УИХ-ын хоёр удаагийн сонгуульд дараалан үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН мөхөл, сэхлийн ирмэг дээр амь тэмцэж буй. Өрсөлдөгчдөөсөө илүү өөрсөдтэйгөө тэмцэлдэж буй АН-д сайн удирдагч нь "амь тариа” болно. Өөрөөр хэлбэл, цаашид АН мандах, мөхөхийн чигийг орон нутгийн сонгуулийн дараа тодрох намын дарга нь гаргана.
Удахгүй болох ИТХ-ын сонгуульд хэрхэн амжилт үзүүлэх нь ч АН-ын цаашдын нөхцөл байдал хийгээд Ерөнхийлөгчийн сонгуульд ч чухал нөлөөтэй. Тиймээс АН орон нутгийн сонгуульд гуравдагч хүчнүүдтэй хамтарч оролцохоор болсон нь АН-ын хүчгүйдэл хийгээд эргэн сэргэх зорилгын илэрхийлэл байв. Тэр дундаа УИХ-ын сонгуульд хамгийн их санал хуваасан МАХН, ШИНЭН-тай хамтарсан нь үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн МАН-ын эсрэг хийж буй том тэмцэл болов. Харин орон нутгийн сонгуульд ялах, ялагдахаас үл хамааран үндэсний хэмжээний намын нэр хүндийг эргэн сэргээж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх эсэх нь дараагийн удирдлага хэн болохоос их шалтгаална.
Намын даргаа сонгох дүрмээ өөрчилнө
АН УИХ-ын сонгуульд ялалт байгуулаагүй бол намын дарга, дэд дарга, генсекээ огцруулах үндсэн дүрэмтэй. Үүний дагуу С.Эрдэнэ тэргүүтэй намын удирдлагууд нь УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагаа хүлээн огцроод буй.
Харин үндсэн дүрмээрээ УИХ-ын сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын даргыг сонгох Их хурлыг товлох ёстой. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн санал хураалтаас хойш 90 хоногийн дотор Их хурлаа хийж, намын даргаа баталгаажуулна. Тодруулбал, есдүгээр сарын 24-нөөс өмнө дотоод сонгууль явуулж, гишүүдээс хамгийн олон санал авсан хүнийг намын даргаар сонгон, Их хурлаараа баталгаажуулах байв.
Гэвч наймдугаар сарын эхээр хуралдсан ҮБХ-ны хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон бөгөөд намын үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм. Улмаар цар тахал болон ИТХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан Их хурлаа аравдугаар сарын 16-нд хийхээр тов гаргасан. ҮБХ-ны хурлаар АН-ын даргын сунгааг орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулах, ҮБХ-ны гишүүдийн нөхөн сонгуулийг орон нутгийн сонгууль болсноос хойш 90 хоногийн дотор явуулахаар шийдвэрлэсэн. Үндсэндээ энэ сарын 16-нд болох АН-ын Их хурлаар Үндсэн дүрмээ өөрчилж, намын даргаа сонгох болон шинэчлэл хийх дүрмээ тогтоох юм.
АН-ыг хэн удирдах вэ?
Орон нутгийн хурлын сонгуульд АН албан ёсны удирдагчгүй ч Ерөнхийлөгчийн заавар, удирдлага дор ажиллаж байгаа нь хэнд ч нууц биш. Тиймдээ ч сонгуулийн дараа АН-ын даргаар Ерөнхийлөгчийн тодотголтой хүн тодорно гэсэн таамаг үнэнд нийцэх биз. Нэг жил хүрэхгүй хугацааны дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчтэй эн тэнцүү рейтингтэй, хүчтэй өрсөлдөгч нь хажууханд нь бий. Энэ утгаараа Ерөнхийлөгч орон нутгийн сонгуулиар сайн "хөл”-тэй болох, намын байр суурийг хадгалж үлдэхийг хүсэж байгаа.
Уг нь АН-ын дэд дарга байсан УИХ-ын гишүүн Ц.Туваан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ч орон нутгийн сонгуулийн гал тогоонд төдийлөн оролцохгүй байгааг эх сурвалжууд мэдээлж буй.
Харин дүрмийн дагуу АН-ын удирдлагууд огцорч, ҮБХ-ны хурлаараа орон нутгийн сонгуулийн дараа даргаа сонгоно гэсэн ч далд өрсөлдөөн үргэлжилж буй. Намын даргад өрсөлдөхөө ил зарласан нь УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл байна. Тэрбээр АН-ын даргад нэрээ дэвшүүлж буйгаа зарлаж "Манай намд эмэгтэй дарга урьд нь байгаагүй. Эмэгтэйчүүд дандаа л эрэгтэй дарга нарыг гаргахад арын албанд нь ажиллаж байсан байна. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлэхээр зориглож байна. Нам бол сайн дураараа нэгдэж буй хүмүүсийн бөөгнөрөл байж ард түмэн хүлээн зөвшөөрдөг юм байна. Тиймээс манай намд 100 сая төгрөгийн дэнчин төлөхгүйгээр, яг тойргийнх нь иргэдийн хүссэн хүнийг дэвшүүлдэг бүтэц зохион байгуулалт хэрэгтэй. Би Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга болохдоо дэнчинг байхгүй болгосон. Хамгийн сайн шийдэл хамгийн мөнгөгүй үед гардаг” гэж ярилцлага өгсөн нь бий.
Түүнээс гадна АН-ын даргын сунгаанд 10 орчим хүн өрсөлдөх хүсэлт гаргасан гэх мэдээлэл бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Өвөрхангай аймгийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл нар нэр дэвшихээр зэхэж байгаа аж.
Харин С.Одонтуяа, Ц.Туваан нар намын даргад өрсөлдөх таамаг байгаа ч С.Эрдэнийн гэх тодотгол нь олонхын саналд нийцэхгүй байх магадлалтай.
Түүнчлэн АН-аасаа урваж, шинэ нам байгуулаад ойндоо хүрч буй ШИНЭН-ынхан буцаад АН-даа шингэж эхэлсэн. Байгуулсан нам нь амжилт үзүүлээгүйн дээр олон нийтийн хандлага өөрийнх нь эсрэг болсон энэ үед Ж.Батзандан нар хэзээ улс төрд эргэн ирэх сиймхийг хүлээж буй. Магадгүй эзэнгүй мэт болсон АН-ын даргын сунгаанд үзээд алдах хэнээрхэл Ж.Батзанданд ч байж мэднэ.
Ямартай ч 10-аадхан хоногийн дараа болох ИТХ-ын сонгуулийн маргаашаас АН-ын даргын сунгааны дүрэм тодорхой болно. АН-ын дараагийн удирдагч нь хэн болоод 30 жилийн түүхтэй намыг сэхэх, мөхөхийн алинд чиглүүлэхийг харахад тун цөөн хоног үлдлээ.