Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадам, цэнгэл эхлэхэд ердөө 9 хоног үлдлээ. Хэдийгээр дэлхий дахинаа коронавирусийн аюул нөмрөөд буй ч халдварыг дотооддоо алдаагүй учраас баяр наадмаа хийх шийдвэрийг төр засгаас гаргаад байна.
Энэ цаг үед өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын шээснээс допинг илэрсэн гэх асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа нь наадамчин олны дунд хамгийн муу мэдээ. Э.Оюунболдын гомдлоор бүтэн жилжингээ дуншсан” шүүх хурал эргэж буцаж, түүний элдэв шалтгаас болж хэдэнтээ хойшилсны эцэст өнгөрсөн зургадугаар сарын 17-нд шийдвэрээ гаргасан.
Ингэхдээ удаа дараа хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хурлыг хойшлуулсан Э.Оюунболдын өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргасан гомдлоо түдгэлзүүлэх хүсэлтийг нь ч үл харгалзан, түүний цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэр гаргасан билээ. Ингэснээр Э.Оюунболдын цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох тухай эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж шийдэх л үлдсэн билээ. Гэхдээ Э.Оюунболд давж заалдаагүй тохиолдолд.
Гэтэл анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн улсын аварга Э.Оюунболд шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоног нь дуусахтай зэрэгцэн өнгөрсөн сарын 30-ны орой Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Ингэхээр Ерөнхийлөгч зарлиг гаргах асуудал дахиад хойшлогдож байна гэсэн үг. Учир нь өнгөрсөн наадмын дараахан энэ асуудалд Ерөнхийлөгчийн тамгын газраас тайлбар хийхдээ Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргана” гэж байсан юм.
Э.Оюунболдыг наадамд барилдуулахгүй гэдгээ Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс мэдэгдчихсэн. Харин Михайлд нэг бодол бий гэдэг шиг Э.Оюунболд ямар бодол тээж ийн яваад буй юм бол.
Ухаж бодвоос түүнд одоо цол чимгээ алдахгүй байх ганцхан л зорилго байгаа. Хэрвээ шүүхэд давж заалдахгүй энэ хэргийг ингээд орхивол Ерөнхийлөгч хэлсэн амандаа хүрч, наадмаас өмнө түүнийг цолыг хурааж, барилдах эрхийг хасаж, бусад бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгох захирамжаа эрх биш гаргах байсан биз.
Харин одоо байдал өөрөөр эргэлээ. Тодруулбал, шүүхийн маргаан Дээд шүүхээр эцэслэгдтэл Э.Оюунболд аварга цолтойгоо байна. Түүний допингийн асуудлаас болж хохирсон байж болох улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Улсын начин Б.Цэрэнсодном, аймгийн арслан Н.Мустафа нар цол, чимэг ахих боломжгүй энэ наадамтай золгох боллоо.