ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Орон нутгийн сонгуулийн санал хураалт болоход 20 орчим хоног үлдээд байна. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг ирэх сарын 15-нд зохион байгуулна. Энэ удаагийн сонгуулийг анх удаа бие даасан хуулиар зохион байгуулж байгаа тул хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, олонхын буюу мажоритар тогтолцоогоор явуулна. Хоёрдугаарт, ирцийн босго тогтоогоогүй. Гуравдугаарт, сонгогчид хоёр шатны хурлын төлөөлөгчөө сонгоно. Дөрөвдүгээрт, сурталчилгааны болон санал хураалтын цаг богино зэргийг дурдаж болно. Мөн Засгийн газраас гаргасан шийдвэр буюу дотоодын бүх үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн үед орон нутгийн сонгууль болох гэж буй нь бас нэгэн онцлог, давуу тал. Өнгөрсөн зургаадугаар сард хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ыг бүрдүүлэх төлөөллөө сонгосон бол одоо бид амьдарч буй аймаг, нийслэл, сум, дүүргийн өнгө төрхийг тодорхойлох, иргэдэд хамгийн ойр байдаг төлөөлөгчөө сонгох хариуцлагатай үе ирээд байна.
СОНГОГЧИД ШИНЭ ДҮР ТӨРХИЙГ ДЭМЖИХ ХАНДЛАГА ДАВАМГАЙЛЖ БАЙНА
Орон нутгийн сонгуульд оролцох намууд холбогдох хуулийн дагуу энэ сарын 7-ноос өмнө нэр дэвшигчдээ тодруулж, одоогоор нэр дэвшигчид хандивын дансаа нээсэн байна. Энэ удаагийн сонгуульд нийслэлийн МАН-ын хороо дангаараа оролцох бол АН хэд хэдэн намтай эвсэж, оролцохоор болсон. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг сонгууьд өрсөлдөж буй намуудын өнгийг эхнээс нь шинжиж болох. Намуудын нэр дэвшүүлэлтийн тухайд улс төрийн ууган хүчин МАН-ын хувьд мэдлэг боловсролтой, чадварлаг залуу боловсон хүчнээ дэмжиж, итгэл хүлээлгэсэн. Үүн дээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй гэх шалгуур голложээ. Энэ нь ч олон нийтийн сэтгэлд нийцэж байгаа. Тодруулбал, МАН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 33-ыг буюу 73.3 хувийг анх удаа нэр дэвшиж буй залуус эзэлж байна. Тэдний хамгийн залуу нь 30 настай бөгөөд эрхзүйч, улс төр судлаач, багш, инженер, эдийн засагч зэрэг мэргэжилтэй эзэмшсэн хүмүүс багтаж буй. Нийслэлийн МАН-ын хороо эдгээр нэр дэвшигчийг тодруулахдаа намын даргынхаа үндсэн зарчим буюу эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай байх шаардлага шалгуурыг үндэслэж 114 хүнээс сонгожээ. Мөн холбогдох хууль, дүрэмд заасны дагуу нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэй байх ёстой гэдэгт бүрэн нийцүүлж, хүйсийн тэнцвэртэй байдлыг ч хангасан гэдгээ мэдэгдсэн. Харин нэгэн үе улс төрийн томоохон хүчний нэг байж ирсэн АН-ын хувьд нэр дэвшүүлэлтийн тухайд арай өөр дүр зурагтай гэж болно.
Энэ удаагийн сонгуульд АН МАХН, ШИНЭ намаас хүч, дэм авч байгаа ч нийслэлийн 45 мандатын 37-д өөрийн хүмүүсээ, үлдсэн наймд нь МАХН-ынхныг дэвшүүлсэн нь олон нийтээс шүүмжлэл хүртсэн. Олон нийтийн үзэж буйгаар АН нэгэнт л бусад намтай хамтарч оролцох сонголт хийсэн бол мандатаа шударгаар тэнцүү хуваах ёстой байв. Бас орон нутгийн сонгуульд дангаараа өрсөлдөх хүч, нэр дэвших боловсон хүчин байгаагүй гэж үү гэх асуулт ч хөндөгдлөө.
