Тахлын сүүдэртэй ЭДИЙН ЗАСАГ

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Үндэсний статистикийн хороо эхний долоон сарын статистик дүнг нийтэд танилцуулав. Гэвч гэрэл туссан гэгээтэй дүн энэ удаагийн статистикт ажиглагдсангүй. Тоо ярьж, бэлгэдэл хөөдөг зарим нөхдийн хардгаар бол дордохын долоодугаар сард эдийн засгийн голлох үзүүлэлтүүд таагүй гарлаа. Нэг ёсондоо коронад шанаадуулсан эдийн засаг хариу үйлдэл үзүүлсэн нь эдийн засаг агшиж, орлого хумигдах байлаа. Зөвхөн манайх ч биш. Дэлхий даяар статистик мэдээллүүд базаахгүй байна.

Нэн тэргүүнд бид уул уурхайн салбарын үйлдвэрлэл, орлогын хэмжээг шалгаж үзэх хэрэгтэй. Учир нь манай эдийн засаг уул уурхай дээр тогтдог болохоор тэр л дээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний долоон сард урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгөөр хэмжигджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй жишиж үзвэл 1.9 их наяд төгрөг буюу 26.4 хувиар унасан гэсэн үг. Энэ бол маш том уналт. Том уналтын том шалтгаан нь нүүрсний болон газрын тосны олборлолт байж. Нүүрс олборлолт эхний долоон сард 1.8 их наяд төгрөг, газрын тос олборлолт 444.1 тэрбум төгрөгөөр буурсан нь нийт салбарт мэдрэгдэх "шанаа” боллоо.

Нүүрсний олборлолтын 1.8 их наядыг хувьд шилжүүлбэл 56.7 хувь, газрын тосны 444.1 тэрбумыг хувьд шилжүүлбэл 74.9 хувиар унасан гэсэн үг. Бидний муугийн жишээ болгож ярьдаг 2008 оны эдийн засгийн хямралын үеэр л уул уурхайн салбар энэ мэтчилэн унаж байснаас хойш уул уурхайн салбар ингэтлээ доошоо орж байсангүй. Үйлдвэрлэл буурсантай адил борлуулалт ч дагаад буурсан.

Уул уурхай, олборлох аж үйлвэрийн салбарын борлуулалт бүхэлдээ 2.8 их наяд төгрөгөөр буурсан нь ямархан хүнд зам туулж байгааг бэлхнээ харуулна. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гадаад, дотоод нөхцөл байдал хүндэрсэн нь ийнхүү эдийн засгийн үзүүлэлтүүдэд сүүдэр тусгах хэмжээнд хүрчээ. Энэ маягаараа оны эцсийн гүйцэтгэлээр ч голыг нь нугалдаг уул уурхайн салбар алдагдалтай гарах нь. Тиймээс бодлого тогтоогчид үүнд анхаарч импорт, экспортыг нэмэгдүүлэхэд ажлын хэсэг байгуулан ажиллах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол шил, шилээ дарсан бондын өрийг дарахаас өмнө эдийн засгаа тогтоон барих тэнхэлгүй болох нь.

Аливаа улсын эдийн засаг, иргэдийн гар дээрх мөнгөний эргэлт хэрхэн байгааг дотоод худалдааны салбарын үзүүлэлтээс харж болдог. Гэтэл манайд дотоодын худалдаа ч бууралттай гарсан байна. Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний хагас жилд 11 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх онтой нь жишиж үзвэл 1.2 их наяд төгрөгөөр буурсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 9.8 хувиар унасан нь энэ. Орлогын дийлэнхийг бөөний худалдаа бүрдүүлжээ. Нийт 1.2 их наядын борлуулалтын 52.8 хувь нь бөөний худалдаа гэсэн үг. Нөгөө талаар бид жижиглэн худалдааны салбарын үзүүлэлтийг анхааралдаа авахгүй бол болохгүй. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого эхний хагас жилийн байдлаар 5.2 их наяд төгрөгт хүрчээ. Бөөний худалдааны орлого ч бас буурсан үзүүлэлттэй гарсан. Бөөний худалдааны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 5.8 их наяд төгрөгийн орлого олсон нь өмнөх жилийнхээс 396.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт хүн амын үнэмлэхүй олонх нь оршин суудаг нийслэл хотын худалдаан борлуулалт 9.3 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх онтой харьцуулахад 1.3 их наядаар буурсан гэсэн үг.

Нийтийн хоолны салбар ч хүнд нөхцөл байдалд байна. Энэ оны эхний хагас жилд нийтийн хоолны салбар 214.2 тэрбум төгрөгийн орлоготой байжээ. Өмнөх онтой харьцуулахад 12 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар унасан гэсэн үг. Тэр дундаа баарны орлого уналтын дийлэнхийг бүрдүүлж байна. Цар тахлын эрсдэлт хүчин зүйлээс сэргийлж баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг таван сар гаруй хаасан нь ийнхүү нөлөөлжээ. Баарны орлого эхний хагас жилд  5.5 тэрбум төгрөгөөр буурсан байна. Зочид буудлын салбарын орлого ч базаахгүй үр дүнтэй гарсан. Коронавируст шууд бөгөөд хамгийн түрүүнд өртсөн салбар нь зочид буудлын салбар. Зөвхөн манайд ч бус дэлхий даяар зочид буудлын салбар уналтад ороод байна. Эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын зочид буудлын салбар 70.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 45.5 тэрбум төгрөгөөр буюу 39.2 хувиар буурчээ.

Монгол Улс гадаад худалдаагаар дэлхийд бүү хэл бүс нутагтаа ч тэргүүлдэггүй. Гэвч тэргүүлж чаддаггүй чадамжгүй гадаад худалдаа коронавирусээс шалтгаалж бас л уналттай гарсан. Гадаад худалдааны нийт бараа эргэлт он гарснаас хойш эхний долоон сард 6.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт үү гэж та бодож магадгүй. Харамсалтай нь энэ нь бас л буурсан үзүүлэлт. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 1.3 тэрбум ам.доллар буюу 16.7 хувиар унасан гэсэн үг. Ялангуяа экспорт 182.8 сая ам.доллар, импорт 565.2 сая ам.доллароор буурчээ. Экспорт буурахад зэсийн баяжмалын экспорт 324.3 сая ам.доллар, нүүрсний экспорт 911 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ. Коронавируст цар тахлаас шалтгаалан хилээ хаасан, түүнчлэн тусгай журмын дагуу нүүрс тээвэрлэж байгаа нь экспорт буурахад нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 565.2 сая ам.доллароор буурчээ. Ялангуяа импортын гол бүтээгдэхүүн болох автобензиний импорт 50.8 сая ам.доллар, дизелийн түлшний импорт 164.5 сая ам.доллар буурсан байна. Монголчуудын импортоор авдаг хамгийн том бүтээгдэхүүн болох суудлын автомашины импорт 107.5 сая ам.доллароор буурчээ. Иргэдийн гар дээр бэлэн мөнгөний эргэлт туйлын хомс байгаагаас ийнхүү бараа бүтээгдэхүүн тэр дундаа автомашины худалдан авалтад нөлөөлсөн гэж шинжээчид таамаглаж байна.

Эдийн засагт коронавирус сүүдрээ тусгах нь тодорхой байсан. Тиймээс энэ удаагийн статистикт цочирдоод байх хэрэггүй. Гэхдээ статистик бол тоон мэдээ. Тоон мэдээг эерэг болгох боломж бодлого боловсруулагчдад байсан. Яахав цар тахлын үед хилээ хаах нь зөв ч тахал дуусахад амьдрал үргэлжилнэ. Бид үүнийгээ дутуу тооцчихов уу гэж харахаар байна. Үүнийг би ч биш эдийн засаг гадарладаг толгой сийрэг судлаачид анзаараад хараад байгаа юм. Яах нь тодорхойгүй хааж боосон шийдвэрүүд эргээд эдийн засгийн үзүүлэлтүүдийг доош нь чангаадаг гэдгийг би ч харлаа, та ч харлаа. Одоо харин "дарга” нар хараад бодлогодоо салхи оруулах хэрэгтэй юм шиг. Дэлхийн улс орнуудад мөчлөг дагаад хямралууд тохиолдож  байдаг. Гэлээ гэхдээ ихэнх нь богино хугацаанд үргэлжлээд, маш хурдан сэргэдэг. Жирийн үед хямрал жил гаруй дээд тал нь жил хагас үргэлжилдэг номтой. Энэ удаад хямрал арай өөр. Цар тахал дагасан хямрал учраас эдийн засгийн хямралаас тийм ч хурдан гарахгүй. Сэргэхдээ ч төдий хэмжээний урт хугацаа шаардагдана. Коронавирусний эсрэг вакциныг гаргаж авахад цаад тал нь 12-18 сарын хугацаа шаардаж байгаа. Түүнээс ч их хугацаа шаардагдаж магадгүй. Учир нь коронавирусний ген нь вакциныг хүлээж авахад түүндээ тохироод хувирах эрсдэлтэй. Бусад вирусийг бодвол сүргийн дархлаа тогтоохгүй байгаа нь вакцин бүтээгчдийн толгойны өвчин болоод буй. Ийм байхад эдийн засгийн хямралыг өргөс авч байгаа юм шиг илаар болгоно гэдэг итгэхэд бэрх. Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас энэ удаагийн эдийн засгийн хямралд хөгжил сул, бага буурай улсууд илүү өртөнө гэж таамагласан. Тийм ч учраас өндөр хөгжилтэй орнууд манлайлах замаар нэг ёсондоо олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудад хөрөнгө оруулах замаар хямралаас гарах ёстой гэдгийг сануулж буй. Тиймээс хямралаас гарах сөрөг үр дагаврыг хэрхэн бууруулах, нөхцөл байдалд хэрхэн дасан зохицох, эдийн засгийн бодлогоо хэрхэн өөрчлөх зэрэг уян хатан бодлого, төлөвлөлтийг энэ удаагийн хямрал шаардаж байгаа. Дэлхийн болоод Монголын эдийн засагчид ердөө энгийн л юм шаардаад байгаа шүү дээ. Төсвийг цаашлаад зардлыг тэлэх бодлого баримтлахаа зогсоо. Бүсээ чангал гээд байгаа. Мөн иргэдийнхээ орлогыг хамгаал гэж. Орлого хамгаалаагүй гэдгийг статистикийн дүн мэдээ харуулчихлаа. Тэгэхээр Засгийн газар тэс өөр зүг рүү зүглэж байгаа гэсэн үг. Ямартай ч цар тахал аль хэдийнээ сүүрээ тусгаад эхэлсэн. Одоо тэсэж үлдэх л бидэнд үлдлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх