Монголбанкнаас өчигдөр дөрөвдүгээр сарын статистик тойм мэдээллийг танилцуулах үеэрээ ипотекийн зээлийг 710 иргэнд олгосон талаар танилцуулав.
Дөрөвдүгээр сард олгосон ипотекийн зээлийн дүн нь нийт 54.8 тэрбум төгрөг байгаагаас
- 37.1 хувь нь хөтөлбөрийн
- 62.9 хувь нь банкууд өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байна.
Тухайн сард шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү нь өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар, өмнөх сараас 0.6 нэгж хувиар өссөнөөр 12.1 хувьд хүрсэн байна.
Түүнчлэн ипотекийн зээлийн үлдэгдлийн 94.2 хувь нь хэвийн, 3.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 2.1 хувь нь чанаргүй зээл байгаа аж.
Улсын хэмжээнд 72 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан байдгаас 53 мянга нь зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргасан. Иймд цар тахлын үед манай улсад учирч болох нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор ипотекийн зээлийн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гаргажээ.