ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг огцрохыг шаардсан 30 мянган хүн жагсчээ

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


ОХУ-ын Алс Дорнодын хязгаар нутгийн Хабаровск хотноо сүүлийн гурав хоногт 30 мянга орчим хүн эсэргүүцлийн жагсаал хийж, Ерөнхийлөгч Владимир Путиныг огцрохыг шаарджээ. Хабаровскийн хязгаарын захирагч Сергей Фургалыг баривчилсныг эсэргүүцэн жагсагчид түүнийг нэн даруй суллахыг шаардахын сацуу Владимир Путиныг огцрохыг шаардсан аж. Ойролцоогоор 30 мянган хүн оролцсон уг жагсаал нь Хабаровск хотод болсон хамгийн том жагсаал болжээ. Хэдийгээр тус хотод коронавирусийн халдвараас сэргийлэн олон хүн нэг дор цуглахыг хориглосон боловч уурссан оршин суугчид жагсаалаа үргэлжлүүлжээ. Харин Хабаровск хотын албаныхан жагсагчдыг хууль зөрчихгүй байхыг сануулсан байна.

Сергей Фургалыг өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын аюулаас хамгаалахын зэвсэглэсэн тусгай ажилчид гав зүүн баривчлан авч явжээ. Түүнийг тухайн өдөртөө Москва хот руу мөрдөн шалгаж, байцаалт авахаар авч явсан байна. Сергей Фургалыг 15 жилийн өмнө хоёр хүнийг хөнөөсөн захиалгат аллагыг зохион байгуулсан хэрэгт буруутгажээ. Харин ажиглагчдын зүгээс Сергей Фургалыг баривчилсан нь Ерөнхийлөгч Владимир Путины төр барих хугацаагаа сунгасантай холбоотой гэж үзэж байна. Учир нь Хабаровск мужид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх санал асуулгын ирц хамгийн муу байсан аж. Үүний зэрэгцээ Сергей Фургал нь өнгөрсөн 2018 оны орон нутгийн сонгуульд Кремлийн дэмжлэгтэй нэр дэвшигчийг ялж, мужийн захирагч болсон аж.

600 мянган хүн амтай Хабаровск хот нь Хятадтай хиллэдэг ба Москва хотоос долоон цагийн бүсийн зайтай оршдог.

Эх сурвалж: news.mn


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх