Б.Сэргэлэн: “Монгол хэл бичгээ аваръя” гэсэн санаагаар хөргийг зурсан

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн арваннэгдүгээр байрны хананд билгүүн номч, их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Б.Ринчен гуайн хөргийг сийлжээ. Ямар зорилгоор энэ бүтээлийг хийсэн тухай Arto crew”-ийн гишүүн Б.Сэргэлэнгээс тодрууллаа.

Arto crew”-ийг үүсгэн байгуулаад гурван жил болж байгаа аж. 2017 онд залуучуудын нэгдэл болон үүсээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Одоогоор үндсэн 14 гишүүнтэй. Хөгжих хүсэлтэй, нийгмийн харах өнцөг нь эерэг залуусыг жил бүр элсүүлэн үйл ажиллагаагаа тэлсээр байна.
 
-Б.Ринчен гуайн хөргийг ямар утга санааг илэрхийлэн сийлсэн бэ?
-Өвөрмонголчуудын хэл бичигт нь аюул учирч эмзэг нөхцөл байдалд байгааг бид бүгд мэдэж байгаа. Үүнээс үүдэн монгол хэл, бичгээ аваръя гэсэн санаагаар энэхүү бүтээлээ хийсэн. Монгол хэл, бичгийг хамгаалах, хөгжүүлэх талаар Монголд маш их үүргийг гүйцэтгэсэн хүн учраас Б.Ринчен гуайг сонгон авч хөргийг нь буулгасан.
-Хөргийн хажууд монгол бичгээр сийлсэн үгийг хөрвүүлбэл?
 
-Өнгөт ертөнцөд сайхан газар олон бий Өлгий нутгаас минь сайхан газар үгүй Эрдэм сурахад хэл бүхэн сайхан бий Эх хэлийг минь гүйцэх сайхан хэл гэж үгүй” гэсэн Б.Ринчен гуайн дөрвөн мөрт шүлгийг сийлсэн байгаа. Мөн бид монгол бичгийг цааш нь түгээн дэлгэрүүлэх, зааж сургах, таниулах ажлыг хийж эхэлсэн. Цаашдаа монгол бичгийн хэрэглээг цахимд дэлгэрүүлье гэсэн зорилтыг тавин ажиллаж байгаа.
 
-Бүтээлээ хэзээнээс эхлүүлсэн бэ?
 
Долоодугаар сараас ярилцаж төлөвлөсөөр найман сарын 24-нөөс зурж эхэлсэн. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн бүтээлийн явц удаашралтай байгаа. Одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ сарын дундуур гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Энэ манай ес дэх бүтээл. Зургийн эрэл хайгуул судалгааг багийн гишүүн Ч.Чингүүнжав хийсэн. Тофограф буюу бичих зүйлийг Б.Сэргэлэн хариуцсан.
 
-Бүтээлд зарцуулах материалынхаа зардлыг хэрхэн шийддэг вэ?
 
-Материал, бүтээлч ажлынхаа зардлыг бид хувиасаа гаргадаг. Нэг бүтээлд багадаа 250 мянга төгрөг зарцуулдаг. Биднийг дэмжих, хөрөнгө оруулалт хийх ивээн тэтгэгч хэрэгтэй байгаа. Дэмжих хүсэлтэй, сонирхолтой хүмүүс байвал манай үүд хаалга хэзээд нээлттэй шүү.
 
 
Д.Нарантуяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх