Монгол Улс “Саарал жагсаалт”-аас хамгийн хурдан гарсан улсаар тодрох эсэх нь шийдэгдэнэ

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улс “Саарал жагсаалт”-аас хамгийн хурдан гарсан улсаар тодрох эсэх нь шийдэгдэнэ

 

Монгол Улс  "Саарал жагсаалт"-аас гарахад бэлэн болсон эсэхийг нягтлах, газар дээрх хяналт шалгалтыг хийхээр ФАТФ-ын төлөөлөгчид Улаанбаатарт ирээд байна. Хяналт, шалгалтыг газар дээр нь хийсний дараа ФАТФ манай улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргахаа эцэслэн шийдвэрлэх юм.

Төв банкны зүгээс байр сууриа илэрхийлэхдээ "ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг Монгол Улс сайн биелүүлсэн” гэж байгаа юм.

Түүнчлэн "Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан бүх улс оронд үнэлгээ хийх ажлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр түр зогсоож, дөрвөн  сараар хойшлуулахаар шийдвэрлэсэн бол Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хүсэлтийг харгалзан үзэж, Монгол Улсын үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээсэн. Иймд Монгол Улсын ажлын хэсгээс 2020 оны дөрөвдүгээр сард ФАТФ-тай тохиролцсон үйл ажиллагааны үлдсэн гурван ажлын явцын тайланг ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлэгт хүргүүлж, 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр тайлангаа цахимаар танилцуулж, хамгаалсан.

Үүний үр дүнд ФАТФ-ын 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэн. ФАТФ-ын хяналтын жагсаалтад 2009 оноос хойш нийт 51 улс орон орж байсан ба дунджаар 3 жил 2 сар буюу 38 сарын  хугацаанд ФАТФ-тай тохиролцсон ажлын төлөвлөгөөгөө хангалттай биелүүлж, газар дээрх хяналт шалгалт хийлгэхээр болсон байдаг.

Харин Монгол Улсын хувьд 2019 оны аравдугаар сараас хойш нийт долоон сарын хугацаанд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хангалттай биелүүлсэн хэмээн үнэлүүлсэн” хэмээн мэдэгдэж байна.

Тэгэхээр өдгөө Монгол Улсад ирээд буй ФАТФ-ын төлөөлөгчид газар дээрх хяналт, шалгалтыг хийснээр "Саарал жагсаалт”-аас гарах хэмжээнд даалгавраа бүрэн биелүүлсэн эсэх нь тодорхой болно.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатар  хэлэхдээ "Аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай хамгаалсан тохиолдолд "Саарал жагсаалт”-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болох төдийгүй Европын холбооны хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж буй тул асуудал хариуцан ажиллаж буй Зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага бүр идэвхтэй хамтран ажиллах ёстой” гэсэн юм.

 
https://zindaa.mn/3ejr
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх