Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас усжих Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Балж, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 25-45 см даван хүчтэй үерлэж байна.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 5-15 см нэмэгдэж, Сүхбаатар орчимд үерийн түвшинд хүрч байгаа юм.
Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж:
-Урьдчилан сэргийлэх цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар ээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх,
-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд тоглуулахгүй байх,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;
– Гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.