Язгуургүй дагавар үг бүтээхгүй буюу Өвөр Монголын энэлэнг хуваалцахуй

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Язгуургүй дагавар үг бүтээхгүй буюу Өвөр Монголын энэлэнг хуваалцахуй

 

М. ДЭВЭЭЖАРГАЛ

Хэл соёл гэдэг тусгаар улсын орхигдуулж, орхиж болшгүй үнэт зүйл. БНХАУ-ын Засгийн газраас Өвөр Монголд монгол бичгээр хичээл орохыг хориглосон шийдвэр гаргасан. Өвчүү цээжний энтээ элэгсүү дотно Өвөр Монголчууд, харь газрын соёлд уусан алдрахгүйн тулд тэмцэж буй бичлэгүүд олон мянган хүний сэтгэлийг хав дарсан хад чулууг хага цохиж байна. Гэсэн ч тэдний тэмцэл өөрийн гэртээ үлдээсэн хүүхдээ өрөөлийн гэрээс хайж байгаа юм шиг санагдах бөгөөд харийн хуульд захирагдавч ёс заншил, язгуур соёл, монгол бичгийн хэлийг хамгаалсаар ирсэн нь бахархууштай. Өнөөдөр тэдэнд дэм, бусдын шийдвэрт чөдөр болох хүсэл тээж 11.00 цагт МУИС-ийн номын сангийн арын талбайд Хятадын Засгийн газрын гаргасан шийдвэрээ эргэн нэг хараасай гэх итгэл тээсэн иргэд, тайван жагсаал хийхээр цугларлаа.

Үндэсний хувцсаа өмссөн, өмсөөгүй бүгд ганцхан зорилготойгоор цагаасаа хоцрох вий гэсэн шиг яаран алхсаар ирж харагдана. Эргэн тойронд тэдний учирласан ярианаас өөр анир үгүй. Хятадын Элчин сайдын яам руу явахдаа цар тахлын үеийн зай барих, амны хаалттай байх зэрэг хорио цээрийн дэглэмийг яг таг биелүүлэхийг шаардан, хоёр, хоёроор 15 гаруй эгнээ болж "Save the Mongolian Language in Inner Mongolia” болон "Монгол бичгийг устгахыг хориглоё, эх хэл бичгээ хайрлая” гэсэн уриаг ам амандаа уншиж явлаа. Харин номын сангийн хашааны хаалган дээр цагдаа нар тосож байв. Хэв журам сахиулах тасгийн дарга, хошууч н.Нямсайхан "Ингэх нь тухайн улсын дотоод хэрэгт шууд байдлаар оролцож байгаа явдал болно” гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсгээс шаардлага хүргүүлснийг дамжуулсан юм. Тэндээс гараад Элчин сайдын яамны зүг явсан ч цагдаагийн бүрэлдэхүүн цааш явуулсангүй. Зам хөндлөн гаргахгүй, цагийн хугацаа өнгөрсөн учир зарим иргэн бухимдалтай байсан, гэвч чангахан дуугарсныг нь баривчлахаа мэдэгдэж байв.

Венецийн гэрээнд заасны дагуу "Хятадын элчин сайдын яам руу ойртуулахгүй, 30 метрийн зайнд байх” журмыг мөрдөн МУИС-ийн хоёрдугаар байрны замын гарцан дээр эгнэн зогсож "Халуун элгэн нутаг” дууг дуулан, "Монгол хэлээ хамгаалцгаая” хэмээн хоолой мэдэн хашхирах нь дотроо нурж байгаа чимээ нүргэлээд гадагшаа тарж байна уу даа гэмээр.

Амны хаалтын цаанаас түгэх гэж тэмүүлэх үгс, яг л Өвөр Монголд тулгамдаад байгаа асуудал шиг санагдсан билээ. Өвөр Монголчууд "Гэсэр”, "Жангар”-аас эхлээд Монголын өв соёлыг аман болон бичгийн хэлээр үр хойчдоо өвлүүлсээр ирсэн. Их Жангарчид, туульчид тэндээс л төрөн гарсан байдаг. Тэгэхээр өмөөрч, өмөлзөж дуугарахгүй бол өөр хийж чадах зүйл тун ховор.

Ар Монгол ч гэсэн монгол бичигтэй явсан үе бий. Харийн үсгийг аван хэдэн оныг элээж яваа бид, ядаж л монгол бичгээр нэрээ зөв бичиж чадаж байгааг тэнд л харсан юм. Үг нь дөнгөж гараад эгшчихсэн жагсаалаас "Монгол бичиг”-ээрээ бичихийг хүсдэг, Монголоороо үлдэхийг хүсдэг, эх хэлэндээ хайртай гэдгийг ч мэдэрсэн юм. Язгуур үгүй дагавар хэзээ ч үг бүтээхгүй шиг Хятад үндэстнээс ялгаж байсан ганц зүйл нь үгүй болчихвол хэнийгээ гэж бараадах вэ?

ЭХ ХЭЛ БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ
АСУУДАЛ МӨН

Өтгөс буурлаас эхлээд өлчир бага хүүхэд ч энд ирсэн байлаа. Хүний сэтгэлийн дууг сонсоод хэний сэтгэл хөдлөхгүй, хэний сэтгэл уясахгүй байх вэ. Машинтай зорчигчид хүртэл нэгдэж байгаагаа илэрхийлэн сигнал дарж байлаа. МУИС-ийн Хэл шинжлэл, түүхийн тэнхимийн багш нар ч энэхүү тайван жагсаалын тэргүүн эгнээнд явж байсан нь ямар их учир холбогдолтой зүйл болохыг илтгэнэ.

