Гэрлээ шилжүүлдэггүй жолоочийн сэтгэцийг шалгая

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Гэнэт ийм зар тараамаар санагдав. Утаа, нүүрс, хог, улсын төсөв, улс төржсөн жагсаал гэх мэт улиг болсон сэдвээс жаахан хазайлаа, энэ удаа. Учир нь, монгол хүний амь нас, элэг бүтэн байх, энх тунх явах нь жолооч нарын хариуцлагаас ихээхэн хамаардаг боллоо. Өөрөөр хэлбэл, монгол хүний, бидний үр хүүхдийн амь насны эрлэг нь зам тээврийн осол болчихлоо. Авто зам дээр бид жилдээ зуу зуугаараа амиа алдаж байна. Хэдэн зуун хүүхдээ үхэл рүү илгээдэг болов. Энэ бол аймшиг. Шалтгааныг нь олохгүйгээр зам тээврийн ослын тоог бууруулах ямар ч боломжгүй. Тиймээс шөнө орой машиныхаа гэрлийг шилжүүлдэггүй, хурд мэдэн давхидаг, эгнээ байраа зөв эзэлдэггүй, явган зорчигчид давуу байдал олгодоггүй жолооч нарын сэтгэцийг шалгая.

Замын хашлага, эвдрэл гэмтэл, суваг, шуудууг ч үл тоон нисэлдэх машинууд нүүрэн дээр тулж ирээд байх шиг санагдаад, чих дөжирч, зүрх цочим дуут дохиогоор ард, урдаас сигналдаад зүү орх зайгүй шахам зөрөлдөх нь аймшигтай. Гэтэл дээрх зам дээр Улаанбаатарт бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын 60 орчим хувь нь гардаг. Хамгийн аймшигтай нь Шумахер мэт сүлжилдэн давхилдах тэд хурд сааруулагч, явган хүний гарцыг харж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Ийм дүр зураг хотын төв зам дээр нэг их ажиглагдахгүй ч Сонгинохайрхан дүүргийн XXI хорооноос Баянхошуу, Зүүнсалаа явах чиглэл, хорооллоос Шархад, Улиастай, Хан-Уул дүүргээс Нисэх, Морингийн даваа гэх мэт хотын захын хороолол руу хөтлөдөг хэсгийн зам дээр элбэг тохионо.

Өчигдөрхөн өөрт минь тохиолдсон нэгэн жишээг дуулгая. "Цайз” зах орчимд зам хөндлөн гарахаар амьхандаа л намайг бараадаж хамт явж байсан арван хоёр, гуравтай л болов уу гэмээр охин гэнэт замын голд нүүрээ таглаад суучихав. 

Хоёр талаас зайгүй шунганах өнөөх машинуудаас айхдаа тохойноос нь зуураад ухасхийлээ. Юу юугүй ирээд мөргөчих шиг л боллоо. Азаар бид хоёр явган хүн гарах хэсэг дээр ийнхүү "тэврэлдсэн” байсан юм. Хурдтай, хүчтэй техник унасан жолооч залуу тулж ирээд зогсохдоо бид хоёрыг хараал, зүхэл үсчүүлэн уурлаж байна. Тухайн машин замын хол, ойр хаахна ирж байгаа нь тэр жаахан охинд бүү хэл надад харагдаагүй. Гялбасан их гэрэлнүүд л байсныг хэлье. Замын хоёр тал хөдөлгөөнтэй байх үед бол гэрэл нүд гялбуулаад машин хаана яваа нь бүүр ч мэдэгддэггүй гэдгийг төмөр хүлэгтнүүд  явган зорчигч байхдаа мэддэг байсан баймаар.
Энэ мэт балгаар Улаанбаатарын "хурдны” зам дээр бяцхан үрс минь дайруулдаг байх нь шүү дээ гэх бодол одоо ч гол зурна.

Магадгүй ийм байдлаас үүдэлтэй зам тээврийн мөргөсөн, мөргөлдсөн осол элбэг гардаг байх. Учир нь манай хэт техникжсэн жолооч нар гэрлээ шилжүүлж мэддэггүйтэй нь бүх зүйл холбоотой. Мэдээж цаг сайхан үед жолооч болсон "онц тээвэрчид”-ээс ийм үйлдэл гарахгүй л дээ. Гэхдээ л жолооч нарын гэрлээ шилжүүлдэггүй энэ байдлыг хэн хариуцдаг болох нь үл мэдэгдэх энэ "амьдрал”-ын дүрмийг гэрээр заамаар санагдав. Манай улсын хэмжээнд бүртгэлтэй 1.3 сая жолооч байгаа гэсэн дүн байна. Жилд 40-50 мянган хүн жолооны эрх өвөртөлдөг бөгөөд өнгөрсөн оны байдлаар 300 мянга гаруй жолооч жолоодох эрхээ хасуулсан гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр энэ тооноос юуг харж болох вэ.

Жолооны курсууд жолоочийг бэлтгэхдээ тун хангалтгүй төгсгөж байгаа нь эргээд авто замыг цаазын тавцан болгоод байна. Өдгөө 280 мянгаас эхэлж байгаа жолооны курсд явган зорчигчдыг хүндэтгэх жолоочийн хариуцлагын тухай хичээлийг нэг биш нэлээд хэдэн цагаар заадаг баймаар. Лекц, сонсгол хийсэн ч яадаг юм. Тэгэхгүй бол энэ мэт балгаас үүдэж дэлхий дээр авто тээврийн ослын улмаас жилд дунджаар 1.4 сая хүн амиа алддаг гэх тоо байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн нийт ослын 97.5 хувь нь жолоочийн буруугаас үүджээ.