Нэгэн үе улс төрийн томоохон хүчин байж ирсэн гэж тодотгосны учрыг олон нийт хэлүүлэлтгүй сайн мэдэх тул энэ талаар цухас эргэн сануулъя. Дөрвөн жилийн өмнө буюу 2016 оны сонгуульд АН багаараа өвдөг шороодсон тэр цагаас хойш намынх нь хагарал, тэмцэл дээд цэгтээ хүрч, түүнийгээ шийдэж, намаа шинэчилж чадахгүй явсаар гурван сарын өмнө болсон УИХ-ын ээлжит сонгуульд дахиад ялагдал хүлээсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчихөөд байхад гишүүд дэмжигчдийнхээ хүссэн шинэчлэлийг хийх нь битгий хэл намынхаа даргыг ч сонгож чадаагүй, нийслэлийн АН-ын хороо нь мөн даргын үүрэг гүйцэтгэгчтэйгээр орон нутгийн сонгуультай золгож байна. Товчхондоо, шат шатны байгууллага нь толгойгүй, үүрэг гүйцэтгэгчтэй. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх жилүүдэд АН дээд, доод шатандаа төр засгийн эрхийг барьж байсан. Гэхдээ тэд бүрэн эрхийнхээ хугацаанд иргэдийн хүлээлт, сэтгэлд хүртэл ажиллаж чадаагүй учраас дүнгээ тавиулсан. Гэсэн ч иргэд, олон нийтийн хувьд өнгөрсөн хугацаанд намынхаа дотоод асуудлыг шийдэж, шинэчлэлийн салхи оруулж, улс төрийн хүчтэй өрсөлдөгчөөр эргэн ирэх болов уу гэсэн битүүхэн хүлээлттэй байсан ч АН-ынхан чадаагүй тул энэ удаад мөн л бүдэрсэн.
УЛС, НИЙСЛЭЛИЙН ТҮВШИНД НЭГ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ, ҮР ДҮНД ХҮРСЭН
2016-2020 онд нийслэлийн ИТХ-д МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан бөгөөд өнгөрсөн долоо хоногт хаалтын хурлаа хийж, үр дүнгээ танилцуулсан. Энэ үеэр улс нийслэлийн түвшинд бүгд нэгэн зүгт чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байсан гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тодотгож байна. Тэрбээр Энэ бодлогын үр дүнд нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан.
Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгаж, оршин суугчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хотын цаашдын хөгжлийг зөв голдиролд оруулах, авто зам болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон шийдвэр гарган ажиллалаа” хэмээсэн.
Ард иргэд, сонгогчдын улс төрийн ойлголт, мэдээлэл, хандлага өөрчлөгдөж байгааг өнгөрсөн хугацаанд болсон сонгуулийн дүн, мөн төрийн болон төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаа харууллаа. Иргэд улс төрийн сонголт хийхдээ нэн түрүүнд нэр дэвшигч, тухайн намын мөрийн хөтөлбөрийг чухалчлан үзэхийн зэрэгцээ эрч хүч, мэдлэг боловсролтой нийгмийн шинэ дүр төрхийг дэмжих хандлага давамгайлж байна. Тийм учраас намууд орчин үеийн шийдэл бүхий Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийг хамгаалж чадах, тэдний итгэлийг бүрэн даах төлөөллийг дэвшүүлж байгаа. Товчхондоо, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг дараагийн 100 жилийн хөгжлийн эхний шанг татах хүмүүс гэж тодорхойлж буй. Тиймээс бүх шатандаа нэг нам төр засгийн эрхийг баривал бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, багаараа нэг бодлогоор нэг зүгт харж, нэгэн зорилгын төлөө хамтдаа хүчээ нэгтгэн ажиллана гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үүнийг харуулж чадсан. Тиймээс доод шатанд нь өөр нам, эвсэл гарч хяналт тавих нэрийдлээр улс орны ажлыг гацаах уу эсвэл бүх шатандаа нэг бодлогоор нэгэн зүгт харж ажиллаж, урагшлуулах нь чухал уу гэдгийг шийдэх хариуцлагатай цаг үетэй бид нүүр тулаад байна.
