УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авч байгаа билээ. Тэгвэл МАХН тэргүүтэй Та бидний эвсэл-ийн нэр дэвшигчид дөнгөж сая үнэмлэхээ гардаж авлаа. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр байр сууриа илэрхийлэв. Тэрбээр Манай эвсэлийн 76 нэр дэвшигчээс 74-ийг нь бүртгэж, хоёрыг нь хууль бусаар хасчихаад байгаа. Энэ хууль бус үйл ажиллагааг бид дэмжихгүй. Тиймээс шүүхэд хандсан байгаа. Нөгөөдөр буюу зургадугаар сарын 4-ний өдөр шүүх хурал болно. Шүүхэд бид СЕХ-ны хууль бус үйлдлийг тайлбарлаж, сонгох, сонгогдох эрхээ сэргээх идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Бид ард түмэнтэйгээ хамтраад Та бидний эвсэл-ийг байгуулсан.
Та бидний эвсэл Монголын гурван баялаг гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Нэгдүгээрт, Монголын хамгийн гол суурь баялаг бол монгол хүн гэж бид үздэг. Хоёрдугаарт, манай нийгмийн тулгуур нэгж нь гэр бүл. Энэ хоёртоо түшиг, тулгуур болж төр засаг ажиллах ёстой учраас түшиг баялаг гэж үзэж байгаа юм. Та бүхэн анзаарсан байх, зарим нам зөвхөн хүн ярьж байгаа. Зарим нь зөвхөн өрх ярьж байна. Зарим нам албан тушаал, төр засгаа ярьж байгаа. Аль нэг асуудлыг нь шийднэ гэж тус тусдаа зүтгэж байна. Харамсалтай нь энэ гурвыг цогцоор нь шийдэхгүй бол болохгүй.
Бид энэ гурван баялагтай холбоотой цогц бодлогоо гаргачихсан. Багаа гаргасан. Хамгийн гол нь бид Та бидний эвсэл-ийг ард түмэнтэйгээ хамт байгуулсан. Ард түмэнтэйгээ итгэлцлийн гэрээ байгуулна гэж бодож байна. Хэрвээ бид зорилгоосоо өчүүхэн төдий хазайвал хатуу хариуцлага тооцоорой гэж амалж байгаа. МАН, АН-ын аль нь ч ингэж амлаагүй. МАНАН арилах болтугай.
Насны зам компанийн захирал, Дорнод аймагт нэр дэвшигч Энхжаргалыг нэр дэвших эрхийг нь хассан. Шүүхэд хандсан. Одоо шүүх шударга ажиллаж байна уу гэдгийг харъя. Дээд шүүхийн шийдвэрээр би ямар ч албан тушаалын хэрэггүй хүн. Дээд шүүх тэгж тогтоосон. Дээд шүүхийн шийдвэрийг бүх шүүх, хуулийн этгээд дагаж мөрдөх ёстой. СЕХ-ныхон МАНАН-д үйлчилдэг болсон гэдгээ харууллаа. Энэ байгууллага МАНАН-гийн даалгавараар дахиад намайг нэр дэвшүүлсэнгүй. МАНАН чадвал намайг алчих юмсан гэж бодож байгаа, чадахгүй л дээ хэмээлээ.