Дрезден хотын шүүх хар тамхи зөөсөн хэргээр Б.Баттүшиг, Э.Сосорбарам нарт тус бүр 11 жилийн хорих ял оноосон билээ. Шүүх хурал энэ сарын 11-нд болсон байна. Германы Дрезден хотын цагдаа нар 2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсын консул Б.Баттүшиг болон түүний туслах Э.Сосорбарам нарын зорчиж явсан дипломат бензийг зогсоон шалгасан.
Нэгжлэгийн явцад цагдаа нар машинаас чамбайлан тус бүрд нь 500 граммаар савласан 140 савлагаа бүхий 70 кг геройноор дүүрэн хоёр чемодан олж шуугиан тарьсан юм. Тэр нь гудамжны үнэлгээгээр тооцвол ойролцоогоор 3 сая гаруй еврогийн үнэд хүрэх аж.
Тэд Истанбулаар дамжин Германд ирсэн байдаг. Мөн 2019 оны арваннэгдүгээр сард мөрдөн байцаах ажиллагаа эхлэх үед Б.Баттүшиг өөрсдийгөө тагнуулын нууц ажиллагаа гүйцэтгэж байсан хэмээн давж заалдах хүсэлт гаргасан ч, амжилтгүй болж, Монгол Улсын Засгийн газар ч, Германы Гадаад хэргийн яам ч нууц ажиллагаа явуулж байсан гэх нотолгоо олоогүй байна.