СОНГОГЧИД ХОЁР ШАТНЫ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨ СОНГОНО
Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар сонгогчид хоёр шатны хурлын төлөөлөгчөө сонгоно. Тодруулбал, орон нутгийн иргэн аймаг, сумынхаа, нийслэлийн сонгогч нийслэл, дүүргийнхээ гэсэн хоёр шатны хурлын төлөөлөгчөө сонгох юм. Холбогдох хуульд заасны дагуу сонгуулийн санал авах өдөр буюу аравдугаар сарын 15-ны 07.00-20.00 цаг хүртэл сонгогчид өөрийн харьяа санал авах байрандаа очиж сонголтоо хийнэ. Санал авах цагийг Улаанбаатарынхаар тооцохоор хуульд заасан тул цагийн зөрүүтэй баруун аймгууд үүнийг бас тооцоолох шаардлагатай юм. Сонгуулийн тойрог бүрд ногдох мандатын тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил зэргээс хамаараад харилцан адилгүй тогтоодог. Нийслэлийн хувьд 23, аймгуудад 545 нийтдээ 568 тойрог байгуулсан бөгөөд эдгээр тойргоос 816 төлөөлөгч сонгоно. Харин дүүрэгт 152, сумдад 1634 тойрог байгуулж, сум, дүүргийн олон мандаттай нийт 1786 тойргоос 7339 төлөөлөгч сонгох юм.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ТАВ ХОНОГИЙН ДАРАА ЭХЭЛНЭ
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа тав хоногийн дараа албан ёсоор эхэлнэ. Тодруулбал, холбогдох хуульд заасны дагуу сурталчилгааг нам, эвслийн болон нэр дэвшигчдийн үнэмлэх олгосон өдрөөс буюу энэ сарын 30-нд эхлүүлж, ирэх сарын 14-ний 00.00 цагт дуусгана. Энэ оны нэгдүгээр сарын 30-нд баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар сурталчилгааны хугацаа 22 байсныг 15 болгон өөрчилсөн. Эл хугацаанд сурталчилгаа явуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчид тодорхой үүргийг хуулиар хүлээнэ. Хориглосон зүйлийн тухайд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчийг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах ёсгүй. Эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны явцад 22.00 цагаас дараа өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах, олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараахыг хуулиар хориглосон.
ИРЦИЙН БОСГОГҮЙ БАЙХ ТУСАМ ИРГЭД ИЛҮҮ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХ НЬ ЗҮЙТЭЙ
Дээр дурдсан хуульд зааснаар сонгогчдын ирцийн босгогүй байх хэдий ч сонгогчид илүү идэвхтэй оролцох ёстойг холбогдох албаныхан болон төрийн бус байгууллагаас анхааруулж, уриалж байгаа билээ. Олон улсын жишгийг харахад сонгуулийн ирцийг 40 хувиас багагүй байлгах бодлого барьдаг байна. Сонгогчийн ирц хэт бага байх нь төлөөллийн зарчим алдагдахад хүргэх аюултай байдаг аж. Өөрөөр хэлбэл, бага ирцтэй сонгуулиас сонгогдон гарч ирсэн төлөөлөгч нь нийт иргэн сонгогчийн төлөөлөл болж чадах эсэх асуудлыг хөнддөг байна. Тиймээс СЕХ уг асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг тус хорооны дарга П.Дэлгэрнаран онцоллоо. Тэрбээр Хуульд ингэж заасан ч сонгогчид тайвширч болохгүй. Өөрсдөд нь ногдож буй өндөр хариуцлага,.Сонгогчдод итгэл хүлээлгэж байна гэж ойлгож хүлээн авах нь зүйтэй. Өмнөхөөсөө ч илүү өндөр идэвхтэй оролцох ёстой гэж ойлгох хэрэгтэй болов уу. Тиймээс СЕХ бүх шатны сонгуулийн хороод иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах талын бүхий л ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Бид сонгуулийн хороодод үүрэг чиглэл өгч, тодорхой ажлуудыг эхнээсээ хийж байна. Бүх шатны Засаг дарга нарт иргэд, холбогдох төрийн байгууллагуудад сонгуулийн бэлтгэл ажлыг хуулийн дагуу хангах, сонгогчдын ирцийг бүрдүүлэх талд үүрэг чиглэл өгч, хамтран ажиллах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Саналын хуудсанд бичих мэдээллийг сонгуулийн хороодоос авах, нягтлан шалгах, сонгогчийн санал авах болон сонгогчийн бүртгэлийн төхөөрөмжийн үйл ажиллагааг шалган баталгаажуулах ажлыг шат дараатай хийж байна” гэв.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин
СОНГОГЧИД ШИНЭ ДҮР ТӨРХИЙГ ДЭМЖИХ ХАНДЛАГА ДАВАМГАЙЛЖ БАЙНА