ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
УИХ-ын чуулган завсарласан хугацаанд Төрийн ордон нам гүмхэн байдаг. Учир нь, энэ үеэр УИХ-ын гишүүд тойрогтоо ажилладаг бол зарим нь гадаадад томилолтоор явж өнгөрүүлэх нь бий. Харин энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилээ хаасан болохоор УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан санал хүсэлтийг нь сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлж байна.
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан шинэ парламент Анхдугаар чуулганаа зургаадугаар сарын 30-ны өдөр нээж, хуулийн хугацаандаа хэлэлцэх асуудлаа бүрэн шийдвэрлэж, өнгөрсөн сарын 9-нд өндөрлүүлсэн юм. 2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авснаар Засгийн газрыг дангаараа байгуулах бололцоо бүрдэж, Анхдугаар чуулганы хугацаанд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилов. Ийнхүү Анхдугаар чуулганыг завсарлуулсан ч УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 17-нд зарлан хуралдуулах тов гаргаад байна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, төсвийн тодотгол хийхээс гадна УИХ-аас батлах хууль, тогтоомжийн үндсэн чиглэлийг батлан гаргахаар УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргасан юм. Тиймээс УИХ-ын гишүүд ирэх долоо хоногоос чуулганы танхимд цуглах учиртай. Харин Анхдугаар чуулган завсарлаж, ээлжит, бус чуулган хуралдах хүртэлх энэ хугацаанд УИХ-ын гишүүд хаагуур юу хийж яваа болон, ямар ажил амжуулсныг тоймлон хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮД ЧУУЛГАНЫ ЗАВСАРЛАГААНЫ ХУГАЦААНД ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. Мөн тэрбээр Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцаж, албаныханд үүрэгөгч ажиллав. Коронавирусийн хорио цээрээс өмнө өдөрт нүүрс тээврийн 1000-1300 машин хилээр нэвтэрдэг байсан бол одоо 500, түүнээс цөөн машин хил нэвтэрч байна. Тиймээс цар тахлын хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа, түүхий эдийн тээвэрлэлтэд тулгарч буй асуудлаар Монгол Улс, БНХАУ-тай зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохирсон. Тус журмыг хэрэгжүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Мөн хил, гаалийн албан хаагчидтай холбоотой гардаг авлига, хүнд суртлын асуудал, зөрчил маргааныг таслан зогсоож, төрийн албан хаагч бүр ёс зүйгээ дээдэлж ажиллах ёстойг сануулсан. УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулсан учир ирэх дөрвөн жилд төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагад эрс өөрчлөлт гарна гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагуудтай удаа дараагийн уулзалт хийж, Зээлийн хүүг бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол батлан гаргахаар болсон зэрэг ажлыг амжуулж яваа билээ. Харин УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүдийн хувьд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсож явна. Тухайлбал, Архангай аймгаас УИХ-д хоёр дахь удаа сонгогдсон гишүүдийн хувьд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсож явна. Тухайлбал, Архангай аймгаас УИХ-д хоёр дахь удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар тойрогтоо ажиллаж байгаа аж. Энэ үеэрээ тэд Хавдрын аюулгүй Архангай” төслийг эхлүүлэх урьдчилсан хэлэлцүүлэгт оролцжээ. Дээрх төслийг хэрэгжүүлэх үүднээс ХСҮТ-тэй хамтран эмч, мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулахаас гадна стандартын дагуу тоноглосон хавдрын оношилгооны явуулын амбулаторийг шийдвэрлэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ үеэр хэлсэн байна. Түүнчлэн аймаг, орон нутгийн удирдлагууд Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ хөтөлбөрийг тусгаж, 2021 оны төсөвт тодорхой хөрөнгийг тусгаж ажиллах талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг чиглэл болгожээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын хамт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиллаж, Хавдрын аюулгүй Архангай” төслийн хэлэлцүүлэгт оролцсон байна. Архангай аймагт Хавдрын эдтилрүүлэг, оношилгоо, судалгааны төв-ийн барилгын ажлыг энэ долоо хоногт эхлүүлж, ирэх сард ашиглалтад хүлээлгэн өгөх ажээ.
ШИНЭ ГИШҮҮД ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА
Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар МАН 62 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэдгээрийн 32 нь УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн байгаа юм. Шинэ гишүүдийн хувьд чуулганы завсарлагааны энэ хугацаанд мөн тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзаж, санал хүсэлтийг сонсож байна. Тухайлбал, Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн тойрогтоо ажиллах үеэрээ Баян-Уул сумын удирдлагатай уулзаж, 2012-2016 оны хооронд тус суманд эхлүүлээд орхисон, тодорхойгүй шалтгаанаар зогссон ажлуудтай танилцжээ. Энэ үеэрээ цаашид сум хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг судалж ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Баян-Уул суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилга шинээр барьж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлж ажиллахаа УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн илэрхийлжээ.
ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАВ
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр энэ парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Үүний 11 нь МАН-аас, хоёр нь АН-аас сонгогдсон юм. Үе үеийн парламентын эмэгтэй гишүүдийн хувьд нийгэм, гэр бүл, хүчирхийллийн асуудалд нэлээд анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Үүний үргэлжлэл болж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан чуулганы завсарлагааны хугацаанд Хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг байгуулжээ. Тус лобби бүлэг нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэгч тапбаруудад тулгамдаж буй асуудлыг судлан бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг өргөн хүрээнд ажиллах юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ удаагийн парламентад Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа билээ. Энэ утгаараа тэрбээр чуулганы завсарлааны хугацаанд нийгмийн хамгааллын чиглэлээр тодорхой уулзалтуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын удирдах ажилтнуудтай хийх уулзалтыг зохион байгуулж, МСҮТ-ийн төгсөгчдийн чадвар, багш боловсон хүчний чадавх хөдөлмөрийн зах зээлийг Монгол Улсын хөгжлийн бодлого, Үйлдвэржилтийн бодлоготой уяж, МСҮТ-ийн бодлого, үйл ажиллагааг хөгжүүлнэ гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцолсон.
УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байрыг бий болгохоор тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн боловсролын салбарт хууль эрхзүйн асуудлыг тодорхой болгох нь Нийгмийн бодлогын байнгын хорооны нэн түрүүний ажил болно гэдгийг тодорхойлсон юм. Ийнхүү парламентын гишүүд тойрогтоо ажиллахаас гадна УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн хуралдаан, бусад үйл ажиллагаанд оролцож явна. УИХ-ын намрын ээлжит чуулганыг аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Тиймээс тэд намрын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэх асуудлуудад иргэд, сонгогчдын санал бодлыг тусгах, өөрсдийн эрхэлсэн ажлын хүрээнд тулгамдсан зүйлийг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.
М.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин