Ухаалаг утас байхад л мөнгө шилжүүлэх, байрны төлбөрөө төлөх, кино тасалбар авах зэрэг бүхий л үйлчилгээг хормын дотор хаанаас ч хурдан авдаг болж, бэлэн мөнгөний хэрэглээ улам бүр хумигдсаар байна. Гэвч дижитал хэрэглээ ийнхүү эрчимжих тусам хэрэглэгчид цахим орчны мэдлэгээ сайжруулж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлага ч дагаад өсөх болжээ.
Банкнуудын хувьд цахим халдлага илрүүлэх системүүдийн тусламжтайгаар 24/7 байдлаар байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулж, гадны халдагч этгээд банкны системд халдахаас хамгаалж, хариу үзүүлэх кибер аюулгүй байдлын баг ажиллаж байдаг учраас банк руу халдах боломжгүй бараг л юм. Харин халдагч этгээдүүд нь иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлыг ашиглан цахим орон зай руу нь халдаж хувийн мэдээллийг хулгайлан санхүүгийн хохирол учруулах тохиолдол ихсэж байна.
Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:
- Интернэт банк болон и-мэйлийн нууц үгийг хялбар байдлаар зохиох.
- Нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк ашиглан танил найз нөхөд тань үл мэдэх шалтгаанаар мөнгө зээлүүлэхийг хүсэх
- Хувийн мэдээлэл буюу гар утасны дугаарыг тань лавлаж асуух
- Таны гар утсанд ирсэн нууц үг, олон оронтой нууц код зэргийг явуулахыг ятгах
- Нийгмийн сүлжээгээр ирсэн эх сурвалж тодорхой бус сонирхол татахуйц мэдээ мэдээллийн линк дээр дарах
- Бусдын гуйлтаар банкны карт болон дансаа ашиглуулах
Энгийн зүйл мэт боловч залилан үйлдэж буй гэмт этгээдүүд дээрх аргуудыг ашиглан нийгмийн сүлжээ, имэйл рүү тань хандсанаар нууц мэдээлэл хулгайлж байгаа олон тохиолдол гарч байна. Иймээс олон нийтэд цахим орчих дах залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилготойгоор Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Голомт банк хамтран зохион байгуулж буй "Ятгах тусам нягтал - 2” аяны хүрээнд иргэн танд зориулан цахим залилангаас сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэж байгаа.
Иргэд та бүхнийг цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд цахим орчинд үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг шалгаж, давхар баталгаажуулах арга (Two Factor Authentication) ашиглаж хувийн мэдээллээ хамгаалан Ятгах тусам нягтлахыг уриалж байна.