Эгнээг тэргүүлэн явсан Дуутан Ж.Гэрэлт-Од: Хүн бүр төрөлх хэлээрээ ярьж, бичиж, сурч боловсрох эрхтэй. НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхагт байдаг зүйл. Монгол хэлээр сурахыг хориглоно гэдэг монгол үндэстний эсрэг хийж буй үйлдэл болно. Энэ шийдвэрээ л эргэн харахыг Хятадын Засгийн Газраас шаардаж байгаа биш, хүсэж байгаа юм. Энд ирсэн иргэдийн гарын үсгийг цуглуулаад Элчин сайдын яаманд нь хүргүүлнэ гэж бодож байна, сэтгэл өвдөөд, сэтгэлийн дуудлагаараа энд ирсэн. Түүнээс өөрөөр үүнийг зохион байгуулсан байгууллага гэж байхгүй.

МУИС-ийн эрдэмтэн багш Д.Мөнхтөр: Төрөлх хэлний асуудал бол тухайн хэлээр ярьдаг хүн болгоны асуудал. Цаашлаад ЮНЕСКО-гийн соёлын өвийн асуудал юм. Эх хэлээрээ ярина гэдэг төрөлх эрх. Хэл соёлыг нь хориглох нь оршихуйн дархлааг нь үгүй хийж байгаагаас ялгаагүй хэрэг. Эцэстээ авч үлддэг ганц амин сүнс бол эх хэл л байдаг, түүгээрээ нэг бүл болж оршдог хуультай. Хүүхдийг эхийнх нь сүүгээр хооллоё гээд уриалга гарсан, үүнтэй ижил эх хэл гэдэг бидний соёлын гал уураг. Чамайг бусад үндэстнээс ялгаж байгаа ганц ялгаа шүү дээ. Энэ бол хүний, цаашлаад бидэнд тулгарахыг үгүйсгэхгүй асуудал. Монголчууд түүхийн бартаа саадын нөлөөгөөр энд, тэнд тархан суурьшсан ч гэлээ нэг л хэлээр хэлэлцдэг.
Орчуулагч Ж.Нэргүй: Өвөр Монголчуудад сайндаа биш. Монгол хэлийг маань авч явдаг ганц үндэстэн болохоор нь дуу хоолойгоо нийлүүлэх гэж хүрээд ирлээ.
Ахмад настан н.Мөнхбат: Монголчууд эцсийг нь үзэх хэрэгтэй. Өвөр монголчуудыг хэл соёлын дарамтанд оруулж байгааг эсэргүүцэж, эмтэрч байгаа болохоороо энд ирсэн. Монголчууд минь дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна хэмээхдээ түүний хоолой зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэн хэсэг чимээгүй зогссон юм.
Хамгийн балчир, таван настай хүү жагсаалын голд бяцхан биедээ баймгүй чангаар "Монгол хэлээ хамгаалъя” хэмээн хашхирч байсан нь эх хэлний асуудал гэдэг хүн бүрд хамаатай гэдгийг хэн бүхэнд ойлгуулах дохио байв. Үүнийг мэдсэн, мэдэрсэн нь хэд бол гэх эргэлзээ ч төрнө.
Нэгэнт жагсаалын дуу элчингийн чихэнд хүрч чадахааргүй болсон тул МУИС-ийн нэгдүгээр байрны зүг явцгаалаа. Тэнд бүгд эсэргүүцлийн бичигт гарын үсгээ зурж, хурууны хээгээ дарсан юм. Ар Монгол ч гэсэн монгол бичигтэй явсан үе бий. Харийн үсгийг аван хэдэн оныг элээж яваа бид, ядаж л монгол бичгээр нэрээ зөв бичиж чадаж байгааг тэнд л харсан юм. Үг нь дөнгөж гараад эгшчихсэн жагсаалаас "Монгол бичиг”-ээрээ бичихийг хүсдэг, Монголоороо үлдэхийг хүсдэг, эх хэлэндээ хайртай гэдгийг ч мэдэрсэн юм. Язгуур үгүй дагавар хэзээ ч үг бүтээхгүй шиг Хятад үндэстнээс ялгаж байсан ганц зүйл нь үгүй болчихвол хэнийгээ гэж бараадах вэ?
Зорилго нэгт сэтгэлээр энд цугласан олон, өөр өөрсдийн бодлоо үүрээд буцан алхахыг харах, тэд эх хэлнийхээ хувь заяаг аль эрт шийдэж, түүнээсээ алхам бүр холдсоор одоо хэдэн бээрийн цаана байгаагаа ойлгоо болов уу. Өвөр Монголын энэллийг хуваалцан зогсоо Ар Монголд жин үдийн наран голлон байхуйд С.Дулам багшийн шүлэг эрхгүй тархинд ивэлнэ.
..Мянган настай бичиг минь үгүй бол
Мяндсан баринтагт номнуудаа яах вэ?
Мяралзан өнгөрөх олон зуунаар
Марталгүй ирсний учир юу вэ?

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх