Хойд Солонгос Өмнөдийг сүрдүүлж, АНУ БНАСАУ-ын эсрэг хоригоо сунгав

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Өмнөд Солонгосын зүгээс хил давуулан суртал ухуулгын хуудас хөөргөсөн нь Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа дахин хурцдах шалтаг болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хойд Солонгосын дүрвэгчид хилийн цаанаас агаарын бөмбөлөг ашиглан дэглэмийн эсрэг суртал ухуулга явуулах ажиллагаа олон жилийн өмнөөс хийгдэж байсан бөгөөд энэ удаад дахин сэргэсэн нь дайсагнал гэж Хойд Солонгосын эрх баригчид үзэн, улмаар Өмнөдтэй харилцах холбоо харилцаагаа тасалсны дээр хөршдөө хатуухан хариу барина гэж удаа дараа мэдэгдэж байв. 

Энэ удаад төсөөлөхөд ч бэрх байдлаар цэргийн цохилт өгнө гэж сүрдүүлсэн тухай Ёнхап агентлаг БНАСАУ-ын төрийн хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна.

Энэ бол зөвхөн эхлэл. Манай цэргүүдийн тэвчээр алдарсан, тэд цэргийн ажиллагааны нарийвчилсан, нухацтай төлөвлөгөө боловсруулж байгаа хэмээн БНАСАУ-ын албан ёсны хэвлэл болох Нодон Синмун мэдээлснийг Ёнхап дамжууллаа.

Өмнө нь Хойд Солонгосын зүгээс цэргийн өдөөн хатгалга ирвэл хатуу хариу барина гэж Өмнөд Солонгосын тал ч мэдэгдэж байв. Тодруулбал БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны дарга Чон Дон Чин мэдэгдэл хийхдээ Хойд Солонгос цэргийн ажиллагаа эхлүүлвэл асар өндөр төлөөс төлнө хэмээн онцолж байсан юм.

Хоёр орны харилцаа хурцдаж эхэлсэн үеэр буюу зургадугаар сарын 16-ны өглөө хилийн орчимд байх Солонгос хоорондын холбооны зангилааг Хойд Солонгосын тал дэлбэлсэн талаарх мэдээ гарч байлаа. Хойд Солонгос цэрэггүй бүсэд цэрэг оруулахаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл гарсны дараахан дээрх объектыг дэлбэлсэн юм.  Энэ үйлдлийг БНАСАУ урьдчилан төлөвлөж, нийтэд ил тод харуулахаар бэлтгэсэн нь ойлгомжтой гэж шинжээчид мэдэгдэж байв. Учир нь БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ё Жон Өмнөд Солонгостой харилцах зангилааг ямар ч ашиг тусгүй хэмээн хэдэн өдрийн өмнө мэдэгдэж байсан юм. 

АНУ Хойд Солонгосын эсрэг хоригоо сунгав 

АНУ Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ сунгажээ. ВВС агентлагийн мэдээлснээр, зохих тушаалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан байна. 

Солонгосын хойгт зэвсэглэлд ашиглах бодисууд байсаар байгаагийн дээр тархах аюултай байгаа, түүнчлэн Хойд Солонгосын эрх баригчдын үйлдэл болон бодлого урьдын адилаар АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт ноцтой аюул занал учруулж байна. Ийм шалтгаанаар Хойд Солонгосын тал дээрх үндэсний онц байдлын горимыг жилээр сунгаж байна хэмээн Трампын тушаалд өгүүлсэн байна. 

АНУ БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ хэдэнтээ сунгаж байлаа. Эдгээр хоригууд нь эдийн засгийн хязгаарлалтууд болон тус улсын данс, шилжүүлгийг царцаах зэрэг арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд тусгасан байдаг. Хамгийн сүүлд эдгээр хоригийг энэ оны зургадугаар сарын 26 хүртэл сунгаж байжээ. 

Эргэн сануулахад, АНУ, БНАСАУ-ын хоорондын Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээ 2018 онд эхэлж байлаа. Тухайн үед Трамп болон Ким нарын анхны дээд хэмжээний уулзалт Сингапурт болж байсан юм. Энэ уулзалтаар Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох талаар төрийн тэргүүнүүд тохиролцож, үүний хариуд Вашингтон аюулгүй байдлыг хангаж, хориг арга хэмжээг цуцална хэмээн амлаж байв. Гэсэн ч 2019 оны зургадугаар сард АНУ дахин хоригоо сунгаж, мөн оны наймдугаар сард БНАСАУ-ын хоёр албан тушаалтан болон гурван компанийг хоригт багтааж, хоригийг өргөжүүлж байлаа. 

 

Г.Бямбасүрэн


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх