ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, БНСУ-ын харилцаа Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, 2020 оныг Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарласанд баяртай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-оос баяр хүргэсэн захидлыг хүлээн авсан. Миний халуун мэндийг Үндэсний Ассамблейн даргад уламжилж, түүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хүчин төгөлдөр байгааг дамжуулж өгөхийг хүслээ. Элчин сайд Ли Ё Хун сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын төр засаг тогтвортой бодлогоор ажлаа үргэлжлүүлэх боломжтой болсонд таатай байгаагаа илэрхийлж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа цаашид стратегийн түншлэлийн харилцаанд шилжинэ хэмээн найдаж байна гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Солонгосын эксим банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүд бусад эксим банкны төслүүдтэй харьцуулахад удаашралтай байгааг хэлээд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээндээ бодит ажлуудыг хийж, удаашралтай байгаа төслийн ажлыг эрчимжүүлэхийг хүслээ.
Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун Солонгосын жуулчдын статистик тоог харвал БНХАУ, ОХУ-ын дараа Монгол руу хамгийн их зорчдог. Иймээс хоёр улсын иргэд хоорондын харилцааг улам идэвхжүүлэх, Солонгос иргэд Монголд визгүй зорчдог болох тухайд УИХ-ын даргын хувьд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.
Монголын шинэ төмөр замыг түшиглэн хоёр улсад бий болох боломжууд, сэргээгдэх эрчим хүчний салбарт Солонгосын өндөр технологийг нэвтрүүлж хөгжүүлэх, хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран шинэ боломжуудыг нээх тухайд талууд санал нэгдсэн юм. Тухайлбал Монголын органик сармис, чацаргана, чага мөөг зэрэг Солонгос иргэдийн сонирхдог, эрэлттэй бүтээгдэхүүн Монголд олон байгааг Элчин сайд яриандаа дурдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар манай улс эрүүл органик хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Иймээс энэ салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой, УИХ-аас хууль эрхзүйн таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Ли Ё Хун Монгол Улс, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх үйлсэд өндөр амжилт хүсье хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.