Улсын хэмжээнд өнгөрсөн онд 87 мянган иргэн ажил хайж, харьяа хөдөлмөр эрхлэлтийн байгууллагадаа бүртгүүлжээ. Тэгвэл энэ үед намууд мөрийн хөтөлбөртөө ажлын байрыг нэмэгдүүлэх ямар зорилтууд тусгав?
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр ажилгүй иргэдийн 57.4 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Хөдөлмөрийн хамгийн бүтээмж өндөр насныхан олноороо ажилгүй байгаа нь энэ бүлгийнхэнд төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
МАН энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Орлоготой иргэн” гэсэн тусгайлан бүлэг оруулж, иргэдээ хэрхэн ажилтай, орлоготой байлгах цогц зорилт дэвшүүлжээ. МАН ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөсөн байна. Тухайлбал, Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчдээр гүйцэтгүүлэхээр тусгаснаараа бусад нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс ялгарч байна. Мөн орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулах зорилт дэвшүүлжээ.
Шинээр ажлын байр бий болгохооос гадна жижиг, дунд болон өрхийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд анхаарч, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Зээлийн сангийн судалгаанаар өнгөрсөн онд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20 сая төгрөгийн дотор зээл авсан байгаа нь жижиг бизнесийн зээл хэр их эрэлттэй байгааг харуулж байна. Иймд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийх зорилт тавьсан.
УИХ-аас өнгөрсөн онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг баталж, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ажилтны тоо болон борлуулалтын орлогоос нь хамаарч, 300 саяас 2.5 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа. Мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь тав хүртэл хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас, тус сангийн тухайн жилийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгохоор тусгасан юм. Энэхүү бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлэх амлалтыг МАН мөрийн хөтөлбөртөө онцлон тусгажээ.
Ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараагийн нэг онцлох заалт нь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого. Судалгаагаар залуучуудын 92 хувь нь өөрийн гэсэн бизнестэй болох хүсэл сонирхолтойгоо илэрхийлжээ. Тиймээс гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхээс гадна бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө оруулжээ.
Эдгээрээс гадна хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлэх, иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг иргэдийг ажил орлоготой байлгахад чиглэсэн олон чухал зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө онцлон тусгаад байна.
Монгол ардын намын төв штаб