Шинэ парламентыг иргэд өндрөөр үнэлжээ

  • 0
  • 80
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламентын үйл ажиллагаанд иргэд өндөр үнэлгээ өгчээ. Ингэснээр байгуулагдаад хоёр сарын нүүрийг үзэж буй УИХ өмнөх парламентынхаа үнэлгээний хэмжээнд хүрч чадлаа. Тодруулбал, МЭК” ХХК дээрх судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 800 иргэний дунд өнгөрсөн сарын 19-23-нд квотчилсон санамсаргүй аргачлалаар түүвэрлэж гаргасан байна. Тус байгууллагаас гаргадаг энэхүү судалгаагаар Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ 2017 оны наймдугаар сард иргэдээс хамгийн өндөр буюу 4.3, өнгөрсөн оны энэ сард 4.2 гэсэн үнэлгээ авч байсан бол шинэ парламентыг иргэд ийм хэмжээнд үнэлжээ. Тодруулбал, иргэд 2017 оны долоодугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэлх хугацаанд УИХ-ын үйл ажиллагаанд хамгийн бага нь 1.8, дээд тал нь 4.3 гэсэн үнэлгээ өгсөн байна. МЭК” ХХК энэ төрлийн судалгааг ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн гэдгийг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Шинээр байгуулагдсан парламент хоёр сарын хугацаанд хэрхэн ажилласан болоод ийм өндөр үнэлгээ авч, үнэлэмж сайтай байна вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж буй. Иймд УИХ-ын гишүүн Г.Занданшатарын удирдаж буй УИХ богино хугацаанд ямар ажлуудыг амжуулсныг товчхон эргэн сануулъя.
Энэ удаагийн парламентыг улс төрийн дөрвөн нам буюу МАН-аас 62, АН-аас 11, Та бидний эвсэл”, Зөв хүн электорат” эвсэл, бие даагчдаас тус бүр нэг хүн бүрдүүлж буй. Шинэ парламентын даргаар өнгөрсөн онд УИХ-ын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг улираан сонгосноор анхдугаар чуулганаа хуралдуулж, бүрэн эрхээ албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Ийн шинээр бүрдсэн УИХ хамгийн түрүүнд бүтэц бүрэлдэхүүнээ эмхлэн байгуулж, ард иргэдэд амласан амлалтаа биелүүлэхийн төлөө цаг алдалгүй ажилдаа орохын зэрэгцээ нийгэм, эдийн засаг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр.ээлжит бусаар хуралдаж, холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрийг хэлэлцэн баталсан нь дээрх үнэлгээнд голлон нөлөөлжээ.
 
АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ ЭХЛЭВ
 
Хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжлүүлэх, эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, өсөлтийн суурийг бүрдүүлэх, мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтаа хэрэгжүүлэх, эдийн засгаа солонгоруулахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг бодит ажил хэрэг болгож эхлүүлэх, төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад анхаарах, нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг туууштай үргэлжлүүлэх хэрэгтэйг УИХ-ын дарга анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцлон дурдсан нь олон нийтээс өндөр, эерэг үнэлгээ авсан.
Мөн ард түмний хүсэл шаардлагаар банк санхүүгийн реформыг үргэлжлүүлэх, зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд хүргэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах зэрэг шийдвэрийг УИХ-аас гаргахаа мэдэгдэж, улмаар ээлжит бус чуулганы хуралдаанаараа эхнээс нь шийдвэрлэсэнд олон нийт талархалтай хандаж байна. 
Тодруулбал, арилжааны банкны зээлийг иргэд, аж ахуйн нэгжид дарамт бус дэмжлэг болгохын тулд хүүг нь бууруулах, банкны тогтолцоог шинэчлэх зорилгоор УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох байгууллагад үүрэг даалгавар өгсөн. Ингэснээр зээлийн хүүг бууруулахад гар бие оролцох талуудын зөвшилцөл, санал дээр тулгуурлан боловсруулсан Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг ээлжит бус чуулганаараа хэлэлцэн баталж, амлалтаа биелүүлэв.
 
Харин одоо холбогдох талууд стратегиар хүлээсэн үүрэг хариуцлагаа цаг алдалгүй биелүүлж, үүнийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх л үлдэж байна. Стратегийг хэрэгжүүлснээр гурван жилийн дараа зээлийн хүү дөрвөн хувиар буурч, сарын нэг, жилийн 12 хувьд хүрэх юм. Ийн иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үзүүлж буй томоохон, бодит дэмжлэг болох суурь, эхлэлийг парламент ээлжит бус чуулганаараа тавилаа.
 
АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДСАН НЬ
 
УИХ ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан нь дэлхий нийтэд тархсан цар тахал улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж буйтай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилготой байв. Улс орныхоо эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийн даван туулах, хямралаас эдийн засаг, баялаг бүтээгчид, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрийг дэмжиж, авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогын арга хэмжээг цаашид үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа хууль тогтоомжийг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь УИХ-ын гишүүдийн үүрэг гэдгийг УИХ-ын дарга ээлжит бус чуулганы нээлтийн үгэндээ онцлон дурдсан. Тийм ч учраас УИХ ээлжит бус чуулганаараа бие даасан тав, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 23 хууль, УИХ-ын 11 тогтоолыг баталж, Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн ойрын тав хүртэлх жилийн үзэл баримтлал, бодлого, чиглэлийг тодорхойлов. Тухайлбал, Монгол Улсын 2020 оны төсөв, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулан тодотгож, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталснаараа онцлог байлаа. Төсөвт тодотгол хийхдээ тэвчиж болох зардлыг аль болох танах, үр ашиггүй зардал гаргахгүй, ирэх оны төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд сахих зарчмыг баримтлахын зэрэгцээ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн шийдвэрийг гаргаж, он дуустал хэрэгжүүлэхээр болсон нь олон нийтээс эерэг үнэлгээ аваад буй.
Тухайлбал, 0-18 насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг, халамжийн тэтгэвэр авагч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг тус бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн олгох, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлж, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн энэ онд багтаан 47 сургууль, 62 цэцэрлэг, 27 дотуур байр, дөрвөн спорт цогцолбор, 12 спорт танхим, 41 эмнэлэг, эрүүл мэндийн төвийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөн, санхүүжилтийг нь суулгав. Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” хэлэлцүүлгийг зохион байгуулж, нэгдсэн ойлголтод хүрч, цаашдаа энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж чадсан нь шинэ парламентын томоохон ажлын нэг байлаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зорилгын нэг нь Монгол Улсад гүнзгийрсэн орлогын тэгш бус байдлыг арилгах, байгалийн баялгийг замбараагүй, нэгдсэн бодлогогүй ашиглаж байгаа байдлыг зогсоох, ард түмэндээ баялгийн өгөөжийг тэгш, шударга хуваарилах, өмнөх алдааг засаж залруулахад оршиж байсан” хэмээгээд улс орныхоо эрх ашгаас урвасан, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хөндсөн ямарваа нэгэн заалтыг оруулаагүй гэдгийг мэдэгдсэн юм. Үүнийг Ашигт малтмалын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулийг батлах, өөрчлөлт оруулах байдлаар илүү тодорхой болгох аж.
 
ШИНЭ ПАРЛАМЕНТЫН ОНЦЛОГ, СОДОН ӨНГӨ ТӨРХ
 
Энэ удаагийн УИХ дахь эмэгтэй гишүүд нам харгалзахгүй нэгдэж бүлэг байгуулахын зэрэгцээ хэд хэдэн лобби бүлэг байгуулсан нь шинэ парламентын бас нэгэн онцлог хийгээд содон дүр төрх болж байна. Тодруулбал, Хүчирхийлэлтэй тэмцэх, Ардын эрүүл мэндийг дэмжих, Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих, Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх лобби бүлгийг байгуулаад байна. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг архидалттай тэмцэх, бизнес эрхлэх боломж, боловсрол, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, хүний хөгжлийн цогц бодлого, залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг нийгмийн өмнө тулгамдсан олон асуудалд анхаарал хандуулж, улмаар шийдвэрлэх, үр дүнд хүрэх зорилготой ажиллахаар нэгджээ. Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийг хуульчлах асуудалд ахиц дэвшил гарч байгаа ч бодит байдалд хэрэгжилт хангалтгүй, хүчирхийлэл нийгмийн бүх түвшинд олон хэлбэрээр үйлдэгдэж байгаа нь тул хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлд Хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлгийнхэн ажиллах бол Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлгийнхэн Кембрижийн стандарт бүхий сургуулийн тоог нэмэгдүүлэх шаардлага, түүнийг дагуулж үндэсний хөтөлбөрийн шинэчлэл хийх, үндэснийхээ боловсролын стандарт, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн.
Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийнхэн 2020-2024 оны эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй, үр өгөөжтэй болгож, эмнэлгийг бие даасан байлгах, эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн орчныг бүрдүүлэх, Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг далайцтай үргэлжлүүлэх, элэгний Д вирустэй иргэдийг эмчлэгдэх боломжоор хангахт хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэх, архидалт, мансуурлын эсрэг бодлого боловсруулж ажиллах, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөлийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын болон иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод бодитой тусгах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг чиглэлээр ажиллахаа зарласан. Харин баруун таван аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэж Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах лобби бүлгийг байгуулж, бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, орон орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлыг хийхээр төлөвлөжээ.  УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн нэгдэн байгуулсан Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх лобби бүлэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжихэд манлайлан ажиллахаар шийджээ.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгаа, экспортыг нэмэгдүүлсэн, эдийн засагт чухал ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрийг санхүүгийн боломжит бүх нөхцөлийг ашиглан нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг УИХ-ын гишүүд оруулжээ. Ингэснээр зөвхөн төсвийн хөрөнгийг харалгүйгээр бусад эх үүсвэрээс санхүүжилт босгож хөдөө аж ахуйн салбараа дэмжих боломж бүрдсэн байна.
Шинэ парламент Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ажил хэрэг болгож, бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй. Иймд намрын чуулганаараа улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын олон талыг хамарсан өргөн хүрээтэй асуудал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах” чухал ач холбогдолтой томоохон хуулиудыг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн билээ. Ийн шинэ парламентынхны үг, үйлдэл нь зөрөхгүй, үнэн, бүтээмж бодит байж чадсан учраас иргэдийн тэднийг үнэлэх үнэлэмж, үнэлгээ ч өндөр байгааг дээрх судалгаа харуулав.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх