ долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Мөн 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон. Гэвч тус тусын онцлогтой учраас нэг хуулиар явуулах нь хүндрэл үүсгэж байна хэмээн тусгаарлаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өргөн барьсан байдаг. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой хэд хэдэн заалт орсон. Тэр бүхнийг уялдуулах хуулийн төслийг батлах юм.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 50 нас болгосон. Мөн сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тусгасан. Тиймээс ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд сонирхолтой, онцлогтой болох нь тодорхой.
Ерөнхийлөгчийн сонгууль нэг улс нэг тойрог байна гэсэн маш тодорхой тогтолцоотой. Харин эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хязгаарлалтуудыг нэлээд сайн хийж өгч байгаа бололтой. Ялангуяа, мөнгөний оролцоо, сонгох сонгогдох эрхэд халдах хөндлөнгийн нөлөөллийг багасгах чиглэлд анхаарч байгаа гэнэ.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн 42.4.3-т Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэж заажээ. Өр, зээл тэглэх асуудал өмнөх сонгуулийн үеэр яригдаж байсан учраас энэ асуудлыг хааж”, ийм заалт оруулсан бололтой.
Мөн Ерөнхийлөгчийн санал хураалт явагдах өдрөөс өмнөх таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг шалгуур болгожээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагад шинээр нэмэгдсэн өөр нэг шаардлага нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй болохыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажлын хэсэг дүгнэх гэдгийг ч тусгаж өгсөн байна.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн дүрэм”-д эрх баригчид ихэд анхаарч, ач холбогдол өгөөд эхэлжээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: Зууны мэдээ” сонин