МАН-ын долоодугаар Бага хурал хурал өндөрлөлөө. Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлжээ. Бага хурал нь 369 гишүүнтэй. Үүнээс 189 нь хуралдаа биечлэн оролцож, 97 нь хөдөө орон нутгаас цахмаар оролцож 87.5 хувийн ирцтэйгээр хуралдсан юм. Бага хурлыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдан явууллаа.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монголын ард түмэн 2020 оны парламентын сонгуулиар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Энэ хүндтэй сонголтыг МАН-ын Бага хурал баталгаажуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг хэлэлцэн баталлаа.
МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага бий. Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүнтэй, өндөр зарчимтай, шударга ажилладаг болохын төлөө бид эхлүүлсэн ажлаа дуусгана. Тийм учраас би намын ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана.
Одоохондоо сайд нарын асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна. Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-аар оруулж, батална.
Түүний дараа Ерөнхий сайд Засгийн газартаа тодорхой хэмжээний бүтцийн өөрлөлт хийнэ. Тэр нь Үндсэн хуультай холбоотой асуудал байгаа. Үндсэн хуулиар эдийн засгийн асуудлыг чухалчилж үзэх нөхцөл бий болсон. Хоёрдугаарт, МАН мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулна гэж онцгойлон тусгасан. Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн тусдаа яам байх уу эсвэл зарим сайдын эрхлэх асуудлын хүрээнд авч явах уу гэдгээ одоо ярьж байна.
Нэг талдаа эдийн засгийн хөгжлийн яам гэж тусдаа яам байх ёстой гэж эдийн засагчид үздэг. Нөгөө талдаа Сангийн яамнаас салсан тохиолдолд яах вэ гэдэг олон зүйлээс хамаарч тусдаа яам байх нь зөв үү буруу юу гэдгийг бид хэлэлцэж байна. Шинээр Засгийн газар байгуулагдаж байгаа учраас төсөвт тодорхой зохицуулалт хийгдэнэ” гэдэг мэдээлэл өглөө.
Түүнчлэн ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудалд холбогдсон гишүүдийг сайдаар томилох эсэх асуудалд Намын удирдлагын зүгээс ждү-д холбогдсон гишүүдэд нэр дэвших эрх олгоогүй. Хоёрдугаарт, энэ асуудалд холбогдсон гишүүд өөрсдөө ч нэр дэвшихээс татгалзсан. Нөгөө талдаа тухайн хүмүүсийн буруу гэдгийг хуулийн байгууллагаас тогтоогдоогүй.
Ёс зүйн хариуцлагаа хүлээн хойшоо суусан хүмүүсийг бид насан туршид нь шийтгэнэ гэж байхгүй. Тодорхой хэмжээний улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа. Магадгүй тодорхой түвшинд намын томилолт авч ажиллахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар тэр, энийг сайд болгоно гэж албан ёсоор яригдаагүй учраас хэлэхэд эрт байна” гэсэн хариулт өглөө.
Мэдээллийн төгсгөлд тэрбээр МАН-ын нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатын хувьд асуудал нь шүүхийн шатанд байгаа. Энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллана гэлээ.