Жолооч болохоор номын дуу сонсож байгаа хүнийхээ сэтгэцийг шалгадаг байя. Тэгэхгүй бол зам тээврийн ослоор эрдэнэт хүний амь нас сүйдсээр дуусах нь ээ. 

Ердөө ганцхан жилийн дотор 500 гаруй хүний амь нас хохирч, мянга гаруй хүн гэмтдэг гэсэн тооцоо байна. Үүний цаана сэтгэл, санаа, эрүүл мэндээрээ хохирсон хүн хэд байгааг тооцоолох аргагүй юм. Шинэ цагийн "дүрмээр” амьдардаг 40-50 мянга (түүнээс ч их байж мэднэ) жолооч, шумахерууд явган зорчигч, нэг зам дээр хөдөлгөөнд оролцож эсрэг урсгалаас ирж яваа бусад жолоочоо хүндэтгэн гэрлээ хол, ойр руу нь шилжүүлдэг байвал яасан юм бэ.

Аливаа улсын хөгжил дэд бүтцийн хөгжлөөс шууд хамаардаг. Дарханы замыг эс тооцвол орон нутаг руу хөтлөх зам харгуй бүгд шахуу засмал болчихсон. Энэ нь нэг талдаа иргэдэд таатай ч нөгөө талдаа  хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, гүйцэж түрүүлэх, шөнийн цагт гэрлээ шилжүүлэхгүй байх, хэт ядарсан үедээ болон согтуугаар жолоо барих үйлдлийг гааруулж байна.  Хэдэн жилийн өмнө  дөө, танил ах маань эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Хэнтий аймаг руу зорчиж явтал нэгэн  хар жип гэнэт урсгал сөрж гарч ирээд хүүе гэхийн завгүй мөргөчихсөн гэдэг.

Уурын мунхаг жолоочийн балмад үйлдлээс болж нэгэн гэр бүл тэгж сүйрсэн дээ. Энэ оны  долдугаар сард л гэхэд хэчнээн хүн авто ослоор амиа алдав. Ямар аймшигт осол, үхэл өдөр бүр биднийг сэрдхийлгэж байна вэ. Техник бол техник. Жолоочид алдаа гаргах эрх байхгүй. Үүнийг ойворгон сагсуу,  ухамсаргүй, дураараа хүмүүс яагаад ойлгож ухаарахгүй байна вэ. Жил ирэх бүр авто ослоор амиа алдах хүний тоо өсөх нь цөөхөн монголчуудын хувьд зүгээр л сүйрэл. Бүр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Тийм учраас төр засаг, холбогдох төрийн байгууллагууд, хууль хяналтынхан нэн шуурхай авмаар байна.

Улсын хэмжээнд 440 гаруй жолооны сургалтын байгууллага байсны 232 нь нийслэлд, орон нутагт 210 байдаг аж. Магадлан шинжилснээр өнөөдрийн байдлаар 340 орчим байгууллага үйл ажиллагаа явуулах шаардлага хангасан нь анхаарал татна. Тэгэхээр нэгдүгээрт, авто сургуулиудын чанар чансаанд анхаарах цаг хэдийн болжээ. Жолооч бэлтгэдэг гэх богино  хугацааны курс  хөдөө орон нутгийн замд жолоо хэрхэн барих талаар тусгай хөтөлбөртэй болох хэрэгтэй. Жолооны курс төгсөн гарч байгаа хүмүүст үнэмлэхийг нь өгөхөөс өмнө сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр оруулахад яагаад болохгүй гэж. Нэг л жишээ татая. Хэдэн жилийн өмнө дөө.

Нэгэн эмэгтэй такси барьтал гай болж Шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд байдаг хүн халтуур хийж яваад авсан байдаг. Улмаар өгсөн мөнгийг нь голоод үйлчлүүлсэн хүнийхээ  нүд рүү машиныхаа түлхүүрээр цохиж, үр дагаварт нь хөөрхий эмэгтэй нэг нүдээрээ хохироод үлдсэн юм. Мөн эхнэр, нөхөр хоёр такси үйлчилгээ үзүүлж яваад үйлчлүүлэгчээ хүчиндэж, дээрэмдэхийг завдаж байв. Тэгэхээр охид, эмэгтэйчүүд сэтгэцийн өөрчлөлттэй жолоочийн машинд сууснаа яахан мэдэх билээ.Түүн шиг мэдрэл сэтгэцийн хувьд хэвийн биш хүмүүс олноороо жолоо бариад явж байгааг үгүйсгэхгүй. Тийм учраас л автобусны жолооч нараас эхлээд машинтай хүн болгоныг эмчийн үзлэгт нэгдсэн журмаар оруулах ажлыг салбарын яам санаачилсан зохион байгуулах хэрэгтэй байна.

Замын хөдөлгөөнийг дүгнэх, мэдрэх чадваргүй, аливаад уужуу тайван ухаанаар хандах сэтгэлгүй, юм л бол уурлан бачимдаж, бусдад гай болж явдаг жолооч нэртэй "адгууснууд” Улаанбаатараар дүүрэн байна. Тэгэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам жолооны сургалтын төвүүдийг сайтар шалгая. Хичээлийн стандарттай болгоё. Жолооч болохоор номын дуу сонсож байгаа хүнийхээ сэтгэцийг шалгадаг байя. Тэгэхгүй бол зам тээврийн ослоор эрдэнэт хүний амь нас сүйдсээр дуусах нь ээ. 

http://www.npost.mn/a/169257
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх