COVID-19: АНУ шинэ эм туршиж, Африкт өвчлөл нэмэгдэж байна

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл гаргадаг Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр АНУ-д халдвар авсан хүний тоо хоёр саяыг хэдийнэ давжээ. Хойд хөршид COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 500 мянга давснаар АНУ, Бразилийн араас дэлхийд гуравдугаарт бичигдэж байна. Гэхдээ энэ улсад нас баралт харьцангуй бага байгаа талаар ДЭМБ мэдээлжээ. Халдварын тоогоор хамгийн их байгаа АНУ шинэ эм туршсан зэрэг цар тахлын нөхцөл байдалтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг багцлан хүргэж байна. 

АНУ коронавирусийг эмчлэх эм туршиж эхлэв

Америкийн Regeneron Pharmaceuticals компани COVID-19 вирусийг эмчлэх эсрэг биетийн туршилтын коктейл-ийг хүмүүс дээр турших ажлаа эхлүүлжээ. 

Биотехнологийн компанийн эрдэм шинжилгээний ажилтан Жорж Янкопулосын баталж байгаагаар туршилт багахан хугацаанд явагдаж, олон мянган хүнийг хамруулах боломжтой гэнэ. 

Бүх зүйл амжилттай болволл хоёр долоо хоногийн дараа гэхэд бид хоёр дахь шатандаа орно. Сарын дотор эсвэл ойролцоо хугацаанд бид шинэ эм үр дүнтэй байгаа эсэхийг нарийвчлан мэдэх боломжтой. Зуны сүүл гэхэд энэ эмийг өргөнөөр ашиглахад шаардлагатай мэдээллийг хангалттай олжл авна хэмээн тэрбээр Reuters агентлагийн сэтгүүлчид ярьсан байна. 

Энэ компанийн эрдэмтэд REGN-COV2 эсрэг биетүүдийг плацебо эмчилгээний хамтаар эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүд болон шинж тэмдэг илрээгүй ч халдвар авсан хүмүүс дээр туршин, үр дүнг нь харьцуулж байгаа аж.

Олон нийтийн эсэргүүцэл ба халдварын шинэ тархалт

Тавдугаар сарын 25-нд Америкийн Миннеаполис хотноо өнгөт арьстан Жорж Флойд цагдаагийнхны гарт амиа алдсанаас үүдэлтэй олныг хамарсан эсэргүүцлийн давалгаа АНУ-ыг бүхэлд нь бүрхсэн. Харин ийнхүү олноор цуглан жагсаж, тэмцэж нэг дор бөөгнөрч байгаа нь COVID-19 вирусийн тархалт нэмэгдэхэд нөлөөлөн гэж Америкийн эрх баригчид анхааруулж байлаа.

Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлтэд заасан Америкийн иргэн бүрийн эрхийг бид хүндэлж байгаа. Гэхдээ энэ эрхийг эдлэхдээ болгоомжтой байхыг уриалж байнахэмээн дэд ерөнхийлөгч Майк Пенс мужуудын захирагчидтай утсаар хурал хийх үеэрээ мэдэгдэж байлаа.

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр сүүлийн долоо хоногуудад томоохон хотуудын ихэнхэд коронавирусийн халдварын шинэ тохиолдлууд буурах хандлага ажиглагдсан ч энэ нь эсэргүүцэгчид амны хаалт зүүсэнтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. 

Өнгөт арьстны үхлээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал Америкаас хальж, Европын орнуудад ч гарсан. Тухайлбал Австралийн Мельбурн хотод олон мянган хүн оролцсон жагсаал болсон бөгөөд энэ жагсаалд оролцсон нэг хүн маргааш нь л халдвар авсан нь тогтоогджээ. Тэрбээр жагсаалд оролцохдоо амны хаалт зүүсэн байсан гэж өгүүлсэн байна. 

Мөн Британид эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд хүмүүс хоорондын зай барих журам зөрчигдөж байгаа тул энэ төрлийн жагсаалууд нь хууль бус гэж Их Британийн Ерөнхий сайдын төлөөлөгч мэдэгджээ. 

Тиймээс Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хүмүүс хоорондоо зай барьж чадахгүй бол эсэргүүцлийн арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалсан байна. Гэхдээ жагсаалын үеэр зай барих журмыг зөрчлөө гэхэд ямар нэг шийтгэл ноогдуулахгүй гэнэ. 

АНУ дахь ажилгүйдэл 

АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт 1,5 сая гаруй иргэн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ өгчээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 1,8 саяар бага гэнэ.

Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш 40 сая гаруй америк хүн ажлын байраа алджээ. Тавдугаар сард нөхцөл байдал сайжирч, зарим бүс нутгуудад хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж эхэлсэнтэй холбоотойгоор компаниуд дахин хүмүүсийг ажилд авах болсон аж. .

Хятад хилийн чанадыг зорих ажилтнуудад туршилтын вакцин хийж байна 

Коронавирусийн батлагдаагүй вакцинуудыг  үр дүнг нь шалгах зорилгоор Хятадын төрийн байгууллагуудын ажилтнуудад хийж байгаа талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. 

Хятадын төрийн хэвлэл болох Global Times-ын мэдээлснээр албан ажлаар хилийн чанадыг зорьж буй ажилтнууд Sinopharm улсын эмийн үйлдвэрийн боловсруулан гаргасан хоёр төрлийн вакцинаас аль нэгийг нь сонгон хийлгүүлж болох гэнэ. 

Ийнхүү Хятадад туршилтын вакцинуудыг хүмүүст хийж байгаа бөгөөд дэлхий дээр одоогоор албан ёсоор батлагдсан, коронавирусийн вакцин байхгүй. Харин олон оронд вакцин боловсруулан, туршилтын янз бүрийн шатан дээрээ яваа юм. 

Египет хаалгаа нээнэ 

 

Долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн Египет улс олон улсын нислэг хүлээн авч, гадаадын жуулчдыг коронавирусийн халдвар багатай бүс нутгуудад аялж, амрахыг зөвшөөрөхөөр болжээ.

Эхний ээлжинд Улаан тэнгисийн амралтын газрууд, тэр дундаа Өмнөд Синай, газрын дундад тэнгисийн наран шарлагын газрууд нээгдэх аж. Эргэн сануулахад, коронавирусийн цар тахал дэгдсэний дараа халдварын тархалтыг бууруулах үүднээс Египет гуравдугаар сард бүхий л нисэх буудлуудаа хааж байсан юм.

Африкт халдвар нэмэгдэж байна 

Саяхныг хүртэл коронавирусийн халдварын тоо харьцангуй багатайд тооцогдож баөйсан Африкт цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгаа талаар ДЭМБ мэдээллээ. Африк тив дэх өвчлөлийн ихэнх тохиолдол нь нийслэлүүдэд бүртгэгдсэн бөгөөд аажмаар бусад хотуудад ч тархаж байгаа гэнэ.

Африк тивийг хариуцсан ДЭМБ-ын тэргүүн Матшидисо Моетигийн мэдэгдсэнээр Африк тивийн 10 оронд халдвар гарснаас Өмнөд Африк хамгийн хүнд нөхцөлд байгаа аж. Нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед тоног төхөөрөмж нийлүүлэх тэр дундаа коронавирусийн тестийг Афркийн орнууд руу хүргэхэд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байгааг ДЭМБ